Сэлбэ голын урсацыг нэмэгдүүлэх ажил дахин үргэлжлэх үү
Нийслэлийн хөрөнгө оруулалтаар Сэлбэ голын урсацыг нэмэгдүүлэх төслийг эхлүүлсэн. Өнгөрсөн хугацаанд багагүй ажил хийгээд буй төслийн багийн ажил энэ жил зогсоход хүрчээ. Учир нь тохижилтын ажил хийхэд шаардлагатай 5.5 тэрбум төгрөгийг энэ оны төсвийн тодотголоос хассан юм.
Сэлбэ голын урсацыг нэмэгдүүлэх, ойр орчмын тохижилт хийх ажлыг Сүхбаатар дүүрэг хариуцаж байгаа. Энэ ажлын үр дүнд өнгөрсөн хугацаанд ширгэх аюул нүүрлээд байсан Сэлбийн гол сэргэж, урсац нь 90 хувиар нэмэгджээ. Мөн зүүн, баруун эрэг дагуу тохижилтын ажил хийсэн нь энэ ажлын эхний үр дүн болсон.
Гэтэл энэ оны төсвөөс сэргээн засах ажлын зардлыг хассан нь цаашид төсөл үргэлжлэх боломжгүй болгожээ. НИТХ-ын төлөөлөгчид “Хүйтний улирал эхэлж, цаашид сэргээн засах ажил хийж амжихгүй. Тиймээс энэ оны төсөвт энэхүү зардлыг суулгах нь илүүц” хэмээн үзсэн байна. Түүнлэн 2013 оны төсвөөр дахин хэлэлцэх шаардлагатай бөгөөд ирэх хавраас тохижилтын ажлаа үргэлжлүүлэн хийх боломжтой гэдгийг ажлын хэсгийнхэнд мэдэгджээ.
Харин төслийн багийнхны төлөвлөснөөр энэ сарыг дуустал тохижилтын ажлаа хийх боломжтой байгаа гэнэ. Түр хугацаагаар ажил зогссон шалтгаан нь “100 айл”-ын хос гүүрний засварын ажил бүрэн дуусаагүйтэй холбоотой, төлөвлөгөөний дагуу ажлаа хийх нь цаг хугацааны хувьд ч зөв шийдэл болно гэсэн байр суурьтай байгаа ажээ.
Ямартай ч НИТХ-ын нэгдсэн хуралдаанаар энэхүү төслийн ажлын зардлыг дэмжээгүй. Ийнхүү сүр дуулиантай эхэлж, чамгүй амжилттай байсан Сэлбэ голын урсацыг нэмэгдүүлэх төслийн багийн энэ жилийн ажил дуусгавар болов. Тэд ирэх оны төсөвт шаардлагатай байгаа 5.5 тэрбум төгрөгийг суулгаж өгнө гэдэгт найдаж, хүлээх л үлдэж байна.
Хэрэв 2013 оны төсөвт батлахгүй бол Сэлбэ голын урсацыг нэмэгдүүлэх ажил дутуу хэвээр үлдэх нь. Цаашид үргэлжлэх үгүйг ирэх оны төсөв л шийдэх нь бололтой.
Эх сурвалж: “Өглөөний Сонин”
URL:










