Оюутолгойн орд газрыг нээсэн түүх

1980-аад онд Оюутолгой орчмын талбайд Монгол Оросын хамтарсан регональ геохимийн хамтарсан судалгааны баг судалгаа хийж молибдений гажил илрүүлсэнээр тус ордыг нээсэн гэж үздэг байна. Улмаар геологич Д.Гарамжав 1983 онд Оюутолгойд очиж зэсийн эрдэсжилт, хувиралтай байх баталгааг тэмдэглэж байжээ. Тэрээр одоо “Айвенхоу Майнз”-ын ахлах геологичоор ажиллаж байна. Геологич Д.Гарамжав Оюутолгойн нөөцийг баримтаар баталгаажуулсаныхаа дараа буюу 1996 онд АНУ-ын “Magma Copper” компанийнхныг Оюутолгойд дагуулан очжээ. Үүний дараа тус компани Оюутолгойн ордод хайгуул хийх эрх авсан байна. Харин 1997 онд ВНР Billiton” компани “Magma Copper” компанийг худалдан авснаар Оюутолгойд хайгуул хийх эрх уг компанид шилжжээ. “ВНР Billiton” компани геологийн зураглал, хөрсний дээжлэлт, сорснэон болон албадмал туйлширлын судалгаа хийсний дараа буюу 1997 оны ес, аравдугаар сард нийт 1100 тууш метр зургаан цооног өрөмджээ. Эдгээр ажлуудын ур дүнд үндэслэн хоёр дахь шатны өрөмдлөгөө эхлүүлсэн байна.

Хоёр дахь шатны өрөмдлөг 1998 оны дөрөвдүгээр сараас эхлэн нийт 2000 тууш метр нэмэлт 13 цооног өрөмдсөний дөрвөөс нь нааштай үр дүн гарчээ. Харин гурав дахь шатны өрөмдлөгийг 1998 оны найм, есдүгээр сард хийж 800 тууш метр дөрвөн цооног өрөмджээ. Гэвч эдгээр цооногоос хангалттай хэмжээний эрдэсжилт илрээгүй тул “ВНР Billiton” компани төслийг хянаж үзэхээр үйл ажиллагаагаа түр зогсоосон байна. Төслийг хянаж үзэн 1999 онд нэмэлт өрөмдлөг, хайгуулын ажил хийхээр тогтсон байсан боловч хайгуулын төсөв багассаны улмаас “ВНР Billiton” компани Оюутолгой дахь хайгуулын ажлаа зогсоожээ. Энэ үед “Айвенхоу Майнз”, “ВНР Billiton” компани хайгуулын талбайг хамтран эзэмших санал тавьж улмаар 2000 оны тавдугаар сард Оюутолгойн хайгуулын лицензтэй талбайг 100 хувь эзэмших гэрээг үзэглэсэн байна. Ингээд “Айвенхоу Майнз”-ын 2000 оны зургадугаар сард эхэлүүлсэн 109 цооногийн өрөмдлөг есдүгээр cap гэхэд 8,828 тууш метрт хүрсэн байлаа. Уг өрөмдлөгийн ажлаар “ВНР Billiton” компани өрөмдсөн цооногоос илэрсэн баяжмалын цар хэмэжээг тогтоох зорилготой байжээ. Өрөмдлөгийн үр дүн тун нааштай гарсан ба өндөр агуулга бүхий зэсийн хүдэржилтийг нэмж илрүүлжээ. 2001 онд “Айвенхоу Майнз” исэлдсэн хүдрийн нөөцийг тогтоох зорилгоор гурван хэсэгт баганат өрөмдлөг хийжээ. Эдгээр өрөмдлөгийн үр дүн хангалттай сайн байсан нь “Айвенхоу” Майнз”-ын өнөөг хүртэл үргэлжилж буй томоохон өрөмдлөгийн үндэс суурь болжээ.

2002 оны сүүлчээр “Айвенхоу Майнз”-ын Төсөл хөгжлийн гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Хюго Дамметтээр ахлуулсан судалгааны баг лицензтэй талбайнхаа хойд хэсэгт туршилтын цооног өрөмдөв. Энэ туршилтын цооног нь эрдэсжилтийн бус 222 метр үргэлжилж байгааг илрүүлэв. 2003 оны хоёрдугаар улирал гэхэд энэ бүс дэх нөөцийн үргэлжлэлийг тогтоохоор өрөмдлөгийн ажил эрчимтэй явагдаж байв. Шинээр өрөмдсөн хэд хэдэн цооногоос 200 метрээс багагүй зузаантай, дундаж агуулга нь гурван хувиас доошгүй зэсийн худэр илэрсэн байна. 2003 оны есдүгээр сард “Айвенхоу Майнз” компанийн Төсөл хөгжлийн гүйцэтгэх дэд ерөнхийлөгч асан Хюго Дамметтийн дурсгалыг хүндэтгэн, түүний гүйцэтгэсэн үүргийг онцгойлон үзэж, лицензтай талбайнхаа хойд хэсгийг түүний нэрээр нэрлэх болжээ. Ноён Хюго Дамметт энэ хэсэгт судалгаа хийснийхээ дараа нэг их удалгүй Өмнөд Африкт автомашины ослоор нас барсан ажээ. Тэрээр олон улсын уул уурхайн салбарын хамгийн шилдэг геологичдын нэг байжээ. “Айвенхоу Майнз” цаашид Оюутолгой төслийн үйл ажиллагааг үйлдвэрлэлд хүргэж, Хюго Дамметийн ордын далд уурхайг Хюгогийн уурхай гэж нэрлэх юм.


URL:

Сэтгэгдэл бичих