Өнгөрсөн жил Батын хүү, энэ жил Батаагийн хүү болсон Батхуяг

Хэзээ хэзээний сонгуулиар хөгийн гэмээр зүйл олон гарах юм даа. Албан тушаал эрх мэдлийн төлөө хөгөө хөлдөө чирсэн олон хүн байхад овог, нэрээ хүртэл сольж явдаг нэг хэсэг ч байна. Ард түмний итгэлийг нэг л алдсан бол төрсөн эцгээсээ нүүр буруулж овгоо мянга сольсон ч өршөөл байдаггүй гэдгийг ойлгодоггүй бололтой.

2008 оны орон нутгийн сонгуулиар АН-аас Чингэлтэй дүүргийн 5-р хороонд нэр дэвшиж байсан Батын Батхуяг гэгч энэ жил овгоо солиод ороод иржээ. Батын хүү байснаа Батаагийн хүү болсон Батхуягт цөөн хэдэн үсэг чухал байсан бололтой. Ингэлээ гээд иргэд дахин итгэл хүлээлгэж, төлөөллөөрөө сонгоно гэж бодсон нь дэндүү өрөвдөлтэй. АН-ын Батын Батбаатарыг төрсөн дүү Батхуяг нь аягүй бол 20 гаруй жил ахынхаа нэрээр төрд шургалсн Дамжингийн Батмөнхөөс санаа авсан ч байж болох юм. Д.Батмөнх нь хуурамч нэр, диплоомоороо олон жил төрийн удирдах албан тушаалд тухлаж явсан туршлагатай нэгэн. Тэрбээр одоо мөн л Чингэлтэй дүүрэгт МАН-аас нэр дэвшиж байгаа. Ийнхүү иргэдийг басамжилж овог, нэр төдийхнөөр хуурна гэж бодсон Д.Батмөнх, Б.Батхуяг нар хөөрхийлөлтэй. Тэд хүүхдээс ч гэнэн бололтой.

“Нэг хугарахаар яс хугар” гэж Монголчууд ярьдаг. Гэтэл хийсэн үйлдэл, худал хуурмагаараа нэрээ хэдэнтээ хугалсан Д.Батмөнх нарын этгээдүүдэд нүүрнийхээ арьсыг л сольдоггүй юм бол хэвлэлээр нэг байгаа худал хуурмагийнхаа баримтыг яагаад ч нууж чадахгүй л болов уу. “хар дансанд” аль хэдийнэ орчихсон энэ мэт мэхлэгчдэд Чингэлтэйчүүд дахин итгэл хүлээлгэнэ гэвэл үлгэр болох болов уу.


URL:

Сэтгэгдэл бичих