Австраличууд Овоотын коксжих нүүрсийг 20 жил зөөхөөр болжээ

Австралийн “Aspire Mining” компани Монгол дахь коксжих нүүрсний хоёрдахь том орд болох Овоотын уурхайд ажиллаж байгаа билээ. Тэгвэл нөөцийг шинэчлэн тогтоох судалгааны өрөмдлөгийн дүнд Овоотын уурхайн нөөц 23 хувиар нэмэгдэж 219 сая тоннд хүрсэн талаар “Aspire Mining”-ийнхан өнөөдөр мэдэгдлээ. Өмнө нь тус компанийнхан энэ уурхайг 178 сая тонн коксжих нүүрсний нөөцтэй гэж үзэж байжээ. Ингэхээр сүүлийн судалгаагаар коксжих нүүрсний нөөц 41 сая тонноор нэмэгдсэн гэсэн үг юм. “Aspire Mining”-ийн удирдлагууд нөөц нэмэгдсэн явдал нь компанийнх нь ирээдүйг гэрэл гэгээтэй болгоно гэж найдаж буйгаа илэрхийлжээ.
Нөөц нэмэгдсэнийг даган Овоотын коксжих нүүрсний уурхайн ашиглалтын хугацаа таван жилээр уртасч байгаа талаар тус компани мэдэгджээ.
Нэг зүйлийг онцлоход олны анхаарлын төвд байгаа Таван толгойн орд коксжих нүүрсний нөөцөөрөө Монголд тэргүүлдэг. Харин “Aspire Mining”-ийн мэдлийн Овоотын уурхай 219 сая тоннын нөөцөөр удаалдаг байна. Гуравдугаарт “Монголиан Майнинг Корпорэйшн” буюу “Энержи Ресурсес”-ийн эзэмшдэг Ухаа Худагийн уурхай 239 сая тоннын нөөцтэйгээр бичигддэг аж.
Тэгэхээр Монголын хоёрдахь Таван толгой гэж хэлж болох энэ ордын нөөцийг Австралийн “Aspire Mining”-ийнхан 20 жилийн турш зөөхөөр төлөвлөөд байгаа гэсэн үг юм. Коксжих нүүрс нь ган үйлдвэрлэлийн гол түүхий эд тул үргэлж эрэлт ихтэй байдаг. Тэр ч үүднээсээ коксжих нүүрсний үнэ энгийн нүүрстэй харьцуулбал өндөр түвшинд байсаар өнөөдрийг хүрчээ. Тиймээс Овоотын уурхай “Aspire Mining”-ийнхны халаасыг ихээр түнтийлгэх нь тодорхой байна.
Овоотын уурхай нь Хөвсгөл аймагт буюу ОХУ, Монголын хилтэй маш ойрхон байрладаг аж. Энэ нь бүтээгдэхүүнээ экспортлоход тээвэрлэлтийн зардал бага байх нөхцөл болно гэж “Aspire Mining”-ийнхан үзжээ.
Энэхүү мэдээлэл олон нийтэд хүрсний дараа Австралийн хөрөнгийн бирж дээрх “Aspire Mining”-ийн хувьцааны ханш 0.3 хувиар өсч 0.085 австрали долларт хүрчээ.

Д.Оюунбаатар

Mnews.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих