Хүүхдийн маань гэрийн даалгавар аа гэж…
Хичээлийн бус цаг нь хэр үр дүнтэй өнгөрдөг, хүүхдүүд нь гэрийн даалгавраа хэрхэн хийдэг тухай болон өөрийнхөө санаа бодлыг тодорхой бичсэн нэгэн ээжийн захиаг нийтэлж байна. Тэрбээр хоёр ихэр хүүтэй бөгөд хөвгүүд нь нийслэлийн нэгэн сургуулийн 2 дугаар ангид суралцдаг аж. “Боловсролын давлагаа” ТББ-аас 1 ба 2 дугаар ангид хүүхэд нь суралцдаг эцэг эхээс судалгаа авахад тэдэнд тулгардаг хамгийн их бэрхшээл нь хүүхдийнхээ гэрийн даалгавар хийлгэх, түүнчлэн 6 настай 1 дүгээр ангийнхан ихэд ядардаг, залхдаг тухай дурдсан байдаг.
Ээж аав, багш нар Та бүхнээс сурагчдын гэрийн даалгавар, ялангуяа 1 ба 2 дугаар ангийн хүүхдийн гэрийн даалгавартай холбогдох асуудлаар энэ ээжийн адилаар санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэн манай сайтын “Форум” булангаар хэлэлцэхийг хүсье.
Хүүхдүүдийн хичээл үдээс хойш ордог учраас оройн зургаан цагийн үед гэртээ ирдэг.
18.10: Ээж -Жижгээ, Томоо хоёр хувцсаа солиод гараа угаа.
18.40: Тэд хувцсаа гүйцэд солиогүй орилолдон тоглож, өрөө өрөөгөөр гүйлдэж байна. Ээж үглэн харж байж, хувцсыг нь солиулж гарыг нь угаалгана.
Ээж: -Цайгаа уучихаад хичээлээ гаргаад хий, би энэ зуур хоолоо хийе.
19.30: Тэд цайлж дуусаад хичээлээ хийхээр явна. Энэ хооронд ээж галын өрөөнд хоолоо хийхээр орно. Хоол хийх зуур тэр хоёр ээлжлэн гүйж ирж, Жижгээ ч тэгээд байна, Томоо ч ингээд байна гэж ховлоцгооно, огт тогтвортой сууж байгаа шинж алга.
20.30: Бүгдийг дуудаж хоолоо идүүлснээр ээжид зав гарна.
21.00: Ээж хүүхдүүдийн даалгавар хичээл номыг үзэхээр орно. Тэд хичээлүүдээ ширээгээр нэг дэлгэсэн авч, бараг юу ч хийгээгүй харагдана. Ээж хичээл дээр юу хийснийг шалгахад хоёул бараг ганц бүтэн эх ч гүйцэд бичээгүй ирсэн байна.
Ээж: -Алив тоог чинь харъя. Байдал мөн л ойролцоо, ангид гаргасан үр бүтээл гээд байх юм харагдсангүй.
Хүүхдүүд: -Ангид тэгсэн, ингэсэн гэж ойр зуурын шалтаг гарган амандаа бувтнана, үүнийг нь ч нөгөөх нь дэмжинэ.
Ээж: -Та нар чинь яахаараа ангидаа юм хийдэггүй юм бэ, багш чинь шаарддаггүй юм уу хаашаа юм бэ, алив гэрт юу юу өгсөн юм бэ?
Ээж үзнэ, – Тээр зөндө юм байна ш дээ. Түрүүнээс хойш хийсэн бол одоо дөхнө дөө. Хажуудаа заавал байлгаж байж хийлгэх гэдэг ямар сонин хүмүүс вэ айн. Хүүхдүүд дуртай дургүй хичээлээ шагайцгаана. Ээж хажуугаас нь жаахан л хөндийрвөл өөр тийшээ харах юм уу хоорондоо ярилцаж юм хийхээ болино. Яг хажууд нь байж байгаад хийвэл үндсэн хоёр хичээлийн даалгаврыг хоёроос гурван цагт багтааж амжина. Харзнаад орж, гаран хийлгэвэл дөрөв, таван цаг болтлоо сунжрах жишээтэй. Тооны хичээлийг ялангуяа заавал асууж лавлана, хэрэв зааврыг хамтдаа уншиж тайлбарлаж өгөхгүй бол хараад л суугаад байна. Шөнийн 12 цаг хүргэх нь бараг хэвшил болчихож.
Дуусгаж амжихааргүй багтаамжтай даалгавартай үед юм уу, хүүхдүүддээ бухимдсан үед зарим хичээлийг хойшлуулж өглөөгөөр хийлгэдэг. Орой дуусгасан тохиолдолд өглөөгөөр 10-12 цаг хүртэл хоёр цаг л тэдэнд сул гарч байгаа юм. Орой унтсан хүүхдүүд арваас өмнө бол бараг сэрэхгүй, сэрмэгц нь хичээлийн ард суулгаж байтал 11.30 болно. Энэ үед хичээлийг нь хураалгаж нүүр амыг нь угаалгаж, хоол цайг нь өгсөөр хичээлд гарах цаг болчихдог.
Ингээд хараад байхад би хүүхдүүдийнхээ даалгаврыг хийлгэх оновчтой арга олохгүй байна уу, даалгавар нь их байна уу гэж эргэцүүлэхэд хүрч байгаа юм.
Заримдаа хүүхдүүдээ харахаас өрөвдөөд байх юм. Бид тэднээс хүүхэд насыг нь хулгайлаад байгаа юм шиг. Би охиноо гаргах жилээ цаг хэмнэх гээд тэр хоёрыг таван настайд нь сургуульд оруулчихсан нь их том алдаа болсныг одоо маш сайн ойлгож байна. Нас нь гүйцэд сургуульд орсон хүүхдүүдийн жишээг сонсоход ажиллагаа нь арай л бага байдаг сурагтай.
Хэрвээ ангид багш нь маш сайн ажиллаж шахаж шаардаж чаддаг байсан бол манай хоёр хүүхэд ангийхан дотроо л сайн сурагчдын тоонд орохсон. Гэрт нь ийм их ажиллачихаад явуулахад ангид бараг юу ч хийхгүй ирэхэд үнэхээр сэтгэл дундуур байдаг. Яахав ангийн багш нь тайван зан чанартай хүн байж болно л доо, гэвч тэднийг арай зарчимтай чанга гараар барьж байж л үр дүнд хүрэх юм шиг санагддаг. Аав нь ажил ихтэй байдаг болохоор хүүхдүүдтэйгээ бараг ажилладаггүй байсан. Миний хүчин чармайлт үр дүнд хүрэхгүй байсан болохоор аавтай нь ярилцаж байгаад сар шахам аавтай нь ажиллуулсан. Үр дүн маш сайн байсан. Аав нь үглэж яншихгүй арга эвээр өөртөө зовиургүй аргаар хүүхдэд бас ээлтэй аргаар хичээлийг нь хийлгэж бичгийн хэв, бодлого бодох аргачлал нь илт сайжирсан. Ямар сайндаа чи нэгдүгээр ангид нь огт ажиллаагүй байна гэж надад хэлэх вэ дээ. Энэ үг надад маш хатуу л тусч байгаа юм л даа, яагаад гэвэл өглөө ордог байсан болохоор өдөр энэ хоёроо оройн найм хүртэл яг хажууд нь суугаад юм хийлгэдэг байсан болохоор тэр үг хэцүү л санагдаж байсан л даа. Гэхдээ л нэг юмыг хэлээд байгаа юм. Хүүхэдтэй ажиллах аргачлал их чухал гэж.
Аав нь хичээлийг нь хийлгэхээ больсноос хойш бас л санасандаа хүртэл хүүхдүүдээ ажиллуулж чадахгүй байна. Ангиас юм хийхгүй ирээд байгаа болохоор сүүлдээ сургуулийг нь сольдог юм уу гэж хүртэл ярилцаж үзсэн. Шинэ юманд арайхийн дасаж байгаа амьтдыг ахиад үүр шинэ орчин шинэ сургуульд оруулах үр дүн муутай байх гэж бодох юм. Ямартай ч багш нь арай өөрөөр ажиллах байх, үр дүн гаргах байх гээд найдсаар л явж байна даа.
Бид хүүхдүүдийн чөлөөтэй байх өөрийнхөөрөө байж өөрийгөө хөгжүүлэх боломжийг хичээл хийх ёстой гэсэн үгээр таглаж булааж авч байгаа юм шиг санагддаг. Одоо тэдний сургуульд монгол хэл гэсэн том номыг тоотой ашиглах юм. Түрүүчийн хоёр улиралд Монгол хэл, Математикийн сургалтын материал гэдэг номыг барьж явсан бол одоо бараг дуусаад өөр Зөв бичих учиг гэдэг номыг ашиглаж байна. үндсэн тоо, монгол хэл хоёрын ач холбогдол энд алга гэсэн дүгнэлтэнд хүрэхээр байна. Энэ хоёр хичээл орох өдөр зөвхөн энэ хоёр хичээлд зориулж дөрвөн ном үүрч явж байна. Тэр хоёр номын цаас нь үнэхээр муу, маш амархан урагддаг, одоо манай хүүхдүүдийн тэр ном скочоор дүүрсэн ном л болж хувирсан, бас монгол хэлний эхүүд нь номын цаасны эхэнд гуравны нэгд бусад хэсэгт хэрэгтэй хэрэггүй зааврууд байдаг, үүгээрээ юу хэлэх гээд байна вэ гэхээр тэр эхүүдийг голдуу хуулан бичүүлдэг. Хажуугаас нь харж байхад хүүхдэд их хол, анхаарал нь амархан сарнидаг амьтад чинь нэг үг бичээд нөгөөхөө бичих гээд харахаараа хайгаад явчихдаг. Заавар энээ тэрээг нь дээд хэсэгт бичээд үндсэн ажиллах эхийг доод хэсэгт хүүхэд амархан харж хүртэх хэсэгт байлгаж болдоггүй юм болов уу, аль эсвэл номыг багавтар авсаархан хийж болдоггүй юм болов уу гэж харах юм.
Өөр бас сурагчдын амралттай холбоотой өгсөн даалгаврын талаар нэг юм хэлэх гэсэн юм. Саяхан 3дугаар улирлын амралт болж өнгөрлөө. Монгол хэлний хичээлээр Зөв бичих учиг гэдэг номын 3-17 дугаар хуудсанд байгаа зүйлсийг унш, бич гээд даалгавар өгчихөж. Үзсэн чинь хуулан бичих эхүүд гэхэд 14, дадлагажих ажлын уншиж тогтоох эхүүд 32, цээжээр бичих эх гэхэд 12-ыг өгсөн байх юм. Энэ чинь амьдралд нийцэх үү? Хичээл дээрээ ганц эх гүйцэд бичүүлж чаддаггүй хүмүүс шүү дээ. Тэр дутууг нь гэрт нь үргэлж гүйцээлгэдэг. Гэтэл энэ даалгавар нь арван дөрөв хоногийн амралтын хугацаанд хийнэ гээд байгаа шүү дээ. Ажлын арван хоног гэсэн үг. Хичээлийн нэг өдөрт нэг л эх үздэг байж энэ даалгавар нь амьдралд нийцэх үү, амраах биш бүр зовоочих юм байгаа байхгүй юу. Нийт бичих эхүүд 36, уншаад тогтоох эх 32 болоод байна.
Бид яахав, яаж ийж байгаад хүүхдүүдээ зовоож байгаад хийлгээд л явуулах байх, гэтэл энд хүүхдийн амралт гэдэг утга алдагдаад хичээл даалгаврын харьцаа алдагдаад байна аа. Гадны киноноос хараад байхад хүүхдүүд нь бие даасан хийх юмаа хийчихдэг чөлөөтэй сэтгэлгээтэй болсон байдаг. Яг энэ горимоор, яг энэ байдлаар хүүхдүүдээ явуулбал яах бол, үнэхээр түгшиж байна. Сүүлийн үед хичээлдээ дургүйцэх байдал ажиглагдаад байдаг болчихсон. Би л энэ чиний хоол болно, хийх хэрэгтэй гэж тархи толгойг нь угааж хийлгэж байгаа болохоос үнэхээр утга учиртай юм хийлгээд байна уу гэдэгтээ эргэлзэх боллоо.
Энэ тухай хэн хэлэх юм бэ. Зүгээр дуулгавартай хүн хэзээ ч мундаг амжилтанд хүрсэн түүхийг би л лав мэдэхгүй. Өөрийнхөөрөө сэтгэж, зөрж чаддаг, юу хэрэгтэй, юу хэрэггүйгээ мэддэг хүн л амжилтанд хүрдэг.
Тэгээд энэ бүхнийг хэн суулгах юм бэ?
Д.Билиг-Өрнөх
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.














яг үнэн.багшийн өгч байгаа гэрийн даалгавар нь хэтэрний их биш хичээлийн гол агуулгад тохирсон бодлого,дасгал байвал үр дүнтэй юм шиг санагддаг.