Өвөрхангайн сонгогчдын төлөөлөл нийслэлд ирж тэмцэл хийнэ
Монгол Ардын Намын дарга Ө.Энхтүвшин, УИХ-ын гишүүн Н.Энхболд, Нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, Э.Мөнх-Очир, Монгол Ардын Намаас Өвөрхангай аймагт нэр дэвшсэн С.Чинзориг нар СЕХ-ноос өчигдөр гаргасан шийдвэртэй холбогдуулан мэдээлэл хийлээ. Энэ үеэр Монгол Ардын Намын дарга Ө.Энхтүвшин “Монгол Улсад ардчилал байхгүй боллоо. Цөөнхийг дарангуйлж хүч түрж байна. Парламентад олонхи болсон нам өөрсдийнхөө эрх ашигт нийцүүлж хууль гаргаж, сонгогчдын саналыг уландаа гишгэлээ. Шүүх цагдаа, прокурор, СЕХ гээд бүгдийг нь нэг нам эрхэндээ оруулж байна” гэдгийг онцоллоо.
Ийнхүү мэдээлэл хийх болсон нь Өвөрхангай аймгийн тойргийн маргаан бүрэн шийдвэрлэгдээгүй байхад СЕХ хуралдаж, тус аймагт нэр дэвшиж илт ялагдсан Г.Батхүү, Д.Зоригт нарыг тангараг өргүүлэхээр болсонтой холбоотой аж. Иймд ард иргэдийн сонголтыг уландаа гишгэсэн уг асуудалд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж анхаарал хандуулах учиртай гэдгийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ард түмэндээ дамжуулж, энэхүү бусармаг шийдвэр хэрэгжиж, Г.Батхүү, Д.Зоригт нар тангараг өргөвөл Монгол Ардын Нам дараагийн үйл ажиллагааг зохион байгуулж энэ хууль бус үйлдэлтэй тэмцэнэ гэв. СЕХ-ноос өчигдөр гаргасан шийдвэртэй холбоотой Өвөрхангай аймгийн жирийн сонгогчид гомдол ирүүлсэн бөгөөд тэдний төлөөлөл өөрсдийн биеэр Улаанбаатарт ирж хэвлэл мэдээллээр өөрсдийн сонголтыг хүндэтгэхгүй байгааг эсэргүүцэж дуу хоолойгоо хүргэхээр болжээ.
Ц.Жаргалцэцэг
URL:













