Н.АЛГАА: Фенг-Шүйгээр бол С.Ганбаатар дийлж магадгүй, уул уурхайн мэдлэгээр намайг барахгүй

Сүүлийн үед “Оюу толгой” төслийн гэрээнд өөрчлөлт оруулна гэж хөөрцөглөх улстөрчид олширлоо. Энэ талаар Уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Н.Алгаатай ярилцлаа.

-УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Ха­риуц­­лагатай уул уур­хай” төрийн бус байгууллагын Удир­дах зөвлөлийг ху­рал­дуулсан. Энэ Удир­дах зөвлөлд Засгийн газрын тө­лөөлөл, хувийн хэв­шил, уурхайн чиглэ­лээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын нөх­дүүд байдаг байх аа?

-Тийм ээ. “Ха­риуцла­гатай уул уурхай” төрийн бус байгууллагын Удир­дах зөвлөлийн долоо нь Засгийн газраас, долоо нь уул уурхайгаас, долоо нь иргэний нийгмийн тө­лөөлөл байдаг юм. Удир­дах зөвлөлийн гишүүн С.Ганбаатарын зарлан хуралдуулсан хурал­даанд Засгийн газраас нэг ч хүн ирээгүй. Уул уурхайн төлөөлөл гурван хүн, бусад нь иргэний нийгмийн төлөөлөл бай­сан. Ингээд арван нэгэн хүн  цуглаад хоёр асуудал хэлэлцэх болсон. УИХ-ын гишүүн С.Ганбаатар  “Оюу толгой” төслийн  гэ­рээг өөрчлөх хөдөлгөө­нийг дэмжих тухай” гэсэн нэртэй материал тараа­сан юм.

-”Хариуцлагатай уул уурхай”  төрийн бус байгууллагын ги­шүүд ямар байр суурь илэрхийлсэн бэ?

-Эхлээд С.Ганбаатар “Оюу толгой” төслийн гэ­рээ ард түмэнд ашиггүй болсон. Үр дүн нь гарах­гүй байна” гэж ярьсан. Тэгээд олон хятад ажил­лаж байна гэнэ, зам барь­сангүй л гэнэ, барилга барьсангүй л гэнэ. Тэгэ­хээр нь би “Хариуцла­гатай уул уурхай” төрийн бус байгууллагын дүр­мээр хэлэлцэх асуудалд багтахгүй байна. Бид ямар нэг гэрээ, хэлэл­цээрт өөрчлөлт оруулах боломжгүй” гэдгийг хэл­сэн. Нөгөөтэйгүүр “Оюу толгой” төслийн гэрээг таван жил хэлэлцээд хоёр удаа УИХ-аар чиг­лэл өгөгдөн байж батал­сан. Өнгөрсөн жил Үндэс­ний аюулгүй байдлын зөв­лөл “Стратегийн ач холбогдол бүхий “Оюу толгой” төслийн гэрээг оролдоод хэрэггүй гэсэн шийдвэр гаргачихсан юм. Бидний шийдэх асуудал биш байхгүй юу.

-УИХ-ын гишүүн С.Баярцогт нэгэнтээ “Ганбаатар аа, чи гэ­рээ­гээ сайн унш. Хууль дүрмээ мэ­дээд ярь” гэсэн.   Түүнтэй адилхан та бас “Ганбаатар аа, чи юмаа мэдээд ярь” гэсэн зөвлөгөө өгсөн байна лээ.

-Тийм ээ. С.Ганбаа­тар бусад оронд ийм төс­лийг ингэж хэрэгжүүлдэг гээд олон юм ярьдаг. Африк, АНУ, Англи улсад тэгдэг гэнэ лээ гээд ярьдаг байхгүй юу. Тэгэхээр нь би “Ганбаатар аа, чи мэ­дээл­лийг хэвлэлээс ч, эрдэмтэн мэргэдээс ч, эмгэд хөгшдөөс авч бол­но. Чиний яриад байгаа бүхэн мэдлэг биш мэдээ­лэл байна. Сонин хэвлэл, хэн нэгний ярьсан мэдээл­лээр ярьж болохгүй. Үнэ­хээр чи уул уурхайн та­лаар мэдлэгтэй юм бол надтай ярь” гэдгийг хэлсэн.

-Ерөнхийдөө та мэт­гэлцээнд урьсан байна шүү дээ?

-Тэгье гэхгүй байна лээ. Надтай мэтгэлцэхгүй нь ойлгомжтой. Тэгэхдээ би хэвлэлийн өмнө мэт­гэлцэхгүй. Хувиараа уул­заад “Энэ нь ийм байдаг” гэж хэлж өгнө.

-Тан шиг уул уур­хайн талын мэргэж­лийн хүнээс жийрх­сэн юм болов уу. Хэн­тэй ч мэтгэлцэ­хэд бэлэн гээд бай­даг шүү дээ?

-Надтай мэтгэлцэх хэмжээний мэдлэгтэй хүн биш. Фенг-Шүйгээр бол намайг дийлж магадгүй. Би уул уурхайн салбарт гучин жил ажилласан хүн. Тэгээд ч С.Ганбаатар “На­дад мэдээлэл байхаас мэдлэг байхгүй. Энэ төс­лийн талаар уул уурхайн талын эрдэмтэн докто­рууд үг хэлэх хэрэгтэй” гэдэг юм.

-УИХ-ын гишүүн С.Ганбаатар юм бич­дэг үзгийг хараад царил лоом гээд тэс хөндлөн дайраад байгаа юм биш үү?

-Тийм л дээ. Мэдээ­лэл, мэдлэг хоёроо цэг­цэлж чадахгүй байгаа хүн. Нөгөөтэйгүүр мань эрийг далдаас нэг юм удирдаад байна. Дараагийн сон­гууль уу, харь гүрний бодлого уу хэлж мэдэхгүй юм. Ард түмний хүсэл сонирхлын эсрэг яваад байгаа юм. Хуурамч эх орончид олон нийтийн нэрийг барьж ханга­лт­тай улс төр хийлээ. Тэгээд ч Монгол Улсын тусгаар тогтнол гэж их ярих юм. Гуравдагч орны том ком­паниуд орж ирээд улс орны тусгаар тогтнол баталгаатай байна шүү дээ.

-”Оюу толгой” төс­лийн гэрээний та­лаар юу ч мэдэхгүй хэрнээ “Өөрчлөлт оруулна” гэхийн учир юу юм бол?

-Мань эр өөртөө нэг зорилго тавьсан байна. Тэр нь “Оюу толгой” төс­лийн гэрээг өөрчлөх  юм билээ. Ямар улсын эрх ашиг байгаа гэдгийг мэ­дэхгүй юм. Хэрвээ энэ төсөл буруу гэж байгаа бол маш их мэдлэгтэй байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл маниас илүү гарах хэрэгтэй. Зүгээр нэг хүний хэлсэн үгээр явж болох­гүй. С.Ганбаатар “Оюу толгой” компанид олон хятад ажилчид ажиллаж байна. Тэгэхэд Улаан­баатар хотод олон зуун хүн цэвэрлэгчийн ажил хийж байна” гээд л авч байгаа юм. Тэр олон зуун хүнийг хэн цэвэрлэгч хий гэсэн юм бэ. Чин үнэнийг хэлэхэд Монголын ба­рилгын бүх компанийг цуглуулаад ч хоёр жилийн дотор тийм хэмжээний бүтээн байгуулалт хийж чадахгүй. Өнөөдөр япон­чууд “Нарны гүүр”-ийг ашиглалтад өгч байна. Манайхан байсан бол ашиглалтад өгч чадах уу. Түүнтэй адилхан хөрөнгө оруулагч зургаан тэрбум ам.доллараа хийчихээд   хүлээгээд суух уу. Маш богино хугацаанд ча­нар­тай, ашигтай барилга бай­гууламж байгуулахыг  хүс­дэг байхгүй юу. Харин монголчууд тэднээс на­рийн мэргэжлийн ажил  сураад үлдэх хэрэгтэй.

-”Оюу толгой” төс­лийн гэрээг уул уур­хайн салбарын хич­нээн мэргэжилтэн эсэргүүцдэг юм бэ?

-Хоёр гурван  хүн эсэр­гүүцэж гурван мянган   хүн дэмждэг байхгүй юу. Энэ гэрээний мөн чана­рыг мэдэж байгаа ч зү­гээр эсэргүүцдэг нөхөд бий. Одоо хүртэл төвлөр­сөн төлөвлөгөөт эдийн засгийг дэмжээд байгаа юм. Төслийн гэрээг эр­дэмтэн докторууд хийх ёстой гэж боддог. Нөгөө­тэй­­гүүр социалист, капи­та­­лист нийгмийн чиг ба­рим­жаатай эрдэмтэн мэр­гэд ч маргаанд орол­цох нь бий. Гэхдээ социа­лист чиг баримжаатай нь хоёр гурваас хэтрэхгүй.

-Энэ гэрээг өөрчилж болох уу?

-Хоёр тал тохирол­цоод сонгодог утгаараа гэрээ байгуулсан. Гэрээг өөрчлөх асуудлыг гэрээ нь өөрөө зохицуулна. Нэг тал хүч түрэмгийлсэн, эрх ашгийг хөндсөн байвал гэрээ хэрэгжихгүй зогс­чих­но. Канадчууд зур­гаан тэрбум доллараа хийчихсэн учраас үйл ажиллагаагаа царцаах аюултай. Энэ компани чинь таван тивд олон зуун төсөл хэрэгжүүлж байгаа учраас мөнгө тийшээгээ хийх магад­лалтай.

-Төслөө царцаана гэдэг сайн цагийг хүлээнэ гэсэн үг үү?

-Энэ бүхний үр да­гаварт Монгол Улс чинь хулхины улс гэсэн ойлгол­тыг дэлхий нийтэд өгнө. Хөрөнгө оруулалт хийх улс орон олдохоо байна гэсэн үг. Ийм ойлголтыг өгөөд эхэлчихсэн. Өчиг­дөр л “Ройтерс” агентлаг “Оюу толгой” төслийн гэ­рээнд өөрчлөлт оруулах талаар тохиролцоо хийгдэхгүй” гээд мэдээлж байна. Энэ бүхний цаана Монгол Улсын нэр хүнд унаад байгаа юм.

-Эрхэм гишүүд “Оюу толгой” төслийн та­лаар олон жил яри­лаа. Үнэхээр улс төрийн шоу юу?

-Тийм ээ. Дахин сон­гогдох гэсэн улстөрчдийн шоу л байхгүй юу. Нэр алдар олох гэсэн мэдлэг муутай улстөрчдийн шоу гэдгийг шууд хэлнэ.

-”Оюу толгой” төс­лийн үр дүн хэзээ гарах бол…?

-2013 оноос эхлэн бү­тээгдэхүүн гаргаж эхэлнэ. Далд уурхай л 200 км малтлага хийхээс дөнгөж 11 км яваад байна. Яагаа ч үгүй байгаа биз дээ. Маш их газар шорооны ажил хийнэ. Энэ ажил 2016 он хүртэл хийгдэнэ. Энэ газар шорооны ажил хөрөнгө оруулалт мөн үү. Мөн. Борлуулалт хийх явцад хөрөнгө оруулаг­чид ногдол ашиг авахгүй. Өнөөдөр Монгол Улс тат­вар авч байна. Монголын төр борлуулалт эхлээгүй байхад татвар аваад сууж байгаа юм. Борлуулалт эхлэхээр шууд таван ху­виа аваад явна. Өнөө­гийн өнцгөөс харахад  71 хувиа мөнгөн урсгалаа­раа аваад явж байгаа юм.

-Уул уурхайд тул­гуурлан хөгжинө гэх хэрнээ эсэргүүцэх улстөрчид олон байх юм. Өчигдөр л гэхэд УИХ-ын ги­шүүн уран олбор­лохыг эсэргүүцээд байна лээ.

-2005 оноос эхлэн уул уурхайг үзэн ядсан улс төр явагдаж эхэлсэн гэхэд болно. Бороогийн татварын хөнгөлөлт, дэл­хий дахинд хийсэн Ро­берт Фридландын мэдэг­дэл зэрэг яриа хөөрөө­нүүд  хөрс суурь нь болж байлаа. Тэрнээс хойш гу­дамжинд ч, Төрийн ор­донд ч уул уурхайг үзэн ядсан өнгө аяс мэд­рэг­дээд эхэлсэн юм. Өчигдөр УИХ-ын гишүүд мэдэгдэл хийж байгааг харсан. Ура­ны хайгуул, олборлолтыг зогсоох тухай ярьж байна лээ. Бас л мэдлэггүйн гай шүү дээ. Тэр гишүүд уран бол аюултай гэдэг үгийг хэнээс ч юм бэ сонсчээ. Сенсаацтай сэдэв юм байна. Олон хүнд таа­лагдаж магадгүй гэж бо­дохгүй юу. Энгийнээр хэлэхэд цөөн хэдэн улс олон нийтийн шахалтаас болоод ураны олборлол­тоос татгалзаж байна.  Дэлхий дээр олон улс орон атомын цахилгаан станц барьж байгуулж байна шүү. Уран бол хам­гийн үр ашигтай эрчим хүчний эх үүсвэр хэвээ­рээ л байх болно. Аюул ослын тухайд гэвэл цац­раг идэвхт бодисын үүс­гүүр зөндөө бий. Эрүүл мэндийн салбарт ч гэсэн байна шүү. Ураны сал­бар улс төрийн шалтгаа­наас болоод уначихаад байгаа юм. Олборлох талаар олон жил ярилаа.

Т.ЦОГТ-ЭРДЭНЭ



URL:

Сэтгэгдэл бичих