Ижил хүйсийн бэлгийн чиг баримжаа хойд төрөл олохтой холбоотой юу?

Урт удаан маргаан, хэрүүлээ зогсооцгооё манайхаан. Хэсэг хугацаанд сэтгэгдлүүдийг хаасны эцэст дахин нээлээ. Басхүү цоо шинэ булантайгаар та бүхэнтэйгээ уулзаж байгаадаа баяртай байна. “Олзыг олуулаа” буланд та бүхний хамгийн их сонирхсон мэдээ, мэдээлэл нийтлэгдэж байх бөгөөд чухам ямар мэдээлэл авмаар байгаагаа блогын админд илгээх буюу сэтгэгдэл үлдээх боломжтой. Олж уншсан мэдээллээ зөвхөн өөртөө агуулж байснаас бусадтайгаа хуваалцах нь зүйн хэрэг буй за. Энэ удаад хүмүүсийн хамгийн их сонирхдог асуулт, эргэлзээнд хариулт өгөхүйц доорхи мэдээллийг орууллаа. Бэлгийн чиг хандлага нь шашинтай холбоотой юу, шашны онолоор энэ нь хэрхэн тайлбарллагддаг гэхчилэн хүсэн хүлээдэг олон хариултыг эл мэдээлэл өгөх биз ээ. http://mongoldyke.jimdo.com/iaaz_a_iea_i_uaz.php -оос өөр олон мэдээллийг дэлгэрүүлэн уншаарай.

М.Энхриймаа
Маш олон тохиолдолд лесбиян, гей хүмүүсийн хувьд ямарваа нэг шашин шүтлэг болоод шашны номлол нь өөрсдийгөө лесбиян, гей хэмээн хүлээн зөвшөөрч, боломжтой энэ л ганц амьдралаараа амьдрахад нь том саад болдог. Ерээд оны эхээс хойш Монголчууд олноороо загалмайтны шашинд итгэж үнэмшсэний дунд загалмайтны шашинд итгэсэн ч, ижил хүйстэнийг буруушаах номлолд нь хавчигдсаар атлаа сүмд явсаар байгаа маш олон лесбиян, гей хүмүүс байдаг. Хэн хүний өөрөө өөрийгөө тодорхойлох, нээх, өөрөөрөө байх эрх, эрх чөлөөг хүндэтгэн энэхүү хуудсыг та бүхний өмнө толилуулж байгаа нь шашин судлалын үүднээс загалмайтны ба буддын шашин, бөө шүтлэгт ижил хүйстэнүүдийг үзэх үзэл, сүүлийн үеийн онол, ижил хүйсийн бэлгийн чиг баримжааг хэрхэн тайлбарладаг талаар та бүхэнтэй хуваалцах зорилготой юм.

Буддын Шашин

Буддын гүн ухааны онолоор хүн ба амьтай зүйлс ганц амьдардаггүй, харин бие физиологийн хувьд үхэх болгондоо төрөл арилжан, хойд төрлийг олдог хэмээн сургадаг билээ. Хойд төрөл олох буюу реинкарнацийн онолыг Монголчууд олон зуунаар мэдсээр ирсэн ба түүнтэй холбоотой шашны зан үйл олон байдаг.Чухамдаа ижил хүйсийн бэлгийн чиг баримжаа хэрхэн хойд төрөл олохтой холбоотой вэ? Буддын сургаалын дагуу хүн ба амьд амьтан бүр хойд төрөл олохдоо хүйс нь солигдох жамтай ажээ. Хэрэвзээ ямарваа нэг биологийн шалтгаанаар эхийн хэвлийд хүүхдийн хүйс солигдож, хүүгийн оронд охин, охины оронд хүү гарвал хүйс нь солигдсон хүүхдийн сэтгэхүй, мэдрэмж, ертөнцийг үзэх үзэл нь төрөл олох ёстой байсан хүйсийн шинж чанарыг агуулсан байх ба том болоод ижил хүйстэн буюу эм шинжтэй эрчүүд, эр шинжтэй эмэгтэйчүүд болон бүрэлддэг хэмээн тайлбарладаг байна.Үүнээс гадна тантрын буюу тарнийн шидийн буддизмд ижил хүйсийн хурьцал, хавьтлыг зөвшөөрөөд зогсохгүй, кундалиниг өдөөх, ихэсгэх томоохон арга хэмээн олон зуунаар хэрэгжүүлж ирснийг та Чойжин Ламын Музей дахь хоёр эрэгтэйн хурьцал үйлдэж буй барималаас олж харж болно. Тантрын буддизмын энэ талаархи номлол Энэтхэгт одоо хэр их хэмжээгээр хадгалагдсаар иржээ.Далай Ламаас Сан-Францискогийн лесбиян, гей буддын шашинтнууд уулзан, бидний тухай ямар бодолтой байдаг, бурууөаадаг уу, зөвшөөрдөг үү гэж асуухад нь Далай Багш дээрх хойд төрөл олох онолыг айлдан, ижил хүйсийн бэлгийн чиг баримжаа нь тэдний буруу, гаж дон биш, харин байгалиас буюу бурханаас өгөгдсөн зүйл хэмээн хэлсэн байдаг.
Бөө Мөргөл
Монголын нийгэмд олон зуунаар байсаар ирсэн уугуул шүтлэг бөө мөргөлийн дагуу Монголын уламжлалт нийгэм нь маш хүлээцтэй, эхийн эрхт ёс давамгайлсан нийгэм байсан хэмээн тодорхойлж болохуйц байдаг. Бидний дунд одоо ч хэвшсэн ойлголт буюу эх дэлхий, эцэг тэнгэр хэмээх ойлголтууд нь бөө мөргөлийн гол ухагдахуунууд байв. Үүний дагуу хүмүүст ойр, өдөр тутмын амьдралынх нь томоохон хэсэг болсон байгаль нь эх буюу эм байснаас, мөн удган бөөгийн хүч шидийг илүүд тооцдог байнаас үзэхэд дээр дэвшүүлсэн эхийн эрхт ёсны тухай таамаглал бодит байх үндэстэй.Бөө мөргөл дахь ижил хүйсийн бэлгийн чиг баримжаатай холбоотой зүйлсээс дурьдахад тэд бүгд бөөгийн хүч шидийг олох зан үйл, бөө, удгадын амьдралын хэв маягтай холбоотой байдаг. Олон сар жилээр бөө удгадыг дагалдаж, Замбатив, бусад тивүүдийн хооронд аялсны эцэст онгоноо олж хэмээн бөөгийн жинхэнэ хүч, шидийг олох ёстой байжээ. Бөө, удганыг тодруулахдаа ихэнхдээ эм шинжийн эрэгтэй хүүхэд, эр шинжийн эмэгтэй хүүхдийг сонгодог байсан нь тохиолдлын бус чанартай байв. Хоёр хүйсийн шинж төрхийг агуулж, нөгөө хүйсийн амьдралын хэв маягаар амьдарч байж л жинхэнэ бөө, удган болдог байсныг Амар голын бөө мөргөлт уугуул овгуудыг судласан угсаатан судлаачид өнгөрсөн зууны эхээр тэмдэглэжээ. Тэд бичихдээ “Бөө удганууд ижил хүйсийн авгай нөхөртэй байх нь цөөнгүй. Эрэгтэй бөө нар нөхөртэй байх ба тэд эхнэрийн үүрэг гүйцэтгэн, эмэгтэй хувцас өмсч, эмэгтэй хүний зан ааль гарган, бусад эмэгтэйчүүдтэй хамт хоол хийж, хүнс цуглуулах ажилтай байдаг. Харин удганууд эхнэртэй байх ба тэд эрэгтэй хувцас өмсөн, бусад эрчүүдтэй хамт ан хийж, архи уудаг” гэжээ.Одоогоор Монголын нийгэм, угсаатан судлаачид дээхэн үед ижил хүйстэн гэр бүлүүд Монголд байдаг байсан талаар цөөн тооны судалгаа хийсэн байдаг ч тэдгээр судалгаанууд нь нийтийн, тэр дундаа лесбиян, гей хүмүүс бидний хүртээл болоогүй байна. Ямартаа ч ийм гэр бүлүүд оршин тогтнож байсан талаар угсаатан судлаачид, нийгэм судлаачид ярих дургүй ч, судалгаагаараа батласан байдаг.
Загалмайтны Шашин

Загалмайтны шашны гол эх сурвалж болох Библид ижил хүйстэнүүдийн тухай арван хоёр мөр байдгаас нэг нь үгүйсгэн буруушаасан, нөгөө нь дундаж өнгө аястай байдаг. Загалмайтны шашны голлох үзэл баримтлалын нэг нь хүн бурхан биш тул хэнийг ч буруушаах, цээрлүүлэх эрхгүй байдаг гэсэн үзэл бий. Хэдий тийм ч бурханы нэрийг баригсад хэт дэндэж, ижил хүйстэнүүдийг байнга буруушаасаар байгаа нь харамсалтай. Доорх хэдэн нийтлэлүүд нь загалмайтны шашин ба ижил хүйстэнүүдийн тухай шашин судлалын онолын үүднээс бичигдсэн зүйлс юм. Монголын загалмайтан лесбиян, гей хүмүүс та нарт тусгайлан зориулав


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих