О.Магнай Лифтнүүдэд пайз хадна

Монгол Улсын хэмжээнд 1950 лифт байдгаас 700 лифтний ашиглалтын хугацаа дууссан байна. 2006-2010 оны хооронд ашиглалтын хугацаа дууссан 140 лифтийг 4,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар засч шинэчилжээ. Нийтийн орон сууцанд байгаа лифтнүүд хэзээ үйлдвэрсэн, хэзээ хугацаа нь дуусах, хэдэн хүн даах чадвартай зэргийг заасан пайзыг хадахаар болжээ. Пайз хадах бэлтгэл ажил аль хэдийнээ хийгдээд эхэлсэн байна. ШӨХТГ-ын дарга О.Магнай “Намайг энэ албан тушаалд ирснээс хойш маш олон санал, гомдол ирсэн. Үүний ихэнх нь лифттэй холбоотой гомдол санал. Тиймээс бид лифтнүүдийг пайзтай болгох гэж байгаа. Үүнийг нийслэлийн Засаг даргын тамгийн газраас ч дэмжиж байгаа. Ажил хэрэг болгох бүрэн боломжтой” хэмээсэн байна. Мөн СӨХ-ны үйл ажиллагаатай холбоотой олон санал гомдол гардаг нь бичигдээгүй хууль гэлтэй. Оршин суугчдаас сар бүр шахуу мөнгө татдаг хэрнээ хийж байгаа ажилгүй, томоохон ажил хийхэд айл бүрээс 100-200 гаруй мянган төгрөг татдаг гэсэн олон дутагдалтай. Харин үүнийг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас шалгаж, үйл ажиллагаанд нь хяналт тавих ажээ. “Гэхдээ бид зөвхөн ямар ажил хийж байна. Татсан мөнгийг юунд зарцуулж байна гэдгийг л шалгана. Түүнээс биш дотоод үйл ажиллагаанд нь оролцох эрх угаасаа байхгүй. Ямар ч байсан байгаа хүч бололцоогоо ашиглан байцаагч нараараа шалгуулахаар болсон” гэж ШӨХТГ-ын дарга О.Магнай ярьж байв. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд ашиглалтад ороод удаж байгаа нийтийн орон сууцны барилгуудын залгаасыг битүүлэх ажилд айл бүрээс 110 мянган төгрөг татжээ. Энэ бол зөвхөн Сүхбаатар дүүргийн гуравдугаар хорооны 18 дугаар байрны СӨХ-ийн хийсэн үйлдэл. ШӨХТГ-аас СӨХ-ны дээд зөвлөлтэй уулзсан бөгөөд өнгөрсөн хугацаанд хийсэн бүх үйл ажиллагааных нь тухай тайланг сонсчээ.

Ч. Батцэцэг

www.unen.mn


URL:

Сэтгэгдэл бичих