Авлигатай тэмцэх газар тул дэгээдэж эхэллээ
Авлигатай тэмцэх газар (АТГ)-аас УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбууг өнгөрсөн долоо хоногт дуудсан байна. УИХ-ын гишүүнийг дуудаж асуух хуулиар олгогдсон эрхтэйгээ зүйл заалтаар нь хэлж байгаад дуудаж юм асуусан байна. Асуусан зүйл нь болбоос гуравдугаар сарын 14-ний өдрийн “Өглөөний сонин”-д гишүүний өгсөн ярилцлагынх нь эргэн тойронд юм байна. Тус сонинд өгсөн Ш.Сайхансамбуу гишүүний ярилцлага нь “Би авлига өгч байсан нөхөдтэйгөө зэрэгцээд л сууж байна” гэсэн гарчигтай байдаг юм. Тийм болохоор АТГ-аас “Эдгээр хүмүүсийнхээ нэрийг хэлж, хэнд хэдэн төгрөг өгснөө мэдүүл. Мэдүүлэхгүй бол хуулиар та хариуцлага хүлээнэ” гэж шахжээ. Нэгэнт дээрээс нь дарамтлах хүнгүй болсон АТГ-ын байцаагчдад өнөөдөр их амар байгаа нь тодорхой. Ам алдвал барьж болдоггүйн нэг аюул бий. Гишүүн Ш.Сайхансамбуугийн ярьсан хэлсэн нь сонины хуудсанд үлдсэний зах зухаас хүргэе. Сэтгүүлч асуужээ.
-Бизнес эрхэлдэг хүмүүс хээл хахууль авагчидтай илүү ойр байдаг байх?
-Тэгэлгүй яах юм бэ. Бид нар өөрсдөө өгч байсан учраас мэдэлгүй яах вэ. Хэнд авлига өгч байснаа нэрлэ гэвэл нэрлэнэ дээ.
-Нэрлэж чадах уу?
-Өгч байсан юм чинь нэрлэж чадна. Авлига авч байсан нөхдүүдтэйгээ бид нар зэрэгцээд л сууж байна. Хүний мөс чанар юм даа. Тэр утгаараа хэл ам хийж будлиантуулаад яах ч юм билээ. Ерөөсөө боломжийн юмыг болохгүй гэсээр байгаад “юм” авдаг л байхгүй юу гэхчлэн ярьжээ.
Энэ мэт ярьсан хэлсэн нь цаасан дээр баримт болон үлдсэн нь тодорхой байгаа болохоор Ш.Сайхансамбуу гишүүн дэндүү хүнд байдалд орж байгаагаа тэр өдөр ойлгосон бололтой. Тэр дороо Герман руу явахаар шийдэж АТГ очсоныхоо маргааш нь шахуу нисэн оджээ. Нисэхийнхээ өмнө АТГ дээрх асуудлаа яаж илааршуулахаа бодож зарим нэг арга хэмжээ авахаар оролдсон сураг байна. Зарим хүмүүст “Сонин дотроо асуудлаа зохицуул. Хамгийн гол нь би тийм юм яриагүй болмоор байна. Намайг ирэхэд энэ асуудал над руу бус өөр хүн рүү чиглэсэн байх ёстой шүү” гэсэн юмыг, болон өөр бас бус асуудлыг хэвлэлд тулгаад явсан бололтой сураг байна. Муугаар нь сэтгүүлч болон хэвлэлийн байгууллага л бүү буруутаасай билээ. Ер нь иймэрхүү зүйл дээр сэтгүүл зүйг л
дээрэлхээд дуусдаг жишиг тогточихоод байгаа. Зохиож бичсэн гээд сэтгүүлч л буруутаад өнгөрдөг явдал олонтаа давтагддаг билээ. Энэ өдрүүдэд Ш.Сайхансамбууг тийм ярилцлага өгөөгүй болгох үйл явц өрнөх юм биш биз гэсэн хар хүмүүст байна. Хамгийн гол нь Ш.Сайхансамбуу гишүүн хэлсэн үгэндээ эзэн болох учиртай. Тэр жил Н.Энхбаяр 500 саяын авлига санал болгож орж ирснийг ярьчихаад дараа нь түүнээсээ бултах гэж яаж баларсан түүхийг санах учиртай. Түүний иргэдтэй хийсэн уулзалтан дээр ярьсныг нь а,б-гүй бичсэн өөрийнх нь эзэмшлийн “Зууны мэдээ” сонины сэтгүүлч ажилгүй болоод л өнгөрсөн. Бас дээр нь хэлэхэд бас бус хүмүүстэй уулзахдаа хэн нэгнийг золиос болгох тухай яриагүй байгаасай. Түүний авлига өгч ажлаа бүтээж байснаа ярьсан нь нотлогдвол төрийн түшээгийн ёс зүйгээ сахиж ард түмний өмнө авлигачдыг нэрлэх болох нь. Нэрлэхгүй бол өөрөө хариуцлага хүлээнэ. Хуулинд ийм заалт бий. Ш.Сайхансамбуу гишүүн шударга загнаж авлига өгсөн нөхдөө нэрлэж гэмээнэ УИХ-ын зааланд суугаа 76-ын хэдийнх нь хувь заяа бүрхэг болохыг мэдэхгүй.Энэхүү хэрэг явдлын хамгийн олзуурхууштай нь ард түмний зүгээс акулуудтай бус жараахайнуудтай ноцолдож өдөр хоногийг өнгөрөөж байна хэмээн байнга шүүмжлэгддэг АТГ-ынхныг өнөөдрөөс эхлэн өөрөөр харж, ярьж, бахдах хэрэгтэй болж байгаа юм. Тэд жинхэнэ тул дэгээдэж, цүнхээлээс татаж гаргахаар үзэж тарж эхэлсэн байна. Үүнийх нь төлөө тэднийг, нийтээрээ дэмжицгээе. Монголын төрийг эрүүлжүүлэхэд тэдний оролцоо хамгаас чухал.
П.ХАШЧУЛУУН
URL:













