Ганзориг ахын захиас /шинэ сурвалжлага/ video

Хүний наймааны эсрэг хамтдаа тэмцэж явсан Ганзориг ах маань өнөө өглөө зуурдаар нас барлаа.Хэдхэн хоногийн өмнө тэр надад ингэж ярьсан “Ах нь ер нь хуулийн сургуульд явна гэж бодож байгаа, тэгээд хүний наймаанд охиноо алдсан над шиг хүмүүст тусламаар байна” гэж.Гэтэл тэр хүн өнөөдөр энэ хорвоо дээр алга.Тэрээр сүүлийн 7 жил хулгайд алдсан охиныхоо араас сэтгэл нь шимширсээр, эцэстээ хэтэрхий ахадсан зовлонгоо дааж чадсангүйдээ.

Цэцэг цэврүү шиг жаахан охиныг нь хулгайлж өдөр шөнөгүй хүчиндэн яргалж, өчүүхэн биенд нь дэндүү ахадсан харгис зовлонг үзүүлсэн.Ганзориг ах тэмцсэн, нэг хөл нэг гаргүй ч гэсэн шудрага ёсны төлөө, охиных нь амьдралаар тоглосон хүмүүст хариуцлага тооцуулахын төлөө ганцаараа олон жил тэмцсэн.Даанч тэр Монгол улсын хууль шүүхийн байгууллагын талаар хэтэрхий нимгэн ойлголттой байж дээ.Улаам цайм хэргийг нь 3 удаа шалтгаангүй хаасан, төрсөн хүүд нь хуурамч хэрэг тохоон 6 сар шоронд суулгасан, сүүлдээ амыг нь барьж чадахгүй болохоор эргээд өөр дээр нь зохиомол хэрэг үүсгэн хүн зодсон, охиноо хүчиндсэн хэргээр эрүү үүсгэн ялласан.Гэтэл тэр хүн чинь хүн зодох нь байтугай хөл дээрээ ч ганцаараа явж чадахгүй хүн шүү дээ.Үнэхээр цөхөрсөн дөө хөөрхий, хамгийн сүүлийн аргаа барсан сонголт нь хэлмэгдэлтийн хөшөөний өмнө суулт хийх байсан байх.”Хүний наймааг зогсооё” гэсэн лоозон бариад тэнд сууж байхад нь анх би түүнтэй танилцсан юм.Мөнгөөр амаа боолгоогүй, хэзээ ч боолгохгүй байсан хамгийн үнэтэй амьд гэрч маань тэмцлийнхээ эцсийг надтай цуг үзэж чадсангүй.Тэр гэхдээ Монголын нийгэмд маш том анхааруулгыг, маш чухал мэдээллийг хүргээд насан эцэслэлээ.Магадгүй түүний амь насны золиос, үнэ цэнэ үүнд орших байх.

Хүнийх гээд түлхсэн асуудал минь эргээд бидний толгой дээр буух цагт харамсаад барахгүй хувь тавилан биднийг хөмрөх вий дээ Монголчууд минь.

Хүний хорвоод, Монгол улсад, хүний наймааны эсрэг тэмцэж тамаас өөрцгүй амьдралаар амьдарч байгаад насан эцэслэсэн Ганзориг ахынхаа гэгээн дурсгалд зориуллаа.Та амгалан нойрсоорой


URL:

Сэтгэгдэл бичих