Айл дайрсан хэрэг давтагдлаа

Сүүлийн үед ойрхон давтамжтайгаар зам тээврийн болон осол аваарын шинжтэй ноцтой хэрэг гарах  боллоо. Өчигдөрхөн Энхтайвны гүүрэн дээр хоёр автомашин мөргөлдөж хүний амь нас эрүүл мэндээр хохирсон хэрэг гарсан бол, айл дайрсан хэрэг сүүлийн жилийн дотор хоёр ч удаагаа давтагдлаа.

Өнөөдөр өглөө 07.00 цагийн үед Сонгинохайрхан дүүрэг 11 хорооны нутаг дэвсгэрт портер маркийн УБӨ 5713 улсын дугаартай автомашин айл дайрч хоёр хүн гэмтээсэн байна.

Тухайн үед автомашин жолоочгүй байсан бөгөөд иргэн Л-ийн асааж тавьсан портер ямар ч хяналтгүйгээр өнхөрч хашаа дайран өнгөрч , хөршийнх  нь гэрийг дайрч зогсчээ. Энэ гэрт 26-27 настай эрэгтэй эмэгтэй гэр бүлийн хоёр унтаж байсан байна. Тэдний биеийн байдал сайнгүй байгаа гэхдээ амь наснаас холуур өнгөрсөн гэдгийг албаныхан хэллээ.

Ямар ч байсан иргэн Л-ийн хувьд автомашиныхаа аюулгүй байдлыг хангаж тавиагүй байсан хариуцлагагүй үйлдлээс болж хоёр хүн эрүүл мэнд, эд хогшлоороо хохирлоо.

Тиймээс иймэрхүү байдлаас үүдэлтэй харамсалтай хэрэг гарч байгааг иргэдэд анхааруулга болгон хүргэж байна.

Г.Туяа


URL:

Сэтгэгдэл бичих