Засгийн газрын 100 хоногт барьсан хоёр сайдын ”Бэлэг”

Орон нутгийн сонгуулийн албан ёсны дүн хүлээлт, дахин санал хураалт, парламентын хуралдааны гацаа, Ерөнхий сайд, Шадар сайд хоёрын дунд дэгдсэн маргаан гээд өнгөрөгч долоо хоногийн улстөрийн амьдралд анхаарал татахуйц олон үйл явдал өрнөжээ. Шинэчлэлийн хэмээн өөрсдийгөө өргөмжилсөн Засгийн газрын 100 хоногийн оргил үеэр Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Шадар сайд Д.Тэрбишдагва нар маргалдаж, бүр гар зөрүүлсэн гэсэн мэдээлэл өнгөрөгч баасан гаригт Төрийн ордонд дэгдэж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдав.

    Хэдийгээр Шадар сайд Д.Тэрбишдагва энэ тухай үгүйсгэсэн ч гүйцэтгэх засаглалыг тэргүүлж буй хоёр сайд, томруулж харвал АН ба МАХН, МҮАНын эвслийн дунд үл ойлголцлын манан бүрхэж эхэлснийг уг үйл явдал харуулж байх шиг. Тэрбээр Ерөнхий сайдтай зарим асуудлаар маргалддагаа нуугаагүй байна. Эх сурвалжуудын мэдээлснээр тэдний маргааны эх үүсвэр нь мөн өдөр тов зарлагдсан ч өмгөөлөгчийнх нь хүсэлтээр шүүх хурал нь хойшилсон МАХН-ын дарга Н.Энхбаярын асуудал бололтой.
    Нөгөө талаас түүний хүү Э.Батшугарыг УИХ-ын гишүүнээр зүтгүүлж буй намынх нь хүчин чармайлт ч өнгөрөгч долоо хоногт идэвхжсэн юм. Шинэчлэлийн Засгийн газрын нүүр царай болж буй хоёр сайдтай холбоотой дуулианыг 100 хоногтоо барьсан “бэлэг” гэж ойлгох уу, эсвэл гүйцэтгэх засаглалын хувь заяа хаашаа эргэхийг шийдэх “луужин” гэж үзэх үү?
    Юутай ч шинэчлэлийн Засгийн газар 100 хоногт юу амжуулснаа тайлагнаж, яам, тамгын газар хөл хөдөлгөөн орохтой зэрэгцэн парламентын танхим ажин түжин өнжлөө. УИХ таван гишүүнээр ам бүл нэмэх урьдчилсан төлөвлөгөө өнгөрөгч долоо хоногт биеллээ олоогүй нь “Шударга ёс” эвслийн бүлгийн хамтрагч МАХНынхны бойкотоос үүдэлтэй байлаа.
    Хамтрагч намууд мэх мэхэндээ гэгч болов
    МАХН-ынхны парламентын хуралдааныг уях болсон гол шалтгаан нь хоосон нэг суудлаа хэнээр нөхөх вэ гэдэг асуудал байв. Тэд Нам бусчуудын холбооны тэргүүн Ц.Оюунбаатарын оронд МАХН-ын дарга Н.Энхбаярын хүү, Монголбанкны дэд ерөнхийлөгч Э.Батшугарыг тангараг өргүүлэх ёстой гэж үзэж байгаа аж. Э.Батшугарыг төв банкны дэд ерөнхийлөгчөөр томилуулсан нь энэ асуудлыг нэг хэсэгтээ намжаасан ч дахин сэдэрчээ.
    Э.Батшугар УИХ-ын сонгуульд “Шударга ёс” эвслийн жагсаалтад тавдугаарт эрэмбэлэгдсэн ч цэргийн алба хаагаагүй гэсэн үндэслэлээр СЕХ нэр дэвшигчдийн жагсаалтаас хассан билээ. Хууль ёсоор Ц.Оюунбаатарт УИХ-ын гишүүн болох боломж бий. Гэсэн хэдий ч тэрбээр МАХН-д албан ёсоор элсээгүй. Намын харьяалалгүй гэдэг шалтгаар түүнийг УИХ-д оруулахгүй байгаа МАХН-ын хувьд даргынхаа хүүг гишүүнээр батламжлах сонирхолтой байна.
    УИХ-ын дарга З.Энхболдын хэлснээр Ц.Оюунбаатар бол тангаргаа л өргөөгүй болохоос бүрэн эрх нь тангараг өргөсөн бусад гишүүний нэгэн адил хэрэгжиж эхэлжээ. Харин тэр товлосон өдөр тангараг өргөөгүй учраас чуулганы хурлаа таслаад яваад байгаатай адил гэнэ. Сонгуулийн өмнө намын жагсаалтаас нэрийг нь хассан болохоор Э.Батшугарын хувьд УИХ-ын гишүүн гэгдэх эрхгүй. Нэр дэвшээгүй байж УИХ-д сонгогдох хуулийн зүйл, заалт манай улсад үгүй.
    Тиймээс хүссэн хүсээгүй Ц.Оюунбаатарыг тангараг өргүүлэхээс өөр гарц МАХН-д харагдахгүй байна. Түүнчлэн эрх баригчдын хувьд МАНын Д.Арвин, Д.Сарангэрэл, МАХН-ын Ц.Оюунбаатар нар тангараг өргөхтэй зэрэгцүүлэн Өвөрхангайд ялагдсан Г.Батхүү, Д.Зоригт нарыг хамтад нь зүтгүүлэх санаатай байсан ч бүтсэнгүй. Ийнхүү АН-ын сиймхий ашиглах гэсэн санаархал, МАХНын шантаажийн аль аль нь өнгөрөгч долоо хоногт бүтэлгүйтэж, чуулганы хоёр өдрийн хуралдааныг ирцгүйдүүлэхэд хүргэлээ.
    Өөрөөр хэлбэл, засгийн эрх баригч АН, “Шударга ёс” эвслийнхэн өөр хоорондоо ойлголцохоо больж, бие биедээ хуулиас давсан хүсэлт тулгадаг болжээ. АН-ынхан Өвөрхангайн хоёрыг хууль хяналтын байгууллагын дэмжлэгтэйгээр хүчээр УИХд суулгах гэж буйн хариуд нь МАХН-ынхан өөрийн хүнээ оруулах гэж зүтгэж байна.
    Хоёр тал мэх мэхэндээ л гэгч болов. Хамтарч засаг барьж буйн утга учир иргэдэд ирэх үр өгөөжөөр л хэмжигдэх учиртай. Харамсалтай нь эрх баригчид албан тушаал, эрх мэдэл, эрх ашгийг л эн тэргүүнд эрэмбэлж, хөлөө жийлцэж байгаа нь энэ Засгийн газрын нас хэр урт вэ гэдэг асуултыг тавихад хүргэж байна.
    Долоон минутын дотор ирсэн мэдээллийг зарлахад долоо хоног зарцуулжээ
    Таагүй цаг агаартай давхцуулан орон нутгийн сонгуулийг явуулсан нь сонгуулийн түүхэн дэх хамгийн мэдрэмжгүй сонголт болжээ. Эрх баригчдын зөрүүдлэн байж сонгосон арваннэгдүгээр сарын сүүл бол өвлийн хүйтний эрч улам чангарч, олонхи иргэний хувьд сонгуультай манатай цаг үе байдаг.
    Гэтэл амьдралаас тасархай шийдвэр гаргасны хариуцлагыг эрх баригчид бус улсын төсвийг бүрдүүлж, татвараа төлдөг ард түмэн л нуруундаа үүрч байна. Орон нутгийн сонгуульд 9.2 тэрбум төгрөг зарцуулсан. Харин 149 хэсгийн хороонд дахин сонгууль явуулахад саналын хуудас хэвлэхээс эхлээд их хэмжээний зардал гарч байна.
    Шинэчлэлийн Засгийн газрын үед сонгогчдын ирц түүхэндээ анх удаа хамгийн доод төвшинд хүрч, нийслэлийн олонхи дүүрэгт дахин санал хураалт явагдлаа. Энэ нь сонгуулийг орон даяар удирдан зохион байгуулах, сонгогчдын боловсролд анхаарах үүргийг хуулиар хүлээсэн Засгийн газар, СЕХ-ны хариуцлагатай шууд холбоотой юм. Засгийн газрын тэргүүн намын сурталчилгаандаа түлхүү анхаарснаас болж сонгогчдын идэвх урьд хожид байгаагүйгээр буурчээ.
    СЕХ-ны удирдлагууд хуульд заасан хугацаанд сонгуулийн албан ёсны дүнг танилцуулна гээд бүтэн долоо хоног таг чиг болов. Гараар санал тоолдог өмнөх үеэс ч урт хугацааг энэ сонгуулиар зарцуулав. Уг нь долоон минутын дотор сум, багийн төвөөс ирчихэж байгаа мэдээллийг нэгтгэхэд долоо хоног зарцуулах шаардлагагүй. Ингэснээр дахин сонгуулийн товыг иргэдэд мэдээлэх боломж мөн хугацаагаар хойшлов.
    Сонгуулийн албан ёсны дүнг танилцуулах үеэр СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн “Дүн зарладаг хугацааг багасгах талаар хуульд өөрчлөлт оруулах боломжтой” гэж хэлсэн. Энэ нь хуульд заасан хугацаанд уягдаж суухын оронд дүн мэдээгээ эртхэн танилцуулах боломж тус байгууллагынханд байсныг баталж буй. Хэрвээ СЕХ сонгууль дууссаны маргааш нь амласан ёсоор дүнгээ зарласан бол олон нийтийн дунд эргэлзээ, хүлээлт үүсгэхгүй.
    Өөрөөр хэлбэл, автомат машины тусламжтайгаар мэдээллийг нэн даруй олонд түгээх зорилго орон нутгийн сонгуулиар хэрэгжсэнгүй. Нөгөө талаар эрх баригчид дахин сонгуулийн ирцэд ямар ч босго тогтоолгүй хууль баталсан нь сонгуулийн ач холбогдол, үр дүнг зохих хэмжээгээр унагалаа. Хэсгийн хороон дээр ирж дахин саналаа өгсөн хэдхэн хүний нийлбэр дүнгээр л ИТХ-ын төлөөлөгч хэмээх нэр хүндийг олж авах боломжийг хуулиар олгожээ.
    СЕХ-ны удирдлагууд хуульд заасан хугацаанд сонгуулийн албан ёсны дүнг танилцуулна гээд бүтэн долоо хоног таг чиг болов. Гараар санал тоолдог өмнөх үеэс ч урт хугацааг энэ сонгуулиар зарцуулав. Уг нь долоон минутын дотор сум, багийн төвөөс ирчихэж байгаа мэдээллийг нэгтгэхэд долоо хоног зарцуулах шаардлагагүй…
    Ер нь орон нутгийн сонгуульд аль нам ялав гэхээсээ илүү сонгууль ямар сургамж үлдээв гэсэн асуудлаар ярилцах нь зүйд нийцнэ. Нэгдүгээрт, арваннэгдүгээр сард сонгууль явуулах нь цаг хугацааны хувьд тохиромжгүй нь батлагдлаа. Хоёрдугаарт, сонгогчдын боловсрол, ялангуяа төв суурин газрын залуусын сонгуулийн боловсролд дээр дооргүй анхаарах цаг болжээ. Гуравдугаарт, сонгуулийн төв байгууллагын албан ёсны дүн мэдээг зарлах хугацааг наашлуулах, хууль тогтоомжид өөрчлөлт оруулах шаардлага бий болж байна. Дөрөвдүгээрт, орон нутгийн сонгуульд холимог систем тохирох уу, үгүй юу гэдэгт дүн шинжилгээ хийх шаардлага үүслээ.
100 хоног иргэн Танд юу өгөв
    100 хоног бол багагүй хугацаа. Юм хийж чаддаг хүнд олон ажлыг санаачлан эхлүүлэх, заримынх нь үр шимийг хүртэж болох чамлахааргүй хугацаа юм. УИХ-ын сонгуулиас хойш улс орны амьдралд өрнөсөн сайн, саар бүх үйл явдал Н.Алтанхуягийн Засгийн газартай шууд холбогдоно. Юуны өмнө Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулаад ямар үр дүн авчрав гэдэг нь тодорхойгүй байна. 16 яам, 18 сайд, 17 дэд сайдтай болж тоо нь нэмэгдсэний ач холбогдол, үр дүн иргэдийн амьдралд ямар нөлөө үзүүлэв?
    Ямар ч гэсэн яам, тамгын газрын тоо нэмэгдсэнээр иргэдэд хүртээдэг төрийн үйлчилгээний чанарт олигтой ахиц гарсангүй, тэдний гар дээр ирдэг мөнгөний хэмжээ нэмэгдсэнгүй. 100 хоног иргэн Танд юу өгөв? Энэ асуултын хариугаар л Засгийн газрын гурван сарын ажил үнэлэгдэх ёстой. Иргэн Таны амьдралд Засгийн газрын явуулсан бодлого, үйл ажиллагааны юу нь наалдав? Ийм асуултыг хүн бүхэн өөртөө тавиад үзээрэй.
    Иргэн Доржийн хүү төрийн албан хаагч байсан. Гэвч сонгуулийн дараа ажилгүйчүүдийн эгнээнд шилжсэн. Иргэн Туяа сард таван ам бүлийн Хүний хөгжлийн 21 мянга, нийлбэр дүнгээрээ 105 мянган төгрөг авдаг байсан. Гэтэл энэ мөнгөний барааг сонгуулиас хойш харахаа больсон. Энэ мэтээр тоочвол иргэдийн орлого хумигдсаар л байна.
    Гудамжин дахь хог багасаагүй, орон сууцны чинь халаалт сайжраагүй, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх хангагдаагүй бол иргэдийн амьдралд эрх баригчдын бодлого хэрэгжихгүй байна гэсэн үг. Иргэн бүхэнд төрөөс олгож буй мөнгөн болон мөнгөн бус боломжууд л үгүйлэгддэг болохоос хэзээ хэрэгжих нь тодорхойгүй хоосон амлалтууд хэрэггүй. Ялангуяа хийж буй ажлынхаа өнгөн тал, үг хэлдээ илүүтэй анхаарал хандуулж байхаар дотор тал уруу нь өнгийж үзэхийг 100 хоног ойлгууллаа.
Н.ЦЭЦЭРЛЭГ

URL:

Сэтгэгдэл бичих