Дундговийн ардчилагчдыг хөгжмийн дэлгүүрийн эзэн хахуульдсан уу

Хөл нь хөнжилдөө багтахаа байсан Ардчилсан намынхан суудлын төлөөх дайнаа орон нутагт үргэлжлүүлэх болжээ. Дундговь аймгийн Ардчилсан намын хэсэг гишүүн одоогийн намын дарга Л.Данзанноровыг унагаах зорилгоор өнгөрсөн ням гарагт хуралдсан байна. Уг хуралдааныг “Тотал мюзик” хөгжмийн дэлгүүрийн эзэн, Дундговь аймгийн АН-ын ҮЗХ-ны гишүүн С.Од-Эрдэнэ гэгч удирдаж, гарын доор, өөрийн үгээр хэсэг гишүүдийг цуглуулж, дүвчигнэсэн гэнэ. С.Од-Эрдэнийн хувьд улс төрд хоёр нутагтан гэж хэлэхэд нэг их буруудахгүй нөхөр. Учир нь, тэрбээр 2008 оны УИХ-ын сонгуульд МАХН-аас нэр дэвшигч Х.Наранхүүгийн сонгуулийн менежерээр ажиллаж байсан юм.
Гэтэл эдүгээ тэрбээр гэнэт л Ардчилсан намын гишүүн болж, говийн аймагт хүний хөл сийргийг анзаарч, өөрийн нэрийг ҮЗХ-д шургуулж амжсанаар барахгүй, хууль бус хуралдаан гэгчийг хуралдуулжээ. Улааныг харж урваж, шарыг харж шарваганасан өөртөөгөө таарсан 40 гишүүнийг хахуульдаж хуралдсан энэ хурлаараа өөрийн “гайхамшигт” санаагаа дэмжүүлэх гэж улайрч байгаа нь олонд ил болж, орох гарах газраа олж ядан яваа сурагтай.
Дундговь аймгийн АН-ын ҮЗХ-ны гишүүн С.Од-Эрдэнийн хувьд олны анхаарлыг татахаар тавьж буй энэ нь хурал гэхээсээ илүү инээдмийн жүжиг шиг дэглэгдсэн хэмээн нэрлэсэн хүн ч цөөнгүй таарав. Гишүүдийн дунд “дүрмийн бус хуралдаан” хэмээн нэрлэгдсэн уг хурал нь Ардчилсан намын дүрмийг ихээхэн зөрчсөн нэг хүний тоглолт болж өнгөрсөн сурагтай. Ардчилсан намын дүрэмд зааснаар намын дарга нь хуралдаан зарлах ёстой. Гэтэл гэнэт “тодрох” хүсэлд автсан хөгжмийн зэмсгийн дэлгүүрийн эзэн дур мэдэн дээрх хурлыг зарлан хуралдуулсан нь ийнхүү гишүүд, дэмжигчдийнхээ дунд инээдэм, наргиан болсон байна.

URL:

Сэтгэгдэл бичих