Харь санаатнууд зайгаа тавьж өг
Эх түүхийг минь үгүйсгэсэн элдэв таагүй явдал сүүлийн хэдэн өдөр Төрийн ордноос сүүдэртээд нэг л биш. Энэ нь сүүлдээ газар авч санаатай, санамсаргүй нь мэдэгдэхгүй элдэв хачин үгсээр улам бараантаж, та бид хэнээр төрөө бариулаад буйгаа ойлгоход бэрх болоод байна. Эдгээр эрхмийн нэг нь УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат. Тэрбээр өнгөрсөн мягмар гаригт болсон Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлын үеэр Улс тунхагласны өдөр буюу монголчууд бидний дэлхий дахинд тусгаар улс болсноо дуу нэгтэйгээр зарласан өдрийг “хар” хэмээн зүхэж, хачин муухайгаар доромжлов.
Түүний хэлж буйгаар хамжлагат ёсыг халж, Үндсэн хуулиа батлан ард түмнийхээ эрхийг дэлхий дахинд тунхагласан энэ өдрийг “хар” гэсэн жагсаалтад оруулаад харааж зүхэх учиртай юм гэлээ. Монгол төрийн, монгол түшээгийн амнаас унасан гэхэд дэндүү алс бас харь хүний үг шиг санагдаж буй биз. Магадгүй эндээс Д.Эрдэнэбат гэх нөхөр монгол хүн үү, эсвэл Монголын төрд шургалсан эрлийз хурлийзуудын нэг нь юм болов уу гэж хардахад хүргээд буй юм. Яагаад гэвэл өвөг дээдсийнхээ халуун цусаар энэ өдрийг олсон монгол хүний амнаас яагаад ч ийм үг гарахгүй бөгөөд хэрэв Монголын төрд харь санаатнууд шургалсан бол үтэр түргэн зай бол гэж зориглон хэлэх гэсэн юм. Басхүү тэрбээр “хар” хэмээн нэрлээд буй тэр түүхийн буянаар өнөөдрийн ардчилсан парламентын суурь тавигдаж, энэ суудалд суусан гэдгээ мартах учиргүй бөгөөд XX зууны Монголын эрэлхэг хөвгүүдийн хойноос буян үйлдэж бурханд сүсэглэдэггүй юм гэхэд бий болгосон гавьяаг хараар будах эрхгүй учраас ийн хэллээ.
Уг нь бид, Монголын 2,7 сая иргэн өөрийн гэсэн тусгаар улстайдаа баярладаг. Харь улсад чичирч, чичлүүлж, ядарч явахдаа миний эх орон гээд цээж дүүрэн амьсгалах эх нутагтайдаа баярладаг. Бас энэ тусгаар тогтнолоо дэндүү олон буюу монгол, орос аавын хөвгүүд, охидын цусаар олж авсан болохоор агуу их найрагч, ардын уран зохиолч Д.Пүрэвдорж агсны бичсэнчлэн
“…Эзэн сууж жаргасан их заяагаа сүсэглэж
Эх орон таныхаа ирээдүйн таалалд нийцүүлж
Эрдэнийн далайгаас шүүрдсэн итгэлийн сувд үсгээр
Эрх жаргалаа баталсан иргэн бүхний гараар
Тусгаар тогтнол чамайг тунхаглан бичнэ, би…” гэсэн шад мөрүүдээр сэтгэлдээ сийлж түүндээ онгирч, омогшиж явдаг азтай ард түмэн хэмээн тунгаадаг юм. Энэ бол тусгаар Монгол Улстай, дэлхийн хаана ч очсон иргэний үнэмлэхээ гаргаад “Би монгол” гэж нүүр бардам хэлэх 2,7 сая иргэний сэтгэлийн их бардамнал билээ. Бас 1924 оны арваннэгдүгээр сарын 26-ны 16 цаг 17 минутад БНМАУ-ын Анхдугаар Үндсэн хуулиа баталсан түүхт өдөр учраас бүх нийтэд таалагдах гэж эзэн Чингис хааны төрсөн өдөр мэтийг зохиодог худал бус үнэн баримт гэж ч болно. Харамсалтай нь, энэ өдрийг хараар будах гэсэн улстөрчдийн явцуурал хэрээс хэтэрч тусгаар улс болсон өдрийг улс төрийн өшөө авалт маягийн зүйл болгож буй нь дэндүү явцуухан бас өрөвдөлтэй санагдаж байна.
Уг нь Д.Эрдэнэбат гэх эрхэм Монгол төрийн жолоог чамгүй удаан хугацаанд атгалцаж бас ч үгүй улс төрийн тогоонд овоо хэдэн жил “чанагдсан” гэдэг утгаараа дэд сайдын хариуцлагаа ч үл ухамсарлах Э.Эрдэнэжамъян мэтийн бацаануудын дэргэд хэлж буй үг нь ч, хийж буй үйлдэл нь арай өөр байх учиртай. Тэгдэг ч байх гэж найдаж, итгэж байсан юм.
Харамсалтай нь, тэрбээр “ардчилал” гэсэн гивлүүрийн араас дур зоргоороо чалчдаг улс төрийн хий нь, цочоо нь гараагүй бацаануудаас дээрдэх юмгүй төдийгүй бусадтайгаа адил эх түүхээ үгүйсгэсэн тэрсүүд үзэлтэн болж таарав. Ардчилсан намаар овоглосон түшээд хэлж байна л даа. “Монголчууд бид дэндүү олон жил нэг намын хараан дор байж тэдний үзэл суртлаар хүмүүжсэн” гээд л. Бас тэр нийгмийн үлдэгдэл гээд хөшөө дурсгалуудыг нураан дэггүйтэж, элдэв болчимгүй үгээр мөнхийн хөршүүдийнхээ араанд зуугдаж байна. Гэтэл одоо энэ нь багадаад өвөг дээдсийн минь халуун амиараа олж өгсөн тусгаар тогтнолыг үгүй хийх янзтай. Уг нь бид нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Энэ нь, нэг намын үзэл суртал дор олон жил байсан монголчууд ардчиллын буянаар 20 жилийн өмнө нойрноосоо сэрж, одоо тэр бүхэн түүх болсон үлдсэн гэдгийг. Иймээс л хөшөө мэтхэнтэй дайтаж, үнэн түүхийг худал болгох гэж бүү улайраач хэмээн хүсэх байна. Үнэндээ бол бид азтай ард түмэн. Өөрийн гэсэн эх оронтой, тусгаар улс болсон өдрөөрөө сайхан хувцсаа өмсөөд “Бидэнд ийм ирээдүйг бий болгосон өвөг дээдэстээ талархаж байна” гээд хэлчих тийм л соёлтой ард түмэн хэмээн найддаг юм.
Эцэст нь Монголын түүхийг хараар буддаг эрхмүүдэд дуулгахад Монгол Улсын гавьяат хуульч, Монгол Улсын Үндсэн хуулийн эцэг хэмээн нэрлэгддэг Бяраагийн Чимэд “Монголчууд бид эх орныхоо эзэн гэдгээрээ бахархдаг.
Эх орон түүний эзэн байна гэдэг нь төрсөн газар, орших нутаг хоёроос хол давсан гүн утга чанартай. Яагаад гэвэл аль нэг улсын “хараат” буюу “асрамж”-ийн газар нутагт төрсөн хүмүүс “миний нутаг, миний эх орон” гэх аз нь дутдаг юм. Яагаад гэвэл тэр бусдын эзэмшил нутаг. Тэгвэл тусгаар тогтносон улс байж эх орон, түүний хууль ёсны иргэн байж сая нэг “Би эзэн нь” хэмээн омог бардам хэлж болно. Иймд бид тусгаар Монгол Улсаа эх орон, төрсөн биеэ эзэн нь гэдэг юм. Мөн Монгол Улс тусгаар тогтнолыг, Монголын ард түмэн гэж батлан тунхаглах зүйл нь бидний тусгаар улс болсны нэрийн хуудас Үндсэн хууль” хэмээн хэлнийг эрхэм гишүүн Д.Эрдэнэбатад хаяглав.
URL:




