Ц.Элбэгдорж: Өрөө төлөхгүй бол аль нэг улсын эрхшээлд орно
Өрийн тоолуур өчигдрөөс эхлэн гүйж эхэлснийг Төрийн тэргүүн ард түмэндээ хандан анхаарууллаа. Ийм үед улс төрийн намууд ч хариуцлагатай байхыг сануулсан юм. Шинэчлэлийн Засгийн газрын тавьсан энэ их өрийг би, чи гэлгүйгээр бүгд төлж барагдуулах учиртай гэнэ. Үүний тулд өчигдрөөс эхлэн хариуцлагатай байхыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мэдэгдсэн нь энэ.
Шинэчлэлийн Засгийн газрын хүрээнд таван тэрбум ам.долларын үнэт цаасыг гаргахаар болсон. Энэ онд 1.5 тэрбум ам.долларын үнэт цаасыг худалдсан билээ. Энэ мөнгө өчигдөр Засгийн газрын дансанд бэлнээр орж ирсэн юм. Товчхондоо, энэ өдрөөс эхлэн өрийн тоолуур гүйж эхпэв. Бондын хүү жилд 70 сая ам.доллар, 10 жилийн дараа гэхэд нэг тэрбум ам.доллар болох юм байна.
Таван жилийн дараа 500 сая, 10 жилийн дараа тэрбум төгрөгийн хүү төлнө гэсэн үг. Тиймээс Чингис бондын цаашид хийх зарцуулалт, хяналтын талаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ерөнхий сайд, УИХ- ын дарга болон Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны дарга нартай уулзаж ярилцаж, зөвлөмж гаргажээ.
Тэрбээр “2012 оны арванхоёрдугаар сарын 3-ны өдөр Засгийн газрын үнэт цаасны талаар авах зарим арга хэмжээний тухай гэсэн ҮАБЗ- ийн нээлттэй зөвлөмж гарсан. Монгол Улсын арилжсан үнэт цаасны мөнгө Монгол Улсын дансанд орж ирсэн. Хамгийн түрүүнд хэлэх ёстой зүйл бол Монгол Улс хариуцлагатай улс болох ёстой.
Ерөнхийлөгчөөсөө эхлээд жирийн иргэд хүртлээ бүгд хариуцлагатай байх ёстой. Ялангуяа албаны хүмүүсийн хийж байгаа мэдэгдэл үнэтэй болсон. Олон улсын хөрөнгө оруулагчийг үргээсэн, популизм хийсэн ийм улс төр явахгүй. Бондоор бодоход УИХ-ын нэг гишүүн хариуцлагагүй мэдэгдэл хийхэд ойролцоогоор 10 сая ам.доллар болж Монголчуудын нуруунд бууна.
Өмнө бид татварынхаа хуулиар мөнгө цуглуулаад төсвөө бүрдүүлж, асуудлаа тогоон дотроо ярьдаг байсан. Одоо бол дэлхий нийтийн өмнө хийж байгаа үйлдэл бүхэн, хэлж байгаа үг бүхэн чинь үр дагавартай шүү гэдгийг хэлэх гэсэн юм. Ингээд бүгдээрээ энэ өдрөөс эхлээд хариуцлагатай болох хэрэгтэй” гэсэн юм. Үндэсний аюулгүй байдлаас гаргасан нээлттэй зөвлөмжид УИХ-д хандаж хоёр зүйлийг тусгажээ.
Үүнд Засгийн газрын үнэт цаасны зарцуулалт, эргэн төлөлт, тавих хяналтад шаардагдах нэмэлт эрх зүйн орчинг УИХ-ы намрын чуулганд багтаан бүрдүүлэхийг зөвлөжээ. Тодорхой хэлбэл, энэ хуулийн төслийг салбарын сайдад үүрэг болгосон юм. Мөн дээрээс нь, зарцуулалт, төсвийн сонголт, хэрэгжүүлэлтэд тавих хяналтыг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хариуцан хяналт тавих ёстой аж.
Мөн үнэт цаасны үйлчилгээ, хүүгийн болон үндсэн төлбөрийг барагдуулах, түүнийг төсвийн эх үүсвэртэй уялдуулахад тавих хяналтыг Төсвийн байнгын хороо хариуцах ёстой гэдэг зөвлөмжийг Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлөес гаргажээ. Харин Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлөөс үнэт цаасыг арилжаалах замаар бүрдүүлсэн хөрөнгийн эх үүсвэрээс төсөл, хөтөлбөр сонгон санхүүжүүлэх асуудлыг тухай бүр Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэж, УИХ- ын даргад бичгээр танилцуулж байхыг тусгасан байна.
Гол нь үнэт цааснаас орж ирсэн орлогын зарцуулалтыг маш тодорхой тусгасан аж. Ингэхдээ Эдийн засгийн бие даасан, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн, үр ашигтай, эргэн төлөгдөх баталгаатай төслийг санхүүжүүлнэ гэжээ. Өөрөөр хэлбэл, нэн тэргүүнд дэд бүтэц, үйлдвэрлэлийн төсөл хөтөлбөрүүдийн санхүүжүүлэхээр болсон байна.
Харин Засгийн газрын үнэт цаасаар орж ирсэн мөнгийг төсвийн алдагдал нөхөх, төсвийн урсгал зардал, тэр дундаа нийгмийн халамжийн аливаа үйлчилгээнд зарцуулахгүй байхыг Төрийн тэргүүн хатуу анхааруулав. Хэдийгээр Засгийн газрын үнэт цаасыг гадаадынхан ихээхэн сонирхож байгаа хэдий ч эрсдэл өндөр байгааг Ерөнхийлөгч анхааруулсан юм.
Тиймээс үүсч болох эрсдэлийг тооцож, удирдлагын механизмыг бүрдүүлэх үүднээс эдийн засгийн чиглэлийн яамд, шинжээчдээс бүрдсэн Бодлогын зөвлөл байгуулах ёстой гэсэн юм. Энэхүү бондын хүү бодогдож эхэлснийг мартах эрхгүй гэж тодотгосон. Хамгийн чухал нь зээлийг тэр хүмүүс авсан бид төлөхгүй гэж тайвширч болохгүй гэнэ. Заавал төлөгдөх ёстой. Төлөхгүй бол тэр бондыг өөр улс худалдаж аваад манай улс аль нэг улсын эрхшээлд орох болно гэдгийг ч Төрийн тэргүүн энэ үеэр онцлов.
Эх сурвалж: “Нийгмийн Толь”
URL:













