“Нонг шим” гоймонг Монголд шинжлэх боломжгүй

Солонгосын “Нонг шим” бэлэн хоолноос хорт хавдар үүсгэдэг бензоприн бодис илэрснээс болж уг гоймонг Монголд худалдаалахыг түр хугацаагаар зогсоох шийдвэр гарсан билээ. Гэвч дэлгүүрүүдээр “Нонг шим” гоймонг худалдаалсаар байна. Цаашид ямар арга хэмжээ авах талаар ШӨХТГ- ын дэд дарга А.Ариунболдоос тодрууллаа.

-“Нонг шим” гоймонг шинжилгээнд явуулсан уу?

-МХЕГ-аас өнөөдөр бидэнд шинжилгээний талаар хариу өглөө. Бензоприн гэдэг бодисыг дотооддоо илрүүлэх техникийн боломж байхгүй гэсэн. Тиймээс ОХУ, БНСУ уруу шинжилгээнд явуулахаар болсон. Шинжилгээний хариу хэзээ ирэхийг тодорхой мэдэхгүй байна. МХЕГ-аас өгсөн мэдээллээр Солонгост үйлдвэрлэсэн зургаан төрлийн гоймонгоос бензоприн бодис 10 микро граммаас илүү гарсан.

-Хэдэн компани Хятадаас гоймон импортолдог вэ?

-Одоогоор “Грийн сити” компани гэрээт борлуулагчаар ажилладаг. Бусад худалдааны байгууллага хаанаас авдгийг нь тодруулахаар ажиллаж байна. “Грийн сити” компани өнгөрсөн тавдугаар cap болон аравдугаар сард гэхэд л 19 сая бэлэн гоймон оруулж ирэх мэдүүлэг бөглөсөн байгаа юм. Импортлогч компанийн зүгээс Хятадад үйлдвэрлэсэн, Солонгост үйлдвэрлэсэн гоймонгууд хоорондоо ялгаатай гэсэн тайлбар хийж байгаа юм.

-Гоймонгийн худалдааг яаж хязгаарлах вэ?

-ШӨХТГ-аас уг гоймонг худалдаалахыг түр хугацаагаар зогсоосон. Гэвч зарим дэлгүүрээр зарагдаж байна гэсэн мэдээлэл манай байгууллагад ирсээр байна. Үүнийг таслан зогсооход манай байгууллагын хүн хүч хүрэлцэхгүй байгаа.

-БНСУ-ын Элчин сайдын яамнаас мэдэгдэл ирүүлсэн үү?

-“Нонг шим” гоймонгийн талаар албан ёсны мэдээлэл авахаар ДЭМБ, БНСУ-ын Элчин сайдын яаманд хандсан. Одоогоор эдгээр байгууллагаас ямар нэгэн хариу ирээгүй.
Эх сурвалж: “Үнэн.мн”


URL:

Сэтгэгдэл бичих