УИХ-ын гишүүн Ц.Батбаяр мэр байхдаа АВЛИГААС АНГИД БАЙСАН УУ
М.ТҮВДЭНДОРЖ: Ц.БАТБАЯР ГИШҮҮН, Ч.ЭЛБЭГСАЙХАНААС ШУМ АВЧИХААД УТСААР ЗАЛГААД БАЙНА- Хог хаягдлыг тээвэрлэх, ангилан ялгах, шатаах үйлдвэр япон иргэдтэй байгуулна хэмээн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч байхдаа УИХ-ын гишүүн Ц.Батбаяр их хэмжээний мөнгө авсан байж болзошгүй хэргийн мөрөөр орж бид эрэн сурвалжилж буй. Цуврал нийтлэлүүд гарах явцад Ц.Батбаярыг таньдаг хэмээн япончуудтай уулзуулсан, энэ хэргийн гол холбоотон болоод буй Багануур дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Ч.Элбэгсайхан, өмгөөлөгчийн хамт ирж, захиалгаар ийм нийтлэл гаргалаа хэмээж, зарим сэтгүүлчийг бусдаас мөнгө авсан гэж гүтгэх аястай зүйл ярьж, ярилцлага өгөхөөр болоод явсан юм. Бид хэн нэгний нэр төрд халдаж ямар ч холбоогүй хэрэгт хүнийг хамаатуулаагүй бөгөөд сэтгүүлчид ажлаа хийж байна хэмээн эрүүлээр бодож асуудалд хандахыг хүсч байна. Гагцхүү дээрх хэргийн үнэн мөнийг шүүхийн байгууллага л тогтооно. Анх Ч.Элбэгсайхантай уулзаж энэ үйл явдлыг эхлэхээс өдий хүртэл нь явж буй хохирогч гэх М.Түвдэндорж бидэнд хандсан юм. Түүнтэй ярилцлаа. -Ч.Элбэгсайхантай яаж танилцсан юм бэ? -Улаанбаатар хотын тохижилт үйлчилгээний компани байгуулахаар Японы хөрөнгө оруулалттай, гурван компанийн төлөөллийг би авчирсан юм. Хог ачих тээвэрлэх, хаях, ялгах бүх ажлыг хийх цогц үйлдвэр байгуулах тухай ярилцсан. Тэд Японы “Токшин”, “Коошин”, “Дрийм” гэсэн гурван компанийн төлөөлөл. Эдгээр компаниуд 50-60 жилийн түүхтэй, хот тохижилтын асуудлыг хариуцаж ирсэн юм билээ. Японы иргэд ер нь намайг түшиглээд “Монголд нэг ирээдүйтэй юм хийе” гэж ирсэн юм. Тэгсэн дундаас нь Багануур дүүргийн “Ирвэс” компанийн захирал Ч.Элбэгсайхан гэдэг хүн таарсан. Тэрбээр “Хотын мэр Ц.Батбаярыг сайн танина. Би Багануур дүүргийн ИТХ-ын гишүүн, МАХН-ын томоохон лидер” гэж хэлсэн. Намайг дор нь онилоод л. Энэ л одоо миний тулгамдсан асуудлыг шийдэж өгнө гэж бодсон байх. -Яагаад таныг онилсон гэж? -Дараа нь мэдэх нь ээ Ч.Элбэгсайхан бусдаас 50 сая төгрөг авсан байсан. Үүнийгээ төлөөгүй тул шүүхийнхэн өрөө барагдуулах шийдвэр гаргасан байв. Энэ үед нь би ажил яриад ороод ирсэн. Өрнөөс гарах гарц нь би болж таарсан байх. Надтай 2007 оны аравдугаар сарын 4-ний өдөр уулзсан байдаг. Би ч уулгамч юм шиг Ч.Элбэгсайханд ямар асуудал байгааг нь мэдэхгүй “Манай хөрөнгө оруулагчид ирэх гэж байгаа. Монголд иймэрхүү ажил хийх гэж байгаа гэдгээ хэлтэл “Тийм үү, ахад нь янзын гоё төсөл байгаа. Хамтаръя. Бизнес хийе гэсэн. Ялангуяа Багануурт боломж их байгаа. Улаанбаатарт ч гэсэн. Намын лидерүүдийг бүгдийг нь танина. Намын шугамаар ажлыг ёстой шуурхай амжуулна” гэв. Би ч түүнд итгэсэн хэрэг. Удалгүй япон түншүүд ч ирлээ. Тэдэндээ хэлсэн.-Хотын мэр байсан УИХ-ын гишүүн Ц.Батбаяртай яаж холбогдсон юм бэ? -Ч.Элбэгсайханаар дамжуулж холбогдсон. 2007 оны аравдугаар сарын дундуур байсан шиг санагдаж байна. Хотын даргатай уулзах боллоо гээд хаана, яаж уулзахаа хэлсэн юм. Бид ч хэлсэн газар нь яваад очсон, Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт. Нийслэлийн Засаг даргатай уулзсан. -Хотын мэр уулзах үеэр юу гэж байх юм? -Тэр үед Ц.Батбаяр нэг их юм яриагүй. Доод хүмүүстээ үүрэг өгөөд “Энэ хүмүүсийн асуудлыг шийдвэрлэ” гэж хэлсэн. Ерөнхийдөө бол ойр зуурын уулзалт хийсэн. Тэгсэн маргааш нь Ч.Элбэгсайхан утсаар яриад “За ерөөсөө хотын захирагч Ц.Батбаяртай өнөө орой уулзаад “Говь” саунд хамт сууж байна. Хотын дарга Нийслэлийн менежментийн хувьчлал хийдэг байгууллагын бүх хүмүүсийг бүгдийг нь утасдаж дуудаад үүрэг өгчихлөө. Эхний ээлжинд Баянзүрх, Багануур дүүрэг хоёрын ТҮК (Тохижилт үйлчилгээний компани)-ийг шууд хувьчил гэсэн. Хувьчлахдаа Ч.Элбэгсайхан чамд хувьчилъя. Энэ япон хүмүүстэйгээ нийлээд компани байгуул гэлээ” гэж хэлсэн. -Үүнд нь итгэсэн хэрэг үү. Хотын мэрийн нэрийг барьж худлаа хэлсэн байж болох шүү дээ? -Итгэлгүй яах вэ. Орой нь намайг “Говь” саунд ороолтоо орхичихсон байна авчаарай гэж Ч.Элбэгсайхан утсаар ярьсан. Тэнд очсон чинь сая хотын даргатай ирсэн хүн ороолтоо орхисон гэж хэлж байгаа юм. Энэ нь Ц.Батбаяртай Ч.Элбэгсайхан уулзсаны нотолгоо болж буй. Тэгэхээр нь би бүр итгэсэн. -ТҮК-үүдийг авах асуудал юу болсон бэ, тэгээд? -Ч.Элбэгсайхан нэг ТҮК 470 сая төгрөгөөр хувьчилна гэж байна. Хүмүүст нь жаахан хахууль өгчихвөл 300 сая болтол нь хямдруулж өгье гэсэн. ТҮК бол үл хөдлөх хөрөнгө, суурь бааз сайтай. Ингэж бууруулж өгөхөд менежментийн хувьчлалын газарт 100 мянган доллар, өмч хувьчлалын ахлагч нарт нь бас 100 мянган доллар, хотын мэрт өөрт нь 100 мянган доллар хэрэгтэй гээд тооцоог нь гаргаад япон иргэдэд тайлбарлаж өгсөн. Тэгсэн маргааш нь Ч. Элбэгсайхан утасдаад “Би Багануурт явж байна. Багануурт архины бөөн асуудал мандаад, би гол рольд нь тоглож байна” гээд үлгэр ярьсан. Гурван жилийн өмнө энэ явдал болсон шүү дээ. Үүнээс хойш өдөр болгон утасдаад “Та нар ийм ажил хийж бай” гэж заавар өгдөг. Нэг бол хотын даргатай уулзлаа. Нэг шил виски хуваагаад уучихлаа. Уулнаас зэрлэг гахай алж ирээд өгчихсөн. Ерөнхийдөө 400 мянган төгрөгийн зардал гарчихсан гэдэг. -Компаниа байгуулсан юм уу, тэгээд? -Япон иргэд болон Ч.Элбэгсайхан бид нар тохироод нэлээд далайцтай том компани байгуулъя. “Улаанбаатар шинэчлэл” гэж нэрлэе гээд тохирсон. Тэгсэн Ч.Элбэгсайхан ерөөсөө групп гэж нэрлэе гэсэн. Групп биш компани л даа. Группын нэр дээр 300 сая төгрөг компанийн дансанд байршуулсан. Тэрнээсээ хахууль өгсөн. Хотын мэрт 50 мянган доллар өгсөн, өмч хувьчлалын газрын хүнд өгсөн. Бүгдийнх нь нэр байгаа. Ерөнхийдөө компани байгуулбал доод тал нь 300 сая төгрөг байх хэрэгтэй. Хамгийн багадаа 100 мянган доллар байхгүй бол болохгүй гэсэн. Ингээд ерөнхийдөө Ч.Элбэгсайхан гэж хэний ч танихгүй хүн шууд ерөнхий захирал болсон. Бид түүний уран уран үгэнд нь бүр автчихсан байсан. Нийтдээ компанид 106 сая 600 мянган ам.доллар зарцуулсан байсан. Гэтэл хоёр япон нь нутаг буцах болсон. Ч.Элбэгсайхан ирээд “Хотын дарга үүнийг Токио хотын даргад явуулж байна” гээд Нийслэлийн Тамгын газар гэсэн бичигтэй дугтуй өгсөн. Үлдсэн нэг японы визийн асуудал сөхөгдсөн. Тэгээд компанийнхаа дансыг үзсэн чинь ямар ч мөнгө байхгүй байсан. Компанийн мөнгө яасан бэ гэсэн чинь зугтаагаад алга болсон. Түүнийг цагдаагийн байгууллагаар шалгуулах өргөдөл өгсөн, харин хотын дарга Ц.Батбаярыг Авлигатай тэмцэх газарт бүх баримтаа өгөөд шалгуулъя гэсэн чинь шууд сонгуулийн кампанит ажлын үеэр МАХН-ын нэг ч хүнийг шалгахгүй гэсэн. Бараг л үүдэн дээрээсээ албан бичгээр хариу өгсөн. -Энэ хэрэгт тэгээд хотын мэр үү, Ч.Элбэгсайхан буруутай юм уу, та юу гэж бодож байна. -Наадах чинь Ч.Элбэгсайханы жүжиг. Яг өнөөдөр шалгаад үзвэл түүний жүжиг биш байж ч магадгүй. Ч.Элбэгсайхан энэ хэргийг ганцаараа даагаад 148-ын гурваар эрүүгийн хэрэг үүсгээд шалгагдаад, өнөө маргаашгүй татагдах гээд явж байгаа болохоос биш цаанаа энэ Ц.Батбаяр Ч.Элбэгсайханыг за гаргана ч гэдэг юм уу амлалт өгсөн байж болох. Ч.Элбэгсайханыг цагдаагийнхан шалгаж эхлэхэд цагдаагийн хоёр хурандаа Ч.Элбэгсайханыг батлан даалтад авсан. Ахлах дэслэгч хүн хэргийг шалгаж байхад хоёр хурандаа хүн батлан даалтад авч буй нь Монголын хууль ямар вэ гэдгийг харуулж байна. Ч.Элбэгсайхан хоригдоогүй шууд батлан даалтад гарсан. Түүнээс хойш тав дахь мөрдөн байцаагч энэ хэрэг дээр ажиллаж байгаад сая прокурорт шилжлээ. Прокурорын шатанд түүний хэргийг хэрэгсэхгүй болгох сонирхол олон хүнд бий. Хохирлыг бүрэн барагдуулсан ч Эрүүгийн хуулийн 148-ын гурваар үүссэн хэрэг хэрэгсэхгүй болгогдоно гэж байхгүй. Одоо би УИХ-ын гишүүн Ц.Батбаярыгаа шалгаач ээ, нийслэлийн өмч хувьчлалын ахлагч нарыг шалгаач ээ, Баянзүрх дүүргийн тухайн үед хариуцаж байсан өмч хувьчлалын мэргэжилтнүүдийг шалгаад өгөөч ээ гэж хэлэхэд ямар ч хуулийн байгууллага хөдлөхгүй байна. Ил гарч баригдсан нь Ч.Элбэгсайхан болохоос биш энэ цаанаа том сүлжээ бий байх. Үүнийг шалгаад үзвэл ямар их но гарч ирнэ гээч. Гэтэл бүр намайг хилс хэргээр Ч.Элбэгсайхан гүтгэсэн. Мөрдөн байцаагч нар харин үнэний талд зогссон гэж би боддог. Энэ хэргийг мөрдөж байсан мөрдөн байцаагчид дарамт ирж байсан. Тэгсэн мөртлөө мөрдөн байцаагчид үнэнийг олохын төлөө явдаг юм байна гэж бодсон. Тэгээд хөөрхий тэдний зүтгэж, илрүүлсэн хэрэг нь прокурор дээр очоод унадаг юм байна лээ. -Хэрэг яагаад прокурорууд дээр очоод унадаг гэж, хэрэгсэхгүй болгодог гэсэн үг үү? -Тийм. М.Алтанхуяг прокурортой гурван удаа биечлэн уулзаж байсан. Тэгээд би хэвлэл мэдээллийн байгууллагад хандана барина гэсэн чинь хорино гэж дарамталсан. -Хэн? -Сүхбаатар дүүргийн прокурор Б.Алтанзүрх, Д.Нямсүрэн гэж хоёр прокурор дарамталсан. Хавтас хэрэгт прокурорт хүргүүлсэн саналд нь Д.Нямсүрэн, Б.Алтанзүрх нар нь хэргийг яллах сонирхолгүй гэсэн байгаа. Энэ хэрэг прокурорт гурван жил болж байна, хоёр удаа шүүхээр орсон. Мөрдөн байцаагч нар нь хуулиа барьж ажиллаад байдаг, харин прокурорын доод шатанд авлига хээл хахууль маш их байдаг. -УИХ-ын гишүүн Ц.Батбаяртай холбогдож энэ тухай нь асуусан уу. Ер нь холбоо барих гэж оролдсон уу? -Ч.Элбэгсайхан л уулзаад явсан. Одоо Ц.Батбаяр гишүүн “Би япон хүмүүс танихгүй. Би Ч.Элбэгсайхан гэдэг хүн танихгүй” гэдэг. Хамт өрөөнд нь уулзсан бид, тэр үеийнх нь бичлэг хэвлэлийнхэнд байдаг л байлгүй. -УИХ-ын гишүүн Ц.Батбаяр мөнгө авсан гэсэн гарын үсэг нь байдаг юм уу? -Ц.Батбаяр гуайнх байхгүй. Ч.Элбэгсайханы “Хотын мэр Ц.Батбаярт өгнө” гэж мөнгө авсан гарын үсэг бол бий. Энэ үеэр утас нь дуугарав. Надад харуулаад УИХ-ын гишүүн Ц.Батбаяр ярьж байна гэв. -УИХ-ын гишүүн яагаад тан руу яриад байгаа юм бол? -Ч.Элбэгсайханаас шум авчихсан. Тэгээд залгаад байхгүй юу. Ч.Элбэгсайхан энэ явдлын дараа Багануур дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга болсон. Үүнийг ч хууль хяналтынхан шалгах хэрэгтэй. Бид Ч.Элбэгсайханд бас 10 мянган ам.доллараа алдсан. Тэр мөнгийг Ч.Элбэгсайхан Багануур дүүргийн “Капитал” банкны захиралтай ярьж байгаад хуурамч чек хийгээд авчихсан юм. Одоо тэр “Капитал” банкны захирал нь Багануур дүүргийн Үйлдвэрлэл үйлчилгээний хэлтсийн дарга болсон байгаа.
ЭРЭН СУРВАЛЖЛАХ СЭТГҮҮЛЧДИЙН АЛБА
URL:











