Марзан улстөр
Монголын улстөрчдийн марзганал сүүлийн үед хэрээс хэтэрч байна даа. Өөрсдийгөө “Төрд хэрэгтэй зайран” гэж бодоод дүрдээ итгэчихсэн хэсэг бүлэг хүмүүсийн гайгаар 4 сарын өмнө шийдэгдсэн байх учиртай сонгуулийн асуудал өнөө хүртэл цэгцэрдэггүй. Арай гэж эмхэлсэн төрийн ажил нь алдаг оног. Шийдэх олон асуудлууд нь шилээ даран хүлээгээстэй .”Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй” гэдэг үг ч улиг болох янзтай. Арай ч хэтэрч байгаа юм биш үү? эрхмүүд ээ.
Байдантай юу буурал улстөрчид
Буйдантай юу буурал улстөрчдийг
Бүүвэйлж өсгөсөн МАН минь дээ
Буруу зөв нь ч хамаагүй
Будлиулж буцаж сургасан МАН минь дээ
Ямар ч сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрдөггүй муу жишиг тогтож орхиж дээ Монголд минь. “Бид заавал ялах ёстой, эс тэгвэл хэнч ялахгүй” . Сонгогчдийн санал, гараар болон автомат машинаар тоолох зэрэг огтхон ч хамаагүй. Сонгуулийн “будилсан” гэх тодотголтой тойргуудийн асуудал шийдэгдэхгүй ужиграх тусмаа далд хуйвалдааны золиос болдог.
Хуулийн дагуу хэн ч асуудлыг шийдэхгүй, шийдэхийг хүсэхгүй байгаа нь олон жилийн хуйвалдаан, зөвшилцөл нэртэй тохиролцооны муу үр дагавар. Үүний төлөө МАН, АН хоёулаа хариуцлага хүлээх ёстой. Учир нь энэ байдалд гаршсан тэд хэн хэнийхээ “но”-г мэдэж байгаа учраас л барьцаж байгаа хэрэг. Энэ бүхний цаана төрийн эрхийг хууль бус аргаар авч байсан олон заваан үйлдлүүд оршиж байгаа.
МАН-ын олон архаг улстөрчид Өвөрхангайн сонгуулийн асуудлаар төрийн ордон дотроо УИХ-ын чуулганы танхимын үүдийг буйдангаар таглан хэд хоног сууж “тэмцэв”. “Аргаа барсан хүүхэд аавынхаа толгойг маажив” гэдгийн үлгэр тэднийг харахад санаанд бууна. Урдаа жижиг цаас барьчихаад баясгалантай нь аргагүй мишээж суугаа тэднийг харахад , үзэл бодлынхоо төлөө тууштай тэмцэж байгаа биш, намын даалгавраар “аргаа баран сууж байгаа нь илт.
Тэдэн дотор өмнөх сонгуулийн хугацаанд УИХ-ыг даргалж байсан, Ерөнхий сайд байсан хүмүүс сууж байлаа. Монголын төрийг удирдаж шийдвэр гаргаж байсан эрхмүүд сонгуулийн тойргийн 2 суудлын төлөө төрийн ажлыг санаатайгаар саатуулж байгааг хараад хэлэх ч үг олдсонгүй. Хуулийг өөрсдөө зөрчиж буйдаа огтхон ч сэтгэл нь зовохгүй, бас ичихгүй. Та нар нээрээ ямар өчүүхэн байна даа. Төр гэдэг зүгээр л нэг марзан нөхдийн удирдаж байдаг компани, эсвэл хувийн байгууллага биш.
Буцаад татагдахыг чинь мэдсэн бол…
Буцаад татагдахыг нь мэдсэн бол
Саналаа юунд өглөө дөө
Баруун зүүнээр тараасан
Мөнгийг нь яах гэж авав даа
Ай хөөрхий гишүүд минь дээ.
Сонгуулиар мөнгө тарааж, мөнгө амалж гарч ирдэг жишиг Монголд бий. “Амташсан хэрээ арван гурав дахина” гэдгийн үлгэрээр “Мөнгө тарааж болохгүй шүү” гээд байхад нь “мэдэн будилж” тараасан зарим нөхдийн” хуучраагүй хэрэг” сөхөгдөв. Асуудал шударгаар шийдэгдэх аваас тэдний гишүүнчлэл хүчингүй болж буцаан татагдана.
Увсын болон Өвөрхангайн тойргийн маргаантай асуудлууд “мөнгө тараасан” гэх тодотголтой. Хамгийн сонирхолтой нь сонгуулийн үеэр энэ асуудал баримтаар нотлогдоод байхад авч үзээгүй мөртлөө гэнэт нэгэн цагт “ухаан орж” асуудлыг хөнддөгт байгаа юм. Бодвол “байдлыг харзнаж” байгаад “барьцаа” маягаар асуудлыг авч үздэг тактик юм болов уу? Яг үнэндээ нэр дэвшигчид бүгдээрээ “энхийн тагтаа” байгаагүй л байх.
” Баригдсаных нь хохь, баригдаагүйнх нь зол” гэдэг дээ. Хэрэв шударга байя гэж бодсон бол тухайн үед нь шалгаж нотлоод асуудлыг шийдэхэд тийм ч хэцүү биш. Заавал хэзээ хойно “нүүрийг нь улайлгаж, нүдийг нь бүлтийлгэх” хэрэг байсан ч юм уу. Энэ хэрээр хүмүүсийн сонгууль шударга явагддаг гэдэгт итгэх итгэл алдарч, сонгосон гишүүд нь будилах тусам сонгогчдийн эрх ашиг нь хохирч л байгаа.
Асуудал удах тусам хүмүүсийн анхаарал суларч ” за даа эд тэгж байгаад хуйвалдах л байх даа” гэх хэнэггүй санаашралаар солигдоно. Үүнийг дагаж ” хэн ч байсан ялгаа юу байна даа” гэх гоморхол, дараагийн удаад сонгуульд санал өгөх идэвхийг нь тушиж орхих. Энэ хэрээр төрд иргэх хүмүүсийн итгэл бага багаар алдагдаж л байгаа. Харин үүний хариуцлагыг хэн хүлээх юм бол. Намын эрх ашиг нь нийт олны эрх ашгаас дээгүүр тавигдах буруу хандлага хэзээд арилах вэ? эрхмүүд ээ.
Төөрч будилсан гишүүд…
Мандаж гардаг нар нь шингэхэд
МАНАН-тайгаа олуулаа хө
Мартагдашгүй 4 жил болсон боловч
Мансуурах нойрондоо ч МАНАН-тайгаа хө
Монголд сүүлийн 20 жилд МАН-МАХН-АН гэдэг гурван намын дунд л хүмүүс төөрч будилав. МОНГОЛ Ардчилсан-Ардын-Хувьсгалт НАМ гэдгээрээ л ялгардаг юм шүү дээ. Монголын улстөр энэ л 4 үсэг дээр 20 жил эргэлдэв. МАН-аас гарч МАХН-д элсэж, МАХН-аас гарч АН-д элсэж гэхчилэнгээр олон ч хүмүүс төөрч будилан “төрхөмдөө” буцаж ирнэ.
Яг үзэл бодлын нарийн ялгааг тэр болгон ойлгож мэдэхгүй. Заримдаа ч нэрийг нь сольж андуурна. Сонгууль дөхөхөөр нэр алдартай хүмүүс, шинэ үеийн залуус бөөн бөөнөөрөө аль нэгэн намд элсэж, баяр бахдалтайгаар батлах юуг нь энгэртээ тэвэрч байгааг мэдээлийн хэрэгслэлүүдээр тасралтгүй мэдээлэн сурталчилна. Бусад үед нь яагаад ингэж элсдэггүйг нь хэн ч анзаарахгүй. “Тийм л учиртай юм байх” гэж Майн баярын жагсаалд жагсаж байсан үе шигээ л санана.
Албан тушаал дэвших, ашиг орлого хүртэх, ял шийтгэлээс мултарахад НАМ л хэрэг болдог жишиг Монголд бий. Тийм болохоор хүмүүс МАН-МАХН-АН-ын төлөө байнга талцан маргалдана. Харин сүүлийн жилүүдэд “архаг улстөрчид”, “мөнгөтэй улстөрчид” намыг удирдаж, бялууны амттайг хүртэж байна. Намд олон жил идэвхитэй зүтгэсэн нь биш, өөрийн үзэл бодолдоо үнэнч нь биш, мөнгө ихээр хандивласан нь дуртай албан тушаалаа авч байна. Тэгээд бодохоор нэг л биш ээ, энэ намууд.
Эсэргүүцэл дургүйцлээ илэрхийлэх үед олон хүний хэрэг болбол мөнгөөр жагсаал цуглаан зохион байгуулна. “Ард түмэн минь” асгаруулан мэлмэрүүлэн уяруулна. Ашигласан хойноо “хэрэг нь бүтвэл” хэнийг ч тоож харахгүй. Ийм л нөхцөл дунд олон олон хүмүүс өөрт хэрэгтэй намаа хайн бэдрэх аж. “Дүр эсгэсэн хувьсгалчид” ингэж л төрдөг аж.
ТӨГСГӨЛ
Түүхийн олон нугачаанд “хувьсгалыг ухаантангууд сэтгэж, тэнэгүүд хийж, бэртэгчингүүд үр дүнг нь завшиж” иржээ. Улстөр хүмүүсийг сайхан ярихад сургадаг. Манай улстөрчид бүгдээрээ л сайхан ярьж сурчээ. Харин хийж сурсангүй. АН анх удаа олонхи болсон энэ сонгуулийн дараа бага бус нааштай эхлэл гарч байгаа. Улаанбаатар хотын захирагч болсон Э.Бат-Үүл тэргүүтний, Шударга өрсөлдөөний байгууллагыг удирдаж байгаа Магнай тэргүүтний эхэлж байгаа олон ажлууд хүмүүсийн итгэл найдварыг бага ч болов сэргээж дэмжлэгийг авч байна. Хүмүүс ярихыг биш хийж эхлэхийг хүлээж байна.
Улстөрийн МАНАН дундаас ШУДАРГА ЁС-ыг тогтоох эхлэл болох ХАРИУЦЛАГА-ын тогтолцоог бага багаар бий болгох аваас олны дэмжлэгийг заавал хүлээх болно. Хэн ч хариуцлага хүлээдэггүй болохоор, өдийг болтол хэн ч хариуцлага хүлээгээгүй болохоор л улстөрчид ингэж увайгүй, эрээ цээргүй, ичих булчирхайгүй авирлаж байгаа юм. Бүр бүх шатандаа ч ийм байгаа.
Хэрэв хариуцлагын тогтолцоог жинхэнэ байдлаар нь бий болгож чадвал ийм хүмүүс улстөрд орох орон зай байхгүй болно. “Даахгүй нохой булуу хураав” гэдгийн үлгэрээр хэн ч чадахгүй зүйлээрээ өөрийгөө зовоохыг хүсэхгүй болно. Бас өөрийн хүн чанараа алдаж бусдын доог болох хэрэггүй болно. Заавал дарга болохгүйгээр хийж болох ажил маш их байгаа.
“Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй” гэж монголчууд хэлэлцсээр иржээ. “Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй” гэдэг үг ч бий. 20 жил олигтой өөрчлөлт хийж чадаагүй атлаа заавал улстөртэй ингэж зууралдах хэрэг юун. Чадахгүй байж ингэж марзаганах хэрэг юун. Ялагдлаа хүлээж, ялалтынхаа төлөө хариуцлагаа үүрч сурмаар юм.
Ялалт ялагдлынхаа ялгааг олж мэдрэхгүй бие биенийхээ хөлд дэгээ тавьж суух хэрэг юун. Цаг хугацаа биднийг хүлээхгүйн адил биднийг уучлахгүй. Хийж шийдэх ажил их байна даа улстөрч эрхмүүд ээ. Ажлаа хийцгээ л дээ.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
URL:













