Төөрөгдөл

Нэгэн цагт бидний дунд харийн л юм бол бүгд сайн сайхан хэмээх бодол, хийрхэл давамгайлж байлаа. Харин энэ цаг үеэс монгол газар шороон дээр соёолсон уламжлалт ёс заншил, өв уламжлалаа харь зүйлсээс хол илүү гэдгийг ухаж, эрдэмтэн судлаач хийгээд эгэл ард, лам хуваргагүй ярьж бичиж байгаа нь сайшаалтай боловч аль юмс нь өөрийнх, аль юмс нь хариас ирсэн билээ гэдгийг ялгаж чадахаа больтлоо самуурч мунхраад байгаа нь үнэхээр харамсалтай. Ялангуяа итгэл үнэмшил, шүтлэг бишрэл гэж монголчуудын өөрсдийн гэх юм байгаагүй гэж далдуур хэлээд байх шиг.
Одоо тун удахгүй энэ нь даамжирсаар хэдэн жилийн дараа монголчууд язгуураасаа л буддын шашинтай юм уу, эсвэл загалмайн шашинтай байсан гэж гүжирдэх янзтай. Тэнгэрийн тааллаар тодрон гарч монголчууд биднийг тэтгэн гийгүүлсэн их хааны алдрыг хүртэл Чингис богд, Очирваань бурхны хувилгаан гэх мэтчилэн ярьж бичиж байгаа нь Оросын зохиолч И.Калашников өөрийн зохиолдоо монголчууд эртнээсээ загалмайн шашинтай бөгөөд хоймортоо загалмай залж түүндээ залбирдаг байсан мэтээр гуйвуулан бичиж байсантай агаар нэг харагдана.
Үүнээс улбаалан дараах зүйлийг бичихэд хүрэв. Бурхан зурдаг нэг нөхөр бөхийн өргөөнд олон хүн цуглуулаад өөрийн эмхтгэсэн нэг номын сурталчилгаа ярьж байснаа хадуураад “бөө гэж хар домын хараалыг дагаваас үхээрийн бузар хорлол болох нь баттай, хойчийн өдөр ухаж мэдэвч гэсгээл тамаас зайлах аргагүй” гэж айлдав. Үүнийг сонсоод жаахан ч болов түүх уламжлалаа мэддэг хэн боловч солиорч туйлширч байгаад нь эгдүүцсэн нь лавтай. Нөгөө бидний коммунист нийгмийн үед хүн бүхэн уншсан цагаан толгой гэгч үсэглэлийн ном шиг эдүгээ бараг үсэг мэдэх бүгдийн уншсан “Монголын нууц товчоон” хэмээх түүхийн сурвалж бичиг дээр их эзэн маань Халдун уулнаа гарч бүсээ хүзүүндээ эгэлдрэглэн сөгдөж суугаад бөөсийн чинээ амийг минь бөөцийлөн аварсан Бурхан халдуныг өглөө бүр мялаасуу” гээд тэнгэрт есөнтөө сацал өргөн мөргөдөг. Аа бас Мэнлиг эцгийн хөвгүүн Хөхчү зайран түүнийг Их Монголын Хаан суухыг зөгнөн хэлдэг, түүнээс хойчийн явдал, төрийн хийгээд байлдаан тулааны олон хэрэг явдлыг асуун хэлэлцсэн байдаг. Энэ мэтчилэн Монголын ихэс хаадууд хийгээд эгэл ардын амьдралд Тэнгэр шүтлэг бөө мөргөл бодитой оршин оюун сэтгэлгээ, зан заншил, урлал, угсаатан зүй, түүх шастирт томоохон байр эзэлж ирснийг дэлхий мэднэ. Дээр дурдсан бурхан зурдаг хүний /уг нь өөрийгөө бурханч лам гэдэг юм билээ. Өөрийнх нь шашины гол сургаалд лам хүний тэвчих ёстой олон олон ёсыг мань хүн дагаагүй болохоор лам гэж хэлшгүй нь. Адаглаад л бодь мөрийн сургаалд бурхны шашны номлол сургаалыг зарж ашиг олох нь хүнд нүгэл болох тухай бичсэн нь бий. Харин энэ хүн тэр сургаал номыг нь тэгэхээс тэг гэсэн шиг янз бүрээр хэвлүүлж зарж байсныг олон мэднэ/ хэлснээр бол Их хаан тэргүүтэй үе үеийн ихэс дээдэс, эрдэмтэн мэргэд, эгэл ардууд Мөнх хөх тэнгэр шүтлэгтэй бөө мөргөлтэй байсан гэсэн ганцхан заалтаар үхээрийн бузар болж эрлэг тамд зовж байгаа юм гэнэ ээ. Энэ бол монголчуудыг хагалан бутаргах, итгэл үнэмшлээр нь талцуулах, эв эеийг эвдэх гэсэн шууд үйлдэл хорон хатгалга.
Миний хувьд Буддын шашныг хүндэлдэг. Монголчууд хэдэн үеэрээ л шүтэж ирсэн, шүтэхээс гадна Манжийн бодлогын үед юутай ч атугай хэдэн зууны турш боловсрол гээч зүйлийг нь гал алдуулалгүй залгуулж ирсэн гэдэг утгаар нь. Лам багшид хүүгээ шавь оруулаад миний хүү эрдэм номтой сайн хүн болоорой гэж хэлдэг, эрдэм ном гэдэг зүйлийг буддын сургаал, судар номоор төлөөлүүлж ойлгож олон үеийг элээсэн гэвэл хэн ч маргахгүй. Ер нь өнөөдөр шашны янз бүрийн урсгал чиглэлийг сурталчлаад яваа улсууд хийгээд айл бүл болгонд л тодроод байгаа бөө, улаач нар буддын шашны хийдээр шагайж үзээгүй номын дууг нь нэг ч болов сонсож, ламд мөргөж, судраар адис тавиулж байгаагүй эхээс төрсөн цагаасаа л өнөөдөр ярьж байгаа зүйлдээ чинь үнэнч байсан гэвэл түүн шиг худал хуурмаг байхгүй биз. Америкаас санхүүждэг христийн шашныг сурталчилдаг телевизээр номлол ярьдаг нэг сайн таних нөхөр ээжийнхээ хойдох алтан савыг нээлгэнэ гээд зурхай ч хайж явах. Сүүлд ёжлоод асуувал яахав дээ, хөгшин чинь хоолоо олж идэх гээд л нэг газар номлогч /пастор/ хийдэг байхгүй юу гэж үнэнээ хэлэх. Өрөвдмөөр ч юм шиг, инээд ч хүрэх шиг нөгөө цуглаан дээр нь итгэж цугласан хүмүүс ертөнцийн эзний өмнөөс сургаал номлолыг нь өндөр дуугаар өгүүлэх пастор нь ярьж байгаадаа чинь сэтгэлээр итгэж үнэмшдэггүйг нь мэддэг болов уу. Үлгэрлэвээс хийдэд суугаа лам “шинэ гэрээ” /христийн гол номлол/ нууцаар эргүүлж  залбирч суугаа сүсэгтэндээ зовлонгийн шалтгааныг нь хэлж өгөх мэт. Энэ их эргүүтэл завхарлыг одоо л зогсоож үнэн мөнийг олон түмэндээ ойлгуулахгүй бол хожмын өдөр засаж болохгүй төөрөгдөл шашин шүтлэгээрээ талцсан хагарал Монголд гарах вий дээ гэмээн зовниж бичив, би.
Хүн төрөлхтөн үүссэн цагаас хойш шүтэж ирсэн тэнгэр шүтлэг бөө мөргөлийг алив шашинтай харьцуулан тавьж, шашны үүднээс тайлбарлахыг оролдож, ярьж бичихээ лам харгүй даруй зогсоох, чанарын ялгаа үнэн мөнийг зөв таниулах ухаж таньсан нэг нь өөрийн ойр хүрээний олонд хэлж ойлгуулах шаардлага тулгамдаад байна.
Чин үнэндээ тэнгэр шүтлэг бөө мөргөл гэдэг нь шашин биш бөгөөд түүнээс тэс өөр байгаль орчлон ертөнцийн зүй тогтол гэвэл сая үнэн болно. Яг л наранд халсан ус уур болон дэгдээд үүл болон хуримтлагдаад бороо болон асгадаг шиг нүдэнд үл харагдах ертөнцийн зүй тогтол ажгуу. Бөө мөргөл гэдэг зүйл гагц Монголд бус энэ орчлон өртөнцийн есөн хэлийн түмэн угсааны үндэстэнд буй. Амазоны шугуй,  Африкийн ширэнгэнд ч онигооны эзэн чукча нарын цааны арьсан урцанд ч, Скандинавын хойгт ч, Энэтхэг, Гималайн ууланд ч ялгаагүй бөө бөөлж л байдаг. Үүнийг өнөөдөр дэлхий нийтээрээ мэдэж судалж байна. Дээд оюун ухаан гэж нэгэн зүйл оршин байдгийг бүх шашин, далд үзэгдэл судалдаг шинжлэх ухааны байгууллагууд, судлаачид нэгэн дуугаар зөвшөөрдөг. Гагцхүү оноож нэрлэсэн л ондоо байдаг. Дэлхий дээр хүн үүсэж бий болсон цагаас эхлээд магадгүй энэ дээд оюун ухаан хийгээд түүнтэй холбогдож мэдээлэл авах зүй тогтол буюу тэнгэр шүтлэг бөө мөргөл үүссэн гэж ярьж бичиж байна. Ихэнх томоохон улс гүрэн өнөөгийн нийгэмд үүнд ихээхэн ач холбогдол өгч тусгайлан судалдаг судалгаа шинжилгээний байгууллага заавал байгуулж, үүнд ихээхэн хөрөнгө санхүү зарцуулж байдаг нь нууц биш болоод удаж байна. Дэлхийн түүхэн дэх томоохон удирдагч, дарангуйлагч нар үүнд ихээхэн анхаарал тавьж өөрсдийн дэргэдэх үзмэрч далдыг харагч нартай байсан. /тэдгээр нь дээд оюун ухаантай бага ч гэсэн холбогдож мэдээлэл авах төрөлхийн чадвартай төрсөн хүмүүс байсан/ Мөн улсын нууц бодлогоор судлаач тагнуулуудыг байнга илгээж дээд оюун ухаан гэгчээс мэдээлэл авах найдвартай аргыг хайж байсан. Үүний ихэнхийг  Монголд илгээж байсан. Жишээ нь: Гитлер хас тэмдгийг тотем болгон авч Монгол руу нууц баг удаа дараа илгээж Мөнх Тэнгэр буюу дээд оюун ухааны ивгээл хүчийг хүртэхийг машид хүсч байсан, Сталины үед Барченко, Рейрих зэрэг улсуудыг Монгол, Түвд рүү илгээж далдын хүчний нууцыг эрэлхийлж байсан. Мөн коммунист нийгмийн үед эрдэмтэн бөө судлаач нэрээр олон орны тусгай бэлтгэгдсэн хүмүүс ирж үүнийг идэвхийлэн хайж шиншилж байсан нь тэр үед хэлмэрч газарч хийж явсан монголчуудын ярианаас нотлогддог. Тухайлбал олноо гүүш багш хэмээн хүндлэгдсэн Б.Ренчин гуайн дурдатгалд социалист орнуудаас ирсэн эрдэмтэн судлаачид /нууц туршуулууд/ бөөгийн зан үйлийг ихэд сонирхон судалдаг, бөө бөөлөхийг үзэх гэж үхэн хатан хөөцөлддөг, бичлэг хийдэг  түүгээр ч үл барам нэг биш удаа бөөгийн хуяг хэрэгслийг бүтнээр нь авч явсныг нэр ус, он сартай нь ярьсан байдаг. Харин энэ заяагдмал оноолтоор төрдөг орчлонгийн зүй тогтлын нэгийг судалснаар сурч эзэмшиж болдоггүй гэдгийг ойлгоцгоожээ.
Энэ бүгдийг нуршсаны учир юу гэвэл, Тэнгэр шүтлэг бөө мөргөл шашин огтоос биш бөгөөд ертөнцийн зүй тогтол, байгалийн үзэгдэл гэдгийг ухаж ойлгоосой хэмээсэн болой. Харин яагаад заавал монголчууд тэнгэр шүтлэг бөө мөргөлөө үеийн үед ихэс эгэлгүй өдөр тутмын амьдрал ахуйдаа ашиглаад тус шимийг бусдаас илүү хүртэж ирэв хэмээвээс энэ дэлхий дээр олон галвын тэртээгээс төв Азийн нутагт /одоогийн Монгол хавьцаа/ анхны хүн төрөлхтөн үүссэн бөгөөд түүнээс салбарлан нүүдэллэж одсон орчлонгийн олон түмэн /бас арай хожуу энд тэнд үүссэн хүмүүсээс/  хүнээс заяагдмал шинжээ илүү хадгалж үлдсэнээр тайлбарлах нь үнэнд нийцэх болов уу. Учир иймээс Монгол /энэ газар нутагт оршин байсан эртний овог аймгуудыг бас хэлсэн болно/  улсын мандан бадарсан, бууран доройтсон  олон зуун жилийн түүхэнд  Тэнгэр шүтлэг бөө мөргөл тасарч бөхөөгүй билээ. Монголчууд үеийн үед оршин тогтнож хүний нийгэм буруу үйлээр буруу замаар замнаж түүнийгээ хөгжил хэмээн эндүүрч өөрөө өөрсдийгөө сөнөөхөд /яг одоо болж байгаа процесс, байгаль дэлхийтэйгээ зүй бус харьцсанаар дэлхийн сүйрэл эхлээд байна. Дэлхийн энд тэндгүй болоод байгаа байгалийн гамшиг өвчин тахал, саяхан болсон Японы газар хөдлөл, дөнгөж эхэлж байна дэлхийн энд тэндгүй илүү аймшигтай гамшиг зөндөө болно, галав юүлэх гэж хэлж болно/ гамшиг дундаас үлдсэн хүн сүргийг монголчууд оройлон манлайлж Мөнх тэнгэр буюу дээд оюун ухаантай холбогдсоноор зөв зам, зөв нийгэм байгуулахыг заах үүрэгтэй ажгуу. Иймийн тулд Монгол буюу Мөнхгалынхан энэ өртөнцөд үеийн үед, үүрд орших нэр лугаа адил гал таслахгүй залгуулах үүрэгтэй билээ.
Эцэст нь хэлэхэд Тэнгэр шүтлэг бөө мөргөл буюу дээд ухамсартай холбогдох ертөнцийн зүй зохицол мөхвөөс үнэхээр ертөнцийн сүйрэл болох ажгуу. Харин янз бүрийн шашны хувьд тухайн цаг хугацаанд тэр газар оронд амьдран суугаа хүмүүс Тэнгэр буюу дээд оюун ухаантай холбогдох чадвар нь суларсан зарим нь бүр алдсан буруу хөгжсөн буруу замнасан тул дээд оюун ухааны хүслээр тэр хүмүүсийн дундаас хэн нэгнийг сонгон авч /магад нэлээд өндөр шалгуураар/ Тэнгэрээс мэдээлэл тасралтгүй өгч тэр төөрсөн олныг дагуулах манлайлагч болгон сонгож тэр сонгогдсон хүн гэгээрэн /дээд ухамсраас өгсөн мэдээллийн үрээр/ тухайн газар орон дахь хүн олны амьдралын хэв маяг ухамсрын түвшинд таарч нийцсэн оновчтой сургаал номлолоороо дагуулан сэнхрүүлснийг шашин гэх бөгөөд тэр оройлон дагуулсан Тэнгэрийн хүүг газар бүр Будда, Есүс, Мухамед гэж янз бүрээр нэрлэсэн бөлгөө. Харин анх өөр шалтгаанаар үүсч хөгжсөн шашныг улс төрийн зорилгоор ашиглан итгэл үнэмшлээр нь хуваах хагаралдуулах далд дайны хэрэгсэл болгон ашигласан нь шал өөр асуудал билээ. Эдгээр тодрон гарсан тэнгэрийн хөвгүүд нь хүмүүсийг шударга байх, хоорондоо эвтэй найртай, эд мөнгөнд хэт шунахгүй байх, өгөөмөр нинжин сэтгэл, сэтгэлийн ариуслыг номлосноос бус хожмын өдөр хоорондоо талцан алалдах хагаралдахыг уриалаагүй билээ. /ил далдаар/ Харин тэд Дээд оюун ухаан буюу Мөнх тэнгэр бий тэр нь зөв үйлээр явах аваас тэтгэдэг буруу мууг үйлдэх аваас гэсгээдэг гэдгийг нэгэн дуугаар хэлсэн билээ. Түрүүн хэлсэнчлэн тухайн газар нутаг дахь хүн олны амьдрах хэв маяг, сэтгэлгээний түвшинд тааруулан хүлээж авахуйцаар арай өөр өөрөөр номлосноос бус гагц нэг л зүйлийг айлдсан билээ.
Бүх шашны сургаалд үнэн үг буй. Учир юунд хэмээвээс уг язгуур нь нэг Мөнх тэнгэр буюу Дээд оюун ухаан болохоор. Тиймийн тул Та өөрийн итгэж, шүтдэг шашнаа шүтэгтүн, дагагтун. Харин өөр нэг шашинтай бүү жиш, аль нь үнэн,  аль нь худал, дээр доор хэмээн бүү эргэцүүл, гагцхүү худал үнэнийг хутган гуйвуулж цөөхөн монголчуудыг хагаралдуулах элдэв салаа үзүүртэй хорон үг хэлж байгаа хүмүүсээс болгоомжил, эв эеэ хичээ, хар санаатны хатгалгад бүү авт. Ямар шашин шүтлэгтэй хийгээд эс шүтдэг байснаас үл хамааран буруу явдалтан хар санаатныг гэсгээх гагц Мөнх тэнгэр бийг сана. Үнэн учир иймийг бүгдээр ухаж ойлгох аваас шашныг Дээд оюун ухаантай нэгэн байранд тавиад аль нь үнэн зөв болохыг шүүн хэлэлцэх нь хамгаас утга учиргүй төөрөгдөл гэдгийг ойлгох буй за. Үлгэрлэвээс ертөнцийн зүй тогтлыг буруу хэмээн сөрж, алив нэгэн шашинд бүгдээр итгэвээс орчлон ертөнцийн зүй тогтлыг өөрчилж болно хэмээн муйхарлан зүтгэснээс ялгаа юун.
Монголчууд бид үеийн үед тодорхой давтамжтай хүчирхэгжин үүргээ биелүүлж ирсэн бөгөөд хамгийн сүүлд найман зууны тэртээ тийн сэхэж сэрвийн, дэлхийг түвшитгэж явсныг хамгаас тод мэддэг бахархдаг билээ. Монголчуудын тэр их үүргийг зүгээр нэг байлдан дагуулалт байсан мэтээр ярьж бичих нь туйлаас учир дутагдалтай. Найман зууны тэртээх монголчууд тэр цаг үе дэх хүний нийгмийн хөгжил буруудан хэрээс хэтэрч “хөнжилдөө унтах завгүй хөнөөлдөн байлдаж, орондоо орох завгүй олзлолдон тулалдаж” эд баялаг эрх мэдлээс өөрийг бодохоо байсныг өөрсдөөсөө эхлэн түвшитгэж, улмаар дэлхийг төвхнүүлэхээр хөдлөн хожмоо гарах олон олон дайн самууны хорыг арилгахын тулд эвлэлдэн нэгдэж, буруугаа ухаагүй заримыг Тэнгэрийн тааллаар болгоосон билээ. Ийн явахдаа Тэнгэрийн тааллаар нэгэнт хүчирхэгжин өндийсөндөө эрэмшин бусдын шашин шүтлэгийг үгүй хийн өөрсдийн бөө мөргөл Тэнгэр шүтлэгийг түгээн дэлгэрүүлээгүйн учир юун хэмээвээс энд чадан ядан эвлүүлж бичсэн мөхөс миний хэлсэнчлэн тэр газар оронд үүсч буй болсон шашин шүтлэг нь тухайн хүн ард үндэстэндээ ямар ач холбогдолтой хийгээд яаж, яах гэж үүссэнийг эдүгээ цагийн мунхаг биднээс илүү тод мэддэг байсных буй за. Хэрэв тиймгүйгээс зүгээр дайны олз хайж хамгийн том газар нутагтай эзэнт гүрэн байгуулахыг зүгээр л зорьсон бол итгэл үнэмшил шашин шүтлэгээр нь дамжуулж түүнээс ч олон жилээр баттай суух үндсээ тавих байсан нь дамжиггүй. Дэлхийн түүхэнд улс төрийн зорилгоор шашин гэгчийг ингэж л ашигладаг. Тэнэг хүн ч ойлгохоор олон жишээ хэлж болно бүгд мэднэ. Харин яагаад тэгээгүйг тийм ч олон хүн мэддэггүй юм уу эргэцүүлээгүй бололтой. Үнэн гэвээс ердөө л энэ.
Дээд оюун ухаан буюу Мөнх тэнгэр нь цор ганц монголчуудын өмч биш бөгөөд энэ хорвоо дэлхийн түмэн амьтныг гэрэлт нар ялгалгүй гийгүүлж байдаг лугаа адил гэдгийг ухаж ойлговол зохино. Сэтгэлээ ариун байлгаж зөв зам мөрөөр амьдрах аваас хар, шар хэн ч байсан Мөнх Тэнгэрт тэтгэгдэнэ. Тэр илрэл нь Таны шүтдэг Тэнгэрийн хүүгийн номлосон шашнаар ч дамжин Танд хүрч болно.
Бидний Монголчууд энэ цаг дор үүнийг дор бүрнээ ухаж ойлгоод элдэв хов жив чавганцын хэрүүлээ орхин үүнээс өндөр дээд үүрэг бийг ухамсарлан санаж сэрж, эвлэлдэн нягтрах болтугай.

Сайн Ноён-Хан аймгийн Далайчойнхор вангийн хошууны Саарал адуу овгийн малчин ард Ах лам


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих