Цацраг идэвхит ашигт малтмалын 94 лиценз олгожээ
УИХ-ын баасан гаригийн чуулганы нэгдсэн хуралдааныг 10.00 цагт зарласан байсан ч гишүүдийн ирц бүрдэхгүйгээс бүтэн цагаар хойшлуулж эхлэн, хоёр хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. Тодруулбал, Засгийн газраас өргөн барьсан Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулга юм.
Зүй нь сүүлийн жилүүдэд уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж, ашигт малтмалын томоохон ордууд эдийн засгийн эргэлтэд орж буйтай холбоотойгоор тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн үйлдвэрлэл, хэрэгцээ, импорт эрс нэмэгдсэн. Тиймээс энэ төрлийн хэрэгслийн хууль бус эргэлтээс үүдсэн хэрэг зөрчил цөөнгүй гарч, улс орны аюулгүй байдал, хүний эрүүл мэндэд ноцтой үр дагавар учруулж болзошгүй байгаа нь уг төслийг боловсруулах үндэслэл болжээ.
Тиймээс Засгийн газраас энэ оны нэгдүгээр сарын 31-нд энэхүү төслийг өргөн мэдүүлж, холбогдох байнгын хороогоор хэлэлцсэн билээ.
Энэ үеэр уг асуудалтай холбогдуулан нэр бүхий гишүүд багагүй санал шүүмжлэл өрнүүллээ. Учир нь уг асуудлаар 2008-2012 оны хооронд хоёр ч хуулийн төсөл хэлэлцсэн. Тиймээс энэ удаад шинэ төсөлтэй хамтатган ерөнхийд нь дундын хувилбарыг олж хамтын удирдлагын бүтцэд шилжүүлж байгаа аж. Тухайлбал, С.Бямбацогт гишүүүн “Тэсэрч дэлбэрэх бодис бол стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүн.
2050 он хүртэл Монгол Улс эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд тэргүүлж явна гэсэн прогноз байгаа. Энэ хөгжил уул уурхайн салбарт тулгуурлах учир тэсэлгээний хэрэгсэлтэй холбоотой асуудлыг хэлэлцэх нь зүйтэй” гээд тэсэрч дэлбэрэх бодисын зориулалтыг бага зэрэг өөрчлөхөд л үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх зэвсэг болох магадлалтайг анхааруулсан юм.
Ийнхүү эдийн засгийн салбарт нэн ач холбогдолтой бүтээгдэхүүнийх нь хувьд холбогдох байнгын хороодоос хамтарсан Ажлын хэсэг байгуулж болох юм гэлээ. Ингээд тус хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлгэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүллээ.
Чуулганаар хэлэлцсэн удаах асуудал нь Татварын мэргэшсэн зөвлөхийн болон Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх тухай асуудал байв. Уг төсөлтэй холбогдуулан хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат танилцуулсан.
Ийнхүү гишүүд хуулийн төслийг олон талаас нь тодруулж хэлэлцэн, 54,5 хувийн саналаар анхны хэлэлцүүлэг хийлгэхээр Байнгын хороонд нь шилжүүллээ.
Харин чуулганы үдээс хойшхи хуралдаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг мэдээлэл хийсэн юм. Тэрбээр УИХ-ын гишүүн М.Батчимэг, С.Одонтуяа, Р.Бурмаа нараас Засгийн газарт хандан тавьсан “Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн эрчим хүчний асуудлаар баримтлах бодлого”-ын хэрэгжилтийн талаар дуулгасан.
Тодруулбал, өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд цацраг идэвхит ашигт малтмалын 94 лицензийг компаниудад олгожээ. Үүнээс хоёр нь ашиглалтын чиглэлээр олгогдсон лиценз байдаг бол 92 нь хайгуулын чиглэлээр аж. Гэхдээ энэ нь Ашигт малтмалын газраас олгосон лиценз болохыг онцоллоо. Мөн “Арева” компани манай улстай уран хамтран ашиглах санал тавьсан ч хувь эзэмшил дээр зөрчил үүссэн гэдгийг тодотгосон.
Тиймээс манай улс 34 хувийг эзэмших үү гэдгийг эргэж харах шаардлагатай. Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах хүрээнд энэ асуудлыг нэг мөр болгож цэгцлэх бодлого барьж байна гэлээ.
Түүнчлэн уг мэдээлэлтэй холбогдуулан асуулттай гишүүн цөөнгүй байв. Гэхдээ танхимд 10 гаруйхан гишүүн сууж харагдсан. Тухайлбал, Ж.Батзандан гишүүн цацраг идэвхит ашигт малтмалын салбарт шинэчлэлийн Засгийн газар цоо шинэ бодлого барих ёстой хэмээв. Зүй нь 2.8 сая гаруйхан хүн амтай хэрнээ цацраг идэвхит ашигт малтмалын чиглэлээр 94 лиценз компаниудад олгосон нь маш өндөр тоо.
Нэг ёсны ийм их хэмжээний лиценз олгосон нь авлига, хээл хахууль газар авсны шинж. Ямар компанид эдгээр лицензийг олгов гэдгийг шалгах ёстой, энэ бүхний ард авлига, албан тушаалын гэмт хэрэг бий гэдэгт итгэлтэй байгаагаа уламжлав. Мөн Дорноговь, Сүхбаатар аймагт ураны орд ашиглах гэж байгааг шүүмжлэн олборлолтыг нь зогсоох ёстой гэлээ.
О.Сэлэнгэ
Эх сурвалж: “Нийгмийн Толь”
URL:













