Дүүрэг бүрт давс цацдаг шинэ төхөөрөмж олгоно
Нийслэлийн өвлийн бэлтгэл ажлын хүрээнд автозамын хальтиргаа, гулгааг арилгах үүднээс бодис, давс цацдаг шинэ төхөөрөмжтэй болж байгаа аж.
Тиймээс энэ талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны мэргэжилтэн О.Оджаргалаас тодрууллаа.
-Давс цацдаг шинэ тоног төхөөрөмжтэй болж байгаа гэсэн. Энэ талаар?
-Нийслэлийн өвлийн бэлтгэл ажлын хүрээнд авто замын халтиргаа гулгааг арилгах бодис, давс цацах тоног төхөөрөмжийг Нийслэлийн хот тохижилтын газарт туршилтын журмаар эхний ээлжинд нэгийг авсан.
Цаг агаарын мэдээгээр ойрын өдрүүдэд цастай гэсэн. Тиймээс уг тоног төхөөрөмжийг зам талбай дээр ажиллуулж үзнэ. Уг төхөөрөмж нь Япон улсад үйлдвэрлэгдсэн. Цэвэр ган төмрөөр хийгдсэн учир зэврэхгүй, хөнгөн нийт жин нь 150 кг жинтэй төхөөрөмж юм.
-Уг төхөөрөмжийг аль замуудад туршиж үзэх вэ. Санхүүжилт нь хаанаас гарч байгаа юм бэ?
-Нарны гүүр их тойруу, бага тойруу гэх зэрэг өгсүүр, өөд замуудад бодис, давс цацах тоног төхөөрөмжийг туршиж үзэхээр ажиллаж байна. Тоног төхөөрөмжийг худалдаж авах захиалагч байгууллага нь Нийслэлийн захирагчийн алба, харин хүлээж авах газар нь Нийслэлийн хот тохижилтын газар, гүйцэтгэгч компани гэсэн гурвалсан гэрээ хийж гэрээний дагуу уг тоног төхөөрөмжийг нийслэлийн мэдэлд шилжүүлэн нийслэлийн хөрөнгөөр худалдан авсан.
-Давс цацдаг төхөөрөмжийг нэмж авах уу. Нийслэлийн хэмжээнд ганц л байх юм уу?
-Энэхүү тоног төхөөрөмжөө туршиж үзсэний үндсэн дээр төвийн зургаан дүүрэгт мөн байх ёстой төхөөрөмж юм байна гэж үзсэн. Тиймээс зургаан дүүрэгт тус бүрт нь нэг нэгийг авч өгөхөөр төлөвлөөд байна. Төхөөрөмжүүдийг нэмж авах хөрөнгө мөнгө нь шийдэгдчихсэн байгаа.
-Уг төхөөрөмж хүчин чадлын хувьд ямар вэ?
-Хүчин чадлын хувьд авто замын хэмжээнд 3-6 метрийн радиустай 12-24 вольтоор ажилладаг. Нэг тонн бодис, давсны багтаамжтай. Түүнчлэн уг төхөөрөмжийг портер маркийн авто машин дээр бэхлээд нам дор газраас бодис давсыг цацах тохиргоотой. Мөн хурдан, удаан буюу их, багаар цацах тохиргоотой. Тиймээс уг төхөөрөмжийг ажиллуулах механикч нь тохируулан ажиллуулах боломжтой. Гэхдээ заавал мэргэжлийн хүн тухайн төхөөрөмжийг ажилуулах ёстой гэсэн үг биш юм. Учир нь уг төхөөрөмж нь маш энгийн үйлдэлтэй.
-Өмнө нь давс цацдаг байсан машинаас уг төхөөрөмж юугаар давуу юм бэ?
-Одоо байгаа машин өвлийн улиралд доогуураа шүүрдээд бодис, давс цацдаг. Зун болохоор тэвшээ солиод усалгааны системд явдаг. Тиймээс үнийг хувьд ч одоо ирэх төхөөрөмжөөс харьцангуй үнэтэй машин. Гэхдээ уг машин бодис, давсыг газрын төвшингөөс өндөр цацдаг. Тиймээс зай хэмжээ алдагдаад ард нь хөдөлгөөнд оролцож байгаа жижиг машины урдруу цацагддаг дутагдалтай.
Мэдээж уг машины ард нь яваа машин тодорхой хэмжээнд зай бариад хөдөлгөөнд оролцвол дээрх шиг тохиолдол гарахгүй байх боломжтой. Харин одоо ирж байгаа төхөөрөмж нь газраас 30-40 см өндөрт байрлан маш доогуур цацна. Мөн хурдан, удаан, их багыг нь тохируулан цацах учир өмнөх машиныг бодвол нэлээд дэшилттэй юм. Гэхдээ зөвхөн өвлийн улиралд л ашиглана.
-Дүүргүүдэд уг тоног төхөөрөмжийг нэмж өгсөнөөр гол замуудаа хальтиргаа, гулгаагүй байлгаж чадах болов уу?
-Дүүрэг бүрт өмнө нь байгаа автомашин дээр нь бодис, давс цацдаг тоног төхөөрөмжийг нэмж өгөхөөр үндсэндээ дүүрэг бүр давс цацах хоёр хэрэгсэлтэй болно гэсэн үг. Тиймээс дүүргүүдийн хальтиргаа гулгаа үүсдэг замуудад бүрэн хүрч ажиллаж чадах байх гэж бодож байна.
-Өвлийн бэлтгэл ажлын хүрээнд өөр ямар ажил хийгдэж байна вэ?
-ТҮК-д элс, давс, бодис нөөцлөх ажил хийгдэж байна. Мөн зам талбай дээр ажиллах ажилчдын өвлийн өмд, цамц, гутал зэрэг бүх бэлтгэл ажлыг хангуулах захирамжийг дүүргүүдэд хүргүүлсэн байгаа.
Ж.Отгонмягмар
URL:













