Х.Чойжилжав: Шударга шийдвэр гаргахгүй бол бид тэмцлээ үргэлжлүүлнэ
АИХ-ын депутат асан Х.Чойжилжавтай ярилцлаа.
-Тантай хамт АИХ-д ажиллаж байсан депутатууд Үндсэн хуулийн цэцэд тодорхой асуудлаар хандаад удаж байна. Цэцээс ямар нэг шийдвэр, албан ёсны хариу ирэв үү?
-Бид УИХ-ын даргыг хууль бусаар томилсон гэсэн үндэслэлээр Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасан ч маргаан үүсгэхгүй гэж үзсэн. Цэцийн нэг гишүүн тогтоол гаргадаг дүрэм, журамтай юм байна. Тэр тогтоол нь бидний гомдлын хариу болж чадаагүй. Тиймээс бид албан ёсны, бүрэн дүүрэн хариулт биш байна гэж үзэн дахин өргөдөл гаргасан. Үүнээс хойш сар гаруй болж байна.
Уг нь сарын дотор хариу өгөх ёстой. Гэтэл өнөөдрийг хүртэл хариу өгсөнгүй. Үндсэн хуулийн хил хязгаарыг хамгаалдаг харуул нь Үндсэн хуулийн цэц байх учиртай. Тэгэхээр ямар ч байсан бидний гомдолд шударгаар хариулт өгч, хууль зүйн үүднээс асуудалд хандаж, зөв шийдвэр гаргана гэж найдаж сууна.
Хэрэв шударга хандаж чадахгүй бол бид дараагийн шатны тэмцэл өрнүүлж, өргөдөл, гомдол гаргахаас өөр аргагүй. Шударга ёс, ардчилал гэж байдаг л юм бол хуулийг биелүүлэх ёстой. Хуулийг баталдаг хүмүүс нь хуулиа зөрчөөд байхаар Монгол Улсад хуулийг хэрэгжүүлэх, биелүүлэх ямар ч үндэслэлгүй болж байна. Иймд бид эцсийн шат хүртэл нь тэмцэнэ.
-Үндсэн хуулийг сахин хамгаалах үүрэгтэй Үндсэн хуулийн цэц асуудлыг шийдэж өгөхгүй байгааг Та бүхэн юу гэж ойлгож байгаа вэ?
-Бидний өгсөн өргөдлийг гурван хүнээр хэлэлцүүлэхээр шийдвэр гаргасан сураг байна. Тиймээс энэ гурван хүн шийдвэр гаргахад түүний ядаж хоёр нь зөв талаас нь шийдэх болов уу гэж найдаж байгаа. Үндсэн хуулиа хамагаалах үүрэгтэй байгууллагын гишүүд асуудалд зөв хандах биз ээ. Хууль, дүрэм, журмаар ямар шийдвэр гаргахаар байна, түүгээр л асуудлыг шийдэх ёстой. Түүнээс биш хэн нэгэн хүний үзэмж, аль нэг намын бодлогоор асуудлыг шийддэггүй.
-АИХ-ын хэдэн депутат өргөдөл гаргав?
-Дөрвөн хүн өргөдөл өгсөн. Ер нь АИХ-ын депутатаар ажиллаж байсан хүмүүс бидэнтэй санал нэг байгаа. Үндсэн хуулийг өөрчлөх шаардлага ч байж болохыг үгүйсгэхгүй. Гэхдээ бид муугүй хууль болсон гэж үздэг. Зөвхөн энэ удаа ч бус өмнө нь Үндсэн хууль зөрчсөн буруу шийдвэрүүд гарч байсан. Энэ алдааг дахин давтахгүй, зөв голдиролд нь оруулах юмсан гэж бид хэлж шаардаж байгаа.
-Цаашид цэц өргөдөлд хариу өгөхгүй бол яах вэ?
-Бид УИХ-ын даргыг хууль бусаар томилж, анхдугаар чуулганыг хуралдуулж, хуулийг өөрсдөдөө зориулж баталдаг явдлыг Монголын төрд байхгүй болгохын төлөө олон хэлбэрээр тэмцэнэ.
Ц.ЖАРГАЛ
URL:





