Шинэчлэл хийх гээд шившиг болох вий

Шинэчлэх уриаг нь сонсохоор нээрээ ч шинэчилмээр л санагдах юм, шийдэл санаачлага нь бас итгэл төрүүлэм байх бөлгөө. Гэвч арга барил нь ард түмэнд айдас төрүүлж эхэллээ. Уг нь хэн хүнгүй л “Ардчилал” гэж ярих авч ардчилалыг хэрэгжүүлэхгүй юм бол юуг ардчилал гээд байгааг хүмүүс бүр ойлгохоо байлаа. Ардчилсан нам засгийн газрыг байгуулах нь ардчилал хэрэгжиж байна гэсэн үг үү? Ардчилсан нам сонгуульд алагдсан бол энэ улс оронд ардчилал байхгүй байна гэж хэлэх үндэслэл болж байгаа хэрэг үү? Үнэндээ нэг шүүмжлэлтэй санал хэлье гэж бодлоо. Ардчилсан гэх нэрээрээ улс төрийн тоглолт хийж болох ч энэ бол нэр төдий зүйл. Өөрөөр хэлбэл Сайханаа гэдэг нэртэй хүн бүр сайхан царайтай, эсвэл сайхан сэтгэлтэй байдаггүйг хэн хүнгүй л мэднэ. Тэгвэл Ардчилсан гэдэг нэртэй учраас тэд цэвэр ардчилсан зарчимтай хүмүүс мөн үү? Үнэхээр үүнд л эргэлзээ төөрөгдөл төрч эхлээд байгааг товчхон хүргэхийг зорилоо.

Уг нь улс даяар ардчилал ярьж, ардчилалд хүрэх гэж байдаг аргаа хэрэглэж байна. Ард түмэн ч Ардчилсан намд итгэл хүлээлгэн засаг байгуулах эрхийг олгоод байгаа. Энэ бол ардчилалыг хөгжүүлэхэд олдож буй маш том боломж. Бүх зүйлийг ардчилсан ёсоор шийдвэрлэж, эрхзүйт төрөөр хэрэгжүүлэх бүрэн эрх үүсээд байгаа. Ардчилалд олонхын саналаар шийднэ гэсэн том зарчим байх хэдий ч цөөнхийн үгийг сонсдог дагалдах зарчим байс үйлчлэх ёстой. Тэгвэл өнөөдөр ардчилалын зарчмууд төгс утгаараа хэрэгжиж байна уу? Цөөнх гэдэг хүмүүс хаа газар байдаг хэсэг. Цөөнхийг хүлээн зөвшөөрч байж нэгэн цогц болох учиртай. Энгийн үгээр бол айлын 10-н хүүхдийн нэг нь дандаа өөр байр суурьтай байдаг бол тэр хүүг гэрээсээ хөөх ёстой гэсэн үг биш. Үнэндээ энэ удаагийн төрийн үйл хэрэгт бол нэг хүүхэд ч биш айлын 10-н хүүхдийн гурваас дөрвөн хүүхэд ийм байдалтай бол болоод байгаа.

Тэднийг өнөөдөр буруутгах олон шалтгаан байгаа ч зөвтгөх ганцхан шалтаан нь тэдгээр хүүхдүүд бусдыгаа хүлээн зөвшөөрөөд, бусдынхаа дүрмээр тоглоно гэдгээ аль 20 гаран жилийн өмнө хүлээн зөвшөөрсөн. Аль нэг үзэл баримтлал, нам дагасан өмөөрөх байр сууринаас хэлж байгаан биш. Харагдаж байгаа үйл явцыг л дүгнэж байгаа нь энэ.

Ардчилсан намын дарга нэгэнтээ хэлсэн үгэндээ “Ардчилсан нам аль 20-н жилийн өмнөх шигээ нялхсын өвчинд нэрвэгдсэн нам биш” гэдгээ зарласан. Тэгвэл балчир байхын өс хонзонг өнөөдөр авах гэж улайрч байгаа мэт үйл хэрэг бас л тохиромжгүй. Ардчилалд бас уучлал, энэрэл байх ёстой. Жинхэнэ утгаараа ардчилсан ёсыг хөгжүүлэх гэж байгаа бол энэ чухал цаг үед л зөв соёлыг бүрдүүлэх хэрэгтэй болов уу.

Төрийн хэрэг тасалдах учиргүй. Төрийн ажилд бас хяналт хамгийн том үүрэгтэй. Энэ бүхнээс төрийн сайхан соёл бүрдэх болов уу. Төрийн ажилд өстөн дайснууд өөр хоорондын өс хонзон, тооцоо бодох гэж орж ирдэггүй байгаасай гэж хүсэн ерөөмөөр байна.

Д.НАРАН   1010


URL:

Сэтгэгдэл бичих