Хадны мангаа
Эрх хүүхдийг ий…”хадны мангаа” гэж айлгадаг шиг их улс төрд “С.Баяр ирлээ” гэдэг үг аранга болчихоод байна. Тэртэй тэргүй хавар болохоор гадаалж, ханш нь өсдөг монголын улс төр сүүлийн хоёр жилд С.Баярын ирэх сургаар шуурч, явах чимээнээр намддаг боллоо. Түүнийгээ дагаад нийгэмд ч одоо яах бол гэсэн хүлээлт үүсээд байх шиг. Гүйцэтгэх засаглалын тэргүүнээс буугаад, улс төрийн ууган хүчний даргын албаа өгчихөөд, УИХ-ын сул гишүүн төдий статустай болоод удсан ч түүнтэй алсаас тэмцэлдэн хийрхэх буюу айсуй бараанаар нь жийрхэх хүмүүс байсаар.
Америкт эмчлүүлж байгаа гэх энэ эрхэм цагаа тулахаар тийм ч ховор нэгэн биш. Хавар намрын чуулганы үеэр танхимдаа, хааяа томхон хурал, үйл явдал дээр харагдаж л байдаг. Сонин хэвлэлээр ярьж, дуу хоолой нь сонсогдож л байдаг. Чухам хэн түүнийг ингэж олны овоо хараанд онилуулаад байна вэ гэхээр Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр. Эзгүй араар нь эвгүй эвгүй мэдэгдэл хийж, энд тэнд ярилцлага өгч, энгийн нэгэн бол ичиж эмээсэндээ ирэхгүй байх нөхцөлд оруулдаг.
Цагтаа хань хамсаатан, хамтран зүтгэгч явсан нэгэн үеийн лидерүүдийг ийн толхилцоод ирэхээр хүссэн хүсээгүй бүгд анхаарна. Хиншүү ханхлам мэдэгдлийнх иь мөрөөр юу хийгдэх бол гэж харна. Буруутныг тогтоож, хариуцлага тооцохыг нь хүлээнэ. Гэвч хэрэг явдал тэгсгээд намжина. Ноднингийн яг өдийд өнөөдөртэй төстэй үйл явдал өрнөж байв. Ерөнхийлөгч асан олон нийтийн телевизийн “Хариулахгүй ч байж болно” нэвтрүүлгээр орж, дараа нь “Зууны мэдээ” сонинд нүүр дамнасан ярилцлага өгснийг бүгд санаж буй.
Тэр үеэр хийсэн гол мэдэгдэл нь Ерөнхийлөгчийн сонгууль шударга бус, булхай луйвартай болсон тухай. Намын дарга С.Баяр өөрийг нь ялуулах ёстой байтал өрсөлдөгчтэй нь нийлж байгаад татаж унагасан, тэгснээс болоод улиран сонгогдож чадаагүй тухай хатуу чангаар ярьж байсан. Үнэхээр тэгсэн бол С.Баяр шиг хажуудахаа хавирч, хаяагаахадардаг жудаггүй, журамгүй эр байхгүй мэт. Гэтэл энэ мэдэгдэл нотлогдоогүй. С.Баяр ч ирдгээрээ ирж, Н.Энхбаяртай тулдгаараа тулсан ч тухайн үеийн МАХН-ын Хяналтын хорооноос маргааныг тасалчих дорвитой шийдвэр гараагүй.
Нам доторх асуудал болохоор шүүх цагдаад хандалтай биш. С.Баяр намын дүрмийн дагуу хяналтын байгууллагадаа хандаж, Н.Энхбаярын яриаг хянаж шалгаж өгөхийг хүссэн байдаг. Хяналтын Ерөнхий хороо Н.Энхбаяраас хийсэн мэдэгдлээ нотлох баримт өгөхийг хүссэн ч хянаж шалгах хэмжээний баримт ирээгүй учир тэгсгээд замхарсан тухай С.Баяр өөрөө хэвлэлд ярьсан нь бий. Сонгуулийн булхай луйвар бол тэгсгээд хэвлэлийн бай болгоод өнгөрөөчих сэдэв биш. Ардчиллын амин сүнс нь ард олны сонгох, сонгогдох эрх хэр шударга хэрэгжиж байгаагаар хэмжигддэг гээд бодохоор Ерөнхийлөгч, Ерөнхий сайд байсан хоёр хүн хоорондоо өнхрүүлж тоглоод, өшиглөөд хаячихдаг хэрүүлийн алим ч биш.
Чухамдаа хэн нь үнэн ярьж, аль нь худан мэдэгдээд байгаагаа тогтоолгож, буруутай нь уучлал гуйж, буруугүй нь дахиж ийм үйлдэл гаргуулахгүй байх итгэл үнэмшил төрүүлж байх субъектүүд атлаа ингээд орхичихож байгаа нь шударга үнэний өчүүхэн хэлтэрхийг ч болов хүсэмжилдэг иргэдээрээ даажигнаад байгаатай агаар нэг. Азаар монголчууд нэхэл султай юм даа.
Үүнээс хойш бүтэн нэг жил өнгөрлөө. Гуравдах Ерөнхийлөгч нөгөө сэдвээ ор тас орхичихоод өөр сэдвээр дараагийн мэдэгдлээ хийв. 2008 оны 7 дугаар сарын нэгэнд үймээн самуун дэгдэж, түүний хөлд таван хүний амь нас эрсэдсэн хэргийн гол буруутан нь С.Баяр гэнэ. Ерөнхийлөгч атлаа Ерөнхий сайд байсан хүнийхээ шахаанд орж, онц байдал зарлаж, буу шийдэм болцгоож, хүний амь нас хохирсон хэмээн тод томруун өгүүлж сууна.
Гэхдээ энд нэг юмыг хаана хаанаа хатуу санах ёстой. Ноднингийн үйл явдалтай дараалал нь төстэй ч агуулга нь тэс өөр гэдгийг. Өнгөрсөн 2010 оны гуравдугаар сард МАН нь МАХН, намын дарга нь С.Батболд биш С.Баяр байсан. МАХН-ын бага хурал болох гэж байсан болохоор түүнд нөлөөлөх гэж Н.Энхбаяр дээрх мэдэгдлүүдийг хийсэн байж болно. Энэ нь ч “Бүх юманд намын удирдлагууд л буруутай” гэдэг үгнээс нь харагдаж байсан. Харин одоо тэгэх шаардлага байхгүй. Намын их, бага хурлууд нь болоод өнгөрчихсөн, нам нь дотроо салан тусгаарлаж, нэр тойрсон нэлээд ярвигтай хэрэг үүссэн зэрэг нь тусдаа асуудал.
Харин өнөөдрийн сэдэв бол “Долдугаар сарын нэгэн”. Түүнтэй уялдаж “Бүх юманд тухайн үеийн Засгийн газар, Ерөнхий сайд л буруутай” гэж хэлж байгаа. Ноднингийнхоос ялгаатай нь Н.Энхбаярын ярьсан асуудал нь одоо намын байгууллагаар биш, төрийн байгууллагаар шалгагдах ёстой. Намын байгууллага асуудлыг тэгсгээд орхиж болдог бол төрийн байгууллага заавал үнэн мөнийг нь олж тогтоож нийтэд зарлах учиртай. Тэр дундаа долдугаар сарын нэгний асуудлаар, тэр дундаа Ерөнхийлөгч байсан хүний мэдэгдлийг.
Нөхцөл байдап ийм ялгаатай учир С.Баяр гэдэг “хадны мангаа” цагаа олж ирлээ. Ирлээ ч гэж хуулийпхан хүссэн учир ирсэн гэцгээж байна. Гэхдээ нөхцөл байдлыг харахад түүнийг Н.Энхбаяр ирүүлчихэж байгаа хэрэг. Үнэндээ тухайн цаг үед Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван гишүүний нэг нь нөгөөгийнхөө талаар ийнхүү олон нийтэд дэлгэн ярьсныг анзаарахгүй өнгөрөх эрх хуулийнханд байхгүйг Ерөнхийлөгч байсан хүн нарийн тооцоолсон байж таарна. Гэвч хэн нь хэнийг ирүүлэх нь чухал биш, түүхэнд хар толбо болон тогтсон үйл явдлын нарийн учир, ээдрээ тайлагдаасай гэсэн хүлээлт энэ хаврын улс төрд жин дарж байна.
Шүүх прокурорын байгууллага ч шалгаж, тогтоохоо мэдэгдээд байгаа. Н.Энхбаярыг гэрчээр дуудлаа гэх мэдээлэл хэвлэлээр харагдаж байна. С.Баяраас ч бас мэдүүлэг авах бололтой.
Ямартаа ч С.Баяр “Хэн нэгэн шахаж шаардсанаар Ерөнхийлөгч онц байдал тогтоох шийдвэрт гарын үсэг зурна гэж байхгүй, ямар амьгүй албат биш” гэж жшшйн өмнө хэлсэн байдаг. Тэгээд ч онц байдал тогтоох асуудлыгҮндэсний аюулгүй байдлын Зөвлөл албан ёсоор хэлэлцэж байгаад гишүүдийнхээ санал нэгдсэн тохиолдолд зарлиг шийдвэр гардаг. Мөн онц байдач тогтоох тухай Ерөнхийлөгчийн зарлигийг УИХ-ын онцгой чуулганаар хэлэлцэн, эрх зүйн талаар баталгаажуулсан тусгай тогтоол гаргасан байдаг.
Тэр зарлиг, дараа нь гарсан УИХ-ын тогтоол хоёр бол Монголын төр тэр хэцүү цаг мөчид бүрэн эрхийнхээ дагуу гаргасан шийдвэрүүд мөнөөс мөн. Гэтэл шийдвэр гаргалцсан Ерөнхийлөгч маань үгээ няцааж, үйлдлээ баллуурдаад байгааг ойлгохгүй байна гэж тэр хэлсэн. Өнөөдөр С.Баяр энэ үгээ илүү чанга хэлж, илүү дэлгэрэнгүй ярихаас өөр аргагүй болж байна.
Үймээн самуун, мөргөлдөөн сөргөлдөөн бол хүсэх юм биш. Тэр тусмаа улс төрийн үйл явдлын золионд энгийн хүн хохирно гэхээр эруүл саруул төр засагтай, ардчилсан хэв маягтай улс оронд хүлээн зөвшөөрч боломгүй зүйл. Гэнэтийн нөхцөл байдалд хэн хүнгүй самгардаж туршлагагүйтээд золгүй юм болчихлоо гэж нэг удаадаа тайлбарлаж болох ч дахин давтагдахгүйн тулд заавал хариуцлага, үр дүн яригдах ёстой.
Тиймээс энэ удаагийн мэдэгдлийг ээлжит нэг гүтгэлэг болгоод өнгөрөөгөөсэй гэж хэн ч хүсэхгүй байна. Тэр тусмаа сонгууль угтаж шиддэг чулуу, нисгэдэг бор шувуу хөөцөлддөг эрхмүүд биш болохоор тэр.
Э.Адьяасүрэн
МОНЦАМЭ
URL:













