Ц.Энхбат: АН өрөө төлөхийн тулд биднийг хоморголон халлаа
Хөдөө орон нутаг дахь Нийгмийн даатгалын хэлтсийн дарга нарыг хоморголон халжээ. Тэд өнгөрөгч баасан гаригт нийслэлд ирсэн бөгөөд өөрсдийн ажлаас халагдсан шалтгаанаа тодруулахын тулд Төрийн албаны зөвлөлд гомдлоо гаргасан байна. Тэдний төлөөлөл болгож Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга асан Ц.Энхбаттай ярилцлаа.
-Төрийн албаны зөвлөлд ямар шалтгаанаар хандав?
-Өмнө нь манай аймагт дүүргийн хөдөлмөр халамж үйлчилгээний газар гэж байсан. Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар энэ албыг татан буулгасан. Ялангуяа аймаг, орон нутаг энэ газрыг Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс, Хөдөлмөр эрхлэлтийн хэлтэс гэсэн хоёр хэсэгт хуваасан. Ийнхүү бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөд ороод ажил үйлчилгээгээ явуулж байтал энэ сарын 2-нд Улсын нийгмийн халамжийн ерөнхий газрын дарга Баярсайханы тушаалааар түр орлон гүйцэтгэгч гэсэн албан тушаал бий болгож, энэ албанд хүмүүсийг томилсон байсан. Үүний дагуу бидний ажлыг хүлээж авах хүмүүс гэнэт л нэг өдөр ороод ирсэн. Үүгээр ч зогсохгүй ажил хүлээлцэх хүмүүс хүртэл араас нь нийслэлээс ирсэн.
-Гэнэт гэхээр энэ талаар та бүхэнд өмнө нь мэдэгдсэн зүйлгүйгээр түр орлон гүйцэтгэгч томилсон гэсэн үг үү. Ямар шалтгаанаар та бүхнийг ажлаа хүлээлгэж өг гэсэн бэ, лавласан уу?
-Бидэнд огт мэдэгдэлгүйгээр шууд л таны ажлыг авах хүн бол энэ, ажлаа хүлээлгэж өг гэсэн. Учрыг лавлатал, бидний оронд томилогдсон эдгээр хүмүүс Улсын нийгмийн халамжийн ерөнхий газрын дарга Баярсайханы тушаалааар томилогдсон гээд энэ хүний гарын үсэгтэй тушаал бидэнд үзүүлсэн. Яагаад энэ албанд түр орлон гүйцэтгэгч хэрэгтэй болоод бид ажлаа өгрхөөр болчихов гэдгийг мэдээж асуусан.
Гэтэл бидний оронд ирж байгаа тэр хүмүүс юу ч мэдэхгүй гэсэн л дээ. Ингээд л бид яах ч аргагүй ажлаа өгөхөөр болсон. Салбарын даргын тушаал байна, шинэ хуучин хүмүүсийн ажлыг хүлээлцэж өгөх хүмүүс ирчихсэн. Ийм нөхцөлд бид ажлаа өгөхгүй гэх боломжгүй байсан. Ингээд ямар ч байсан хоорондоо ярилцаж байгаад төрийн албыг цалгардуулж байхаар эхний ээлжинд хэл амгүй энэ хүмүүст нь ажлаа өгчихье гэдэг шийдэлд хүрсэн. Үүний дараагаар нарийн учрыг лавлаж, зохих газруудад нь хандахаар болсон .Үүний дагуу бид нийслэлд цуглаж, Төрийн албаны зөвлөлд албан ёсоор өргөдлөө гаргалаа.
-Та бүхний оронд ямар хүмүүс томилогдож очсон бэ. Дандаа шинэ хүмүүс байх юм уу, эсвэл хуучин хүмүүс байв уу. Тухайлбал, таны ажлыг ямар хүн хүлээж авав?
-Миний ажлыг авсан хүний хувьд манай албаны Нийгмийн халамжийн хэлтсийн мэргэжилтэн байсан. Түүнийг миний оронд томилсон байгаа. Бусад аймгуудад ч мөн доогуур алба хашиж байсан хүмүүсийг л дээш нь татсан юм билээ.
-Эдгээр хүмүүсийг ямар журмаар томилсныг мэдсэн үү?
-Өнгөрөгч есдүгээр сарын 30-нд энэ хүмүүсийг хотоос дуудсан юм билээ. Ингээд л түр орлон гүйцэтгэгч гэсэн албан тушаал гаргаад тушаал гаргасан байгаа юм. Үүнийхээ дагуу хэд хоног семинарт суулгасан юм билээ. Ингээд хотоос даргын түр орлон гүйцэтгэгчийн албан тушаал авсан хүмүүс эргэж ирээд биднээс ажлаа авъя гэсэн. Ийм л юм болсон.
-Та бүхнийг албан ёсоор ажлаас чөлөөлсөн тушаал гарсан юм уу?
-Хачирхалтай нь ямар ч тийм тушаал гараагүй. Угтаа аливаа нэг албан тушаалтныг тэр дундаа төрийн албан хаагчийг ажлаас чөлөөлөх бол тодорхой шалтаг, шалтгаан байх ёстой. Үүнийг зохицуулсан хууль гэж тусдаа бий шүү дээ. Гэтэл Төрийн албаны байна уу Хөдөлмөрийн тухай хуулийн ч байна уу тэр заалтыг үндэслэн та бүхнийг ажлаас чөлөөллөө гэсэн ямар нэгэн шийдвэр гараагүй.
Эдгээр хуулиудын дагуу бол хэрвээ биднийг ажлаас чөлөөлөхөөр болсон бол ийм хуулийн тийм заалтын дагуу таныг ажиллуулах боломжгүй боллоо гэж урьдчилж мэдэгдэх ёстой. Гэтэл энэ бүхний аль нь ч явагдаагүй. Тэр бүү хэл, биднийг гэнэт ажлаас халсны нөхөн төлбөр гэж зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэлэг хүртэл олгох хуулийн заалт ч бий шүү дээ.
-Яам агентлагуудын халаа сэлгээ ер нь цэгцэндээ орж байна гэж бодсон. Гэтэл тийм биш байжээ?
-Бид ч мөн тийм л бодолтой байсан. Төрийн албаныхныг нааш цааш нь болгож эхлэх үеэс л бид чинь нэг тийм айдастай болчихсон байлаа шүү дээ. Ингэж засаг бужигнаж байх зуур нийгмийн болон хөдөлмөр халамжийн бүхий л үйлчилгээ бараг бүтэн сарын хугацаанд зогссон байсан гэж хэлж болно. Ингэхдээ бүтцийн өөрчлөлт болон программын шинэчлэл хийж байна гэсэн шалтгаанаар л саатуулаад байсан.
Гэтэл энэ хооронд нөгөө нийгмийн халамжаар амьдардаг амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур орлоготой иргэн, тэтгэврийн хөгшид гээд тэтгэлэг харж суудаг олон хүний амьдрал үндсэндээ зогсонги байдалд орсон шүү дээ. Гэтэл иймэрхүү хуудуугаа хийх гээд л төрийн албыг тасалдуулаад байсан юм байна гэж бодож байгаа.
-Ер нь ямар шалгтаанаар ингээд гэнэт шийдээд та бүхнийг ажлаас чинь чөлөөлчихөв өө. Энэ гэнэтийн томилгооны цаана намын эрх ашиг үйлчлээд байгаа юм байна уу үгүй юу?
-Бид бол үүнийг нэг л өнцгөөс харж байгаа. Үүнээс өөрөөр бодох, тайлбарлах арга байхгүй. Учир нь АН засаг авснаас хойш яам агентлагуудыг татан буулгаж, нааш цааш нь болгосон. Одоогийн байдлаар аймаг орон нутгийн хэмжээнд 20 гаруй хүнийг ажлаас нь халчихаад байна. Эдгээр нь ерөнхийдөө дандаа дарга нар байгаа.
Цаашдаа ч энэ халаа сэлгээ үргэлжлэх шинжтэй байгаа. Тухайлбал, манай аймагт нийгмийн халамжийн хэлтсийхнийг халах асуудал яригдаад эхэлсэн байгаа. Цаашлаад бидний оронд шинээр томилогдсон хүмүүс цаашид салбар хэлтсээсээ хэчнээн ч хүнийг ажлаас халахыг бид таашгүй шүү дээ.
-Ажлаас халагдсан хүмүүсийн тухайд ажлын дадлага туршлага хэр хүмүүс байсан бэ. Шинэ хүмүүс та бүхний ажпыг цааш нь аваад явчих хэмжээний байж чадаж байна уу?
-Энд нэг зүйлийг тодотгоход, сая ажлаас халагдсан хүмүүсийн дунд тэтгэвэрт гарах насны хэд хэдэн хүн бий. Өөрөөр хэлбэл, тэтгэвэрт гарахад 6-9 cap дутуу хүмүүс бий. Энэ бол мaш харамсалтай асуудал. Энэ хүмүүсийн хувьд насаараа төрийн албан зүтгэсэн улс. Ер нь 10-30 гаруй жил энэ салбарт ажилласан хүмүүс. Гэтэл шинээр очиж байгаа хүмүүс бол ажилд ороод удаагүй, ажлын туршлага муутай, залуу хүмүүс байна лээ.
Гэхдээ тэд цаашид хэрхэн ажиллахыг тааж хэлэх аргагүй. Гэхдээ л аливаа албан тушаалыг хашихад ажлын дадпага туршлага гэж нэг чухал зүйл бий. Гэтэл энэ шийдвэр бол дэндүү хуумгай.
-Нэг үгээр бол, АН-ынхан шинэ албан тушаал гаргаж ирээд өөрийнхөө хүмүүсийг томилчихжээ гэж ойлгож болох нь ээ?
-Тэгэлгүй яахав. Яг л ийм асуудал болоод байна. Саяын энэ томилгоо хөдөө орон нутаг дахь төрийн албан хаагчдад маш хүндээр тусч байгаа нь харагдаж байна. Өөрөөр хэлбэл, өнөөдөр та нарыг халж байгаа юм чинь маргааш биднийг халахгүй гэх баталгаагүй боллоо гэсэн зүйлийг төрийн албан хаагчид маань яриад эхэлж байна.
АН засаг авснаараа далайлган иймэрхүү хүч түрсэн ажлыг хийснээрээ эргээд намынхаа нэр хүнд, үнэ цэнийг л унагаж байгаа юм шүү дээ. Нэг үгээр бол АН-ынхан өөрийн хүмүүстээ өрөө төлж байна шүү дээ.
-Олон жил төрийн албанд зүтгэсэн хүний хувьд асуухад, сонгуулийн дүнд засаг солигдоход өмнө нь ингэж намчирхсан байдлаар халаа сэлгээ хийж байсан тохиолдол гарч байв уу?
-Өмнө нь МАН олон жил засгийн эрх барьсан. Ингэхдээ хэзээ ч ингэж АН шиг өөрийнхөө намын хүмүүсийг албан тушаалд чихэж байсан нь үгүй. Харин 1996 онд АН засаг авахад мөн л ийм асуудал болж байсан. Мөн л өөрийн хүмүүсээ энд тэнд албан тушаалд томилж, төрийн албыг самарч байсан шүү дээ.
Эх сурвалж: “Нийгмийн Толь”
URL:













