Н.Батцэрэг: Ямар юмны задрал байх вэ

-Э.Батшугарын асуудал хэрхэн шийдэгдэхийг хүлээнэ -

УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг даваа гаригийн ээлжит хуралдаанаар дотоод асуудлаа хэлэлцэн байр сууриа нэгтгэжээ.

Мөн Засгийн газраас гадаад зах зээл дээр арилжаалсан “Чингис” бондын талаар Сангийн сайд Ч.Улааны мэдээллийг сонссон байна. Хуралдааны дараа бүлгийн дарга Н.Батцэрэг, Сангийн сайд Ч.Улаан нар цаг үеийн сэдвээр зарим зүйлийг тодруулсныг хүргэж байна.

-Сүүлийн үед “Шударга ёс” эвсэл задрах гэж байгаа тухай хөндөгдөж, тэр ч бүү хэл угшил нэг намуудтайгаа эвлэлдэн нэгдэх гэж байгаа гэх юм. Үүнд бүлгийн даргын хувьд, тайлбар хийнэ үү?

Н.Батцэрэг: -Ямар юмны задрал энэ тэр байх вэ. Ийм ташаа мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр харагдаж байна лээ. Ер нь энэ мэтчилэн бор шувуу жиргүүлэх нь хэн нэгэнд ашигтай байгаа юм болов уу. Тиймдээ л манай хоёр намыг хооронд нь эвдрэлцүүлэх ийм юм хийгээд байгаа байх. Гэхдээ хэн нэгний гүжирдлэгээр хэрэлдэж, муудалцана гэж юу байх вэ. Манай хоёр намын тухайд, аль хэзээнээс л хамтарч, ойлголцож ажиллаж ирсэн. Тэр ч утгаараа хэн хэн нь хариуцлагаа гүнээ ухамсарлан, шинэчилсэн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд улс төрийн тогтвортой байдлыг хангаж ажиллаж байна.

-Магадгүй эвслийн бүлэг Ц.Оюунбаатарыг УИХ-ын гишүүний тангараг өргүүлэхийг эсэргүүцэж байгаатай холбогдуулан ийм асуудал гарах болсон юм болов уу. Цаашлаад, чуулганы хуралдааныг хүртэл гацааж байгаа нь эл асуудлыг үгүйсгэх аргагүй ч юм шиг. Ер нь “Шударга ёс” эвсэл Засгийн газарт орсон үүргээ хэрхэн биелүүлж байгаа вэ?
Н.Батцэрэг: -Чуулганы хуралдаанд ороогүй нь эвслээс болоогүй. АН-ын бүлгийн ирц тааруу байсан. МАН-ын гишүүд хуралд ирээгүй. Яагаад хуралдаанд ороогүй шалтгааныг МАН-аас асуу. Эвслийн бүлэг тухайн үед хуралдсан. Тэгээд ч УИХ-ын гишүүнд жагсаалтаар нэр дэвшүүлсэн зарим хүний асуудал шүүх, хуулийн байгууллага дээр байгаа. Тиймээс шүүх, хуулийн байгууллагын шийдвэр гараагүй байхад яаран шийдэх нь гоомой юм биш үү гэсэн асуудал эвслийн гишүүдээс гарсан. Тиймээс л СЕХ-ноос тангараг өргүүлэхээр өргөн бариад байгаа Ц.Оюунбаатарын талаар тус хороонд албан тоот явуулсан. Гэвч одоогоор хариу нь ирээгүй л байна. Ер нь эрх бүхий байгууллагаас нэр дэвшигчийн талаарх албан тоот, бичигт хариу өгөх ёстой. Үүний дараа асуудал шуурхай болно. Түүнээс аль нэг хүний нэр зааж гацаасан хэрэг биш. Хууль нэг л ойлголттой байх ёстой. Эрх зүйн хувьд, нягталж үзэх гэсэн байр суурь бий. Тэрнээс биш нэг хүнээс болж хурал гацаагаагүй.

Ч.Улаан: -Маргаантай асуудлыг шийдэх шаардлага байгаа. Энэ бүх асуудлын цаана Э.Батшугарын асуудал бий. Түүнийг УИХ-ын гишүүний түр үнэмлэхээ аваад байхад нь иргэний цэргийн үүргээ биелүүлээгүй гэсэн шалтгаанаар сонгуулийн төв байгууллагаас намын жагсаалтаас нэрийг нь хассан. Уг нь эрх бүхий дээд байгууллага нь түүнийг иргэний цэргийн үүргээ биелүүлсэн гэсэн шийдвэр гаргасан байсан. Тиймээс энэ асуудлыг нэг мөр болгооч гэсэн асуудлаа СЕХ-нд тавиад байгаа. Ямартай ч эвслийн 11 дэх гишүүн Э.Батшугар уу, Ц.Оюунбаатар уу гэдгийг СЕХ-ноос өгөх хариугаар шийдэхээр болсон.

-Ер нь эвслийн жагсаалтаар УИХ-д орж ирэхээр болсон Ц.Оюунбаатарыг яагаад эсэргүүцээд байгаа юм бэ?
Н.Батцэрэг:
-Тэрбээр “Шударга ёс” эвслийн Удирдах зөвлөлөөс СЕХ руу албан тоот явуулсан байгаа. Гэхдээ одоогийн байдлаар хариугаа аваагүй байна. Тэгэхээр процесс эцэслэгдээгүй байна гэсэн үг. Зүй нь ямар ч гишүүнийг тангараг өргүүлэхээр парламентад оруулж ирэх эрх бүхий байгууллага нь нэр дэвшигчийн талаар тавьсан албан тоотод хариу өгч байх ёстой. Ингэж асуудал маргаангүй болсны дараа цааш явах ёстой шүү дээ. Түүнээс аль нэг хүнийг сайн, муу гэж хэлэхдээ чухал биш. Хуулийг нэг мөр ойлголттой болгосны дараа асуудлыг шийдэхэд хэргийн учир байна. Түүнээс биш бүлэг аль нэг хүнийг эсэргүүцсэн зүйл байхгүй.

-Бүлгийн хуралдаанаар “Чингис” бондын талаар мэдээлэл хийсэн гэсэн. Энэ талаар тодруулна уу?

Ч.Улаан: -Шинэчлэлийн Засгийн газар таван тэрбум ам.долларын “Чингис” үнэт цаасыг дэлхийн зах зээлд амжилттай арилжааллаа. Энэ сарын 5-н гэхэд, Төрийн сангийн дансанд эхний 1,5 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний хөрөнгө бэлнээр орж ирнэ. Нэг үгээр хэлбэл, энэ хөрөнгийг үр ашигтай зарцуулах хариуцлага Засгийн газарт нргдож байна. Ямартай ч энэхүү хөрөнгийг төсвийн алдагдлыг нөхөх, нийгмийн халамжид зарцуулахгүй. Харин төсвийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, ажлын байр бий болгох гэх мэт бодлогын хүрээнд шинэ бүтээн байгуулалт, дэд бүтэц, төмөр зам, хатуу хучилтай зам барих, уул уурхайн бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэр байгуулах зэрэг эдийн засгийн хөгжлийг дэмжсэн төслүүдэд хөрөнгө оруулалт хийнэ. Цаашид “Чингис” бондыг Монгол Улсын гадаад зах зээлийг өргөтгөх, дотоодын хөрөнгө оруулагчдыг дэмжих хөшүүрэг болгон ашиглахаар төлөвлөж байна.

О .Сэлэнгэ

НИЙГМИЙН ТОЛЬ


URL:

Сэтгэгдэл бичих