Уушгины эмнэлэг үй олноороо үүдээ нээх цаг болжээ

Өнөөдөр 2012 оны 12 дугаар сарын 07. Арав гаруй жилийн өмнөөс хятад чихэрт дурлаад, хятад гэсэн хаяг, шошготой амттан, идээ, ундаагаар хооллодог болсныхоо үр дүнд монголчууд шүдний өвчлөлд идэгдэж, өдгөө нийслэл хотоор дүүрэн шүдний эмнэлгүүд үүд хаалгаа нээжээ.
Эрүүл мэндийн газрын мэдээлснээр өдгөө нийслэлд 206 шүдний эмнэлэг үйл ажиллагаа явуулдаг байна. Тун их тоо байгаа биз.
Хорхойтой шүдгүй монгол хүн үгүй болж, зах зээлээ анзаарсан эмч нар хувийн шүдний эмнэлгүүдээ 206 болтол нь нээж, нэмж чаджээ.
Тэгвэл арван жилийн дараа уушгины эмнэлгүүд үйл олноороо нээгдсэн байхад гайхаад байх асуудалгүй аж.
Хятад чихрийн ачаар шүдгүй болсон монголчууд утаагаа арилгаж чаддаггүй эрх баригчдынхаа дэмээр уушгигүй болчихоод уушгины эмнэлгүүдийн үүд хаалгыг сахиж суух мөч ойртсоор байна. Харин ийм зах зээл нээгдэж байгааг манай эмнэлгийн салбарынхан яагаад анзаарахгүй байна вэ.
Бизнесийн салбарынхан аль хэдийнэ анзаарчихаад уушгины эмнэлэг байгуулбал удахгүй ашгаа өгч эхэлнэ гэж ярьж байхад дотрын болон уушгины эмч нар нийгмийн энэ эмзэг сэдвийг мэдэхгүй сууна гэж баймааргүйсэн. Лав дотрын эмнэлэг одоогоор 76 л байдаг аж.
Эмэгтэйчүүдийн эмнэлэг 76, арьс өнгө, бэлгийн замын эмнэлэг 28, чих хамар хоолойн эмнэлэг 19, хүүхдийн эмнэлэг 12, нүдний эмнэлэг 29, мэс заслын эмнэлэг 14, дүрс оношилгооны эмнэлэг 19, лаборатори 42 байдаг гэсэн тоог Эрүүл мэндийн яам цахим хуудастаа тэмдэглэжээ. Зөвхөн хувийн эмнэлгүүдийн тухайд шүү дээ.
Бодвол дотрын эмнэлэгтээ уушгины эмчилгээ нь багтдаг бололтой. Гэхдээ удахгүй эмэгтэйчүүдийн эмнэлэг, арьс өнгө, бэлгийн замын эмнэлэг гэдэг шиг уушгины эмнэлэг тусгаарлаж, үүдээ нээх нь ойлгомжтой болоод байна.
Байрны орц, подваль гээд хаа сайгүй шүдний эмнэлэг юуны учир ийм олноороо нээгдсэнийг, гэр бүлийн гишүүд бүгдээрээ шүдний дефекттэй болсоноо анзаараагүй шигээ нэг л мэдэхэд хаа сайгүй уушгины эмнэлэг үүдээ нээсэн байхад монголчууд бид бас л анзааргагүй хандах вий дээ.
Өнөөдөр айлын гэрт агаарын бохирдлын хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс найм дахин их байгаа бол гадаа гарахад 20 дахин их утааг бид уушгилж байна. Хотын агаарын бохирдлын одоогийн түвшин 1952 оны Лондонгийн гамшгийн хэмжээнд үндсэндээ хүрчихээд байгааг мэргэжлийн судлаачид хэлдэг.
Агаарын бохирдол тэвчих боломжгүй хэмжээнд хүрч, монгол хүний амь нас, эрүүл мэнд аюултай байдалд халдаж эхлээд байгааг Эрүүл мэндийн байгууллагуудаас гаргасан хэдхэн тооноос харж болно.
Хотын хүүхдүүд, хөдөөгийн хүүхдүүдийг бодвол гуурсан хоолойн үрэвсэлт өвчнөөр 5-15 дахин, багтраа өвчнөөр 5-8 дахин илүү өвчилж байна.
Сүүлийн 12 жилд, нярайн төрөлхийн гажиг 6 дахин өссөн байна. Утаан дахь хар тугалганы агууламж хотын хүүхдийн цусанд, ДЭМБ-ын зөвшөөрөгдөх хэмжээнээс 60 хувиар илүү байна.
Хар тугалга бол тархины хөгжлийг сааруулах хор нөлөөтэй бодис юм. Нэг үгээр бол хотын өвчлөлийн онцлог, хэмжээг “Улаанбаатарын өвчлөл” “Улаанбаатарын үзэгдэл” гэж хэлэхээр байдалд хүрчээ.
2010 оны 7, 8 дугаар сард ойн түймрийн улмаас Москва хотод утаа, агаарын бохирдол ердийн үеийнхээсээ 4-10 дахин их болоход, хүн өдөрт 3 хайрцаг тамхи татсантай тэнцэх хэмжээний хорт бодисоор амьсгалж байна гэж судлаачид дүгнэж байсан. Тэр үед Москвагийн агаар дахь тоосонцрын агууламж 1000 мкг байсан бол өнөөдөр Улаанбаатрынх 1575 болчихсон байгаа. Тэгэхээр хүн өдөрт 4-5 хайрцаг тамхи татаж байгаа хэмжээний хордож байна гэсэн үг.
Тамхи хортой гэдгийг найман настай балчираас 80 настай хөгшид хүртэл мэддэг шүү дээ. Тамхи тийм хортой байхад нийслэлчүүд бид хүссэн, хүсээгүй өдөрт 4-5 хайрцаг тамхи татахтай адил хорт утаагаар амьсгална гэдэг байж боломгүй асуудал юм.
Мөн Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагын нэг судалгааг энд зориуд дурдмаар байна. Монгол Улсын нийслэлд амьдарч байгаа оршин суугчид хотын агаарын бохирдлын нөлөөгөөр учирсан хохирлын эрүүл мэндийн эмчилгээнд 775 тэрбум төгрөг зарцуулж байгаа нь манай улсын ДНБ-ий 12.8 хувьтай тэнцэж байна гэжээ. Үүнээс үзвэл утааны уршигаар уушгины эмнэлэг нээдсэн, нээгдээгүй бид бусад эд эрхтэн, эрүүл мэндээрээ хохирсоор л байгаа юм байна.
Харин энэ асуудалд гадны болон манай төрийнхөн ямар бодолтой явдагаа сонин, хэвлэлээр хэрхэн ярьж байсныг нэхэн сануулъя.
Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дарга П.Цагаан: Амьсгалж л байгаа юм чинь энэ асуудал хүн бүрт хамаатай
- Статистикийн мэдээнээс үзэхэд нийтдээ 70 мянган утаагүй зуух тараасан байна. Харин энэ жил 23 мянган зуух нэмж тараахаар шийдсэн. Агаарын бохирдлыг эрс бууруулах түлш хийх төсөл хэрэгжиж байгаа. Уг төсөл хугацаа алдаад урагш муутай байна. Сайн хэрэгжиж чадсан бол нийслэлчүүдийн түлэх түлшний 50 хувийг хангах зорилготой байсан юм.
Тиймээс хэчнээн зуух нь байгаад түлэх нүүрс нь түүхийгээрээ байх юм бол агаарын бохирдлыг их хэмжээгээр бууруулах боломжийг алдаж байгаа хэрэг. Мөн ард иргэд гэр орон, байр сууцаа сайн дулаалах шаардлагатай байна. Монголчууд тэвнийн чинээ нүхээр тэмээн чинээ жавар орно гэдэг. Ер нь статистик судалгаа хийгээд үзэхэд, гэрийн дулааны 50-55 хувийг хана, тааз, шал цонхоороо алдчихдаг юм билээ. Тиймээс гэр орон, байр сууцаа сайтар дулаалсан байхад түлшинд зарах мөнгө ч хэмнэгдээд, нийслэлд нэмэгдэх утаа ч багасна гэсэн үг. Энэ нь далайд дусал нэмэр гэдэг шиг утаа багасч л байгаа. Өнгөрсөн жилийн Засгийн газрын тайланг үзэж байхад, утаа нэлээд хэдэн хувиар багассан байсан. Тиймээс бага ч гэсэн ахиц дэвшил гарч байгаа. Гэхдээ энэ нь хангалттай биш байна. Одоо агаарын бохирдлыг бууруулах тал дээр маш олон зүйл хийх хэрэгтэй байна.
Ер нь нийт шат шатны ажлыг гүйцэтгэж буй хүмүүстээ хандаж, агаарын бохирдлыг бууруулах гэж хийж байгаа ажлаас ашиг хонжоо битгий хайгаач гэж хэлмээр байна. Хүн бүр амьсгалж байгаа юм чинь энэ асуудал хүн бүрт хамаатай шүү дээ. Тиймээс өөрийнхөө төлөө, хүүхдийнхээ, гэр бүлийнхээ төлөө хийж байгаа ажил гэж ойлгох хэрэгтэй.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч
Э.Бат-Үүл: Иргэд маань бидэнд туслах хэрэгтэй
-Энэ жилдээ агаарын бохирдлыг бууруулах хоёр ажил хийгдэнэ. Эхний ээлжинд ер нь зэрэгцүүлж хийх байх. Утаагүй зуух болон утаа гаргадаггүй түлшийг нийлүүлнэ. Гэхдээ энэ маань бага зэрэг хязгаарлагдмал байгаа. Нөгөө талаас гэр хорооллынхоо дахин төлөвлөлтийг хурдан хийж өгөөч ээ. Тэгвэл бид хөнгөлөлттэй зээл олгож, гэр хорооллыг барилгажуулах ажлаа эхэлмээр байна.
Хамгийн гол нь дахин төлөвлөлтөө хийх хэрэгтэй. Тэгэх юм бол байшингаа бариад л түүн рүүгээ дулаан бохир, цэврийн шугам оруулчихна шүү дээ. Ингээд орон сууцаар хангах ажлыг хийнэ. Нөгөө шугамаа тавих зураг төслөө хийх гэхээр дахин төлөвлөлт хийгээгүйгээс үүдээд гацчихаад байна. Тиймээс иргэд маань бидэнд туслах хэрэгтэй. Энэ жил утаа арилахгүй шүү дээ. Ямар ид шидтэй биш. Гэхдээ зохих хэмжээгээр бууруулна. Ер нь бол утаагүй зуух, утаагүй түлшээ сайтар нийлүүлнэ.
Дахин төлөвлөлт хийсэн гэр хороолол руу амины орон сууц барих дэмжлэг үзүүлж барьж өгнө. Ер нь болж өгвөл иргэд өөрсдөө сэтгэл гаргах юм бол бүх зүйл шийдэгдэнэ. Одоогийн байдлаар Сонгинохайрхан дүүргийн IV, XI хорооны нутагт дахин төлөвлөлт хийсэн. Дэнжийн мянга, Гандангийн орчимд дахин төлөвлөлт хийгээч гээд одоогоор хийсэн зүAйлгүй л байна. Уг нь дахин төлөвлөлтөө хийгээд орон сууцандаа хурдан ормоор байгаа юм шүү дээ. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр бүх багц арга хэмжээг авна. Тэгээд ерөнхийдөө асуудлыг нэг мөр шийдье гэж бодож байгаа.
“Цэвэр агаар сан”-гийн гүйцэтгэх захирал Н.Хүрэлсүх: Үр хойчоо хордуулж, бусдын өмнө үүрэг хүлээж байгаагаа ойлгохгүй байна
-Утаа яагаад буурахгүй байгааг олон талаас нь харах хэрэгтэй. Улаанбаатар хотын утааны тухай олон жил ярьсан нь үнэн. Сүүлийн 20 орчим жил энэ талаар ярьж, арга хэмжээ авч байгаа. Агаарын бохирдлын хэмжээ нэмэгдэж байгаа нь хүн амын нягтшилтай холбоотой. Өнөөдрийн байдлаар гэр хороололд 180 орчим мянган өрх байгаа гэсэн судалгаа бий. Статистик мэдээгээр жилд 30 орчим мянган иргэн шилжин ирж байна. Тэд яндангийн тоог нэмж, утаа үйлдвэрлэж байгаагаас хотын агаарын бохирдол буурахгүй байна. Засгийн газар сүүлийн хоёр жилд л дорвитой арга хэмжээ авч эхэлсэн. Анх удаа шүү.
Тодруулбал, Ерөнхийлөгч, УИХ, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэмжээнд ярьж, нийслэлийн утаа гамшгийн хэмжээнд хүрснийг зарлан, Агаарын бохирдлын тухай хууль гарган хэрэгжүүлж байна. Засгийн газрын тусгай сан болох “Цэвэр агаар сан” байгуулагдаад нэг жил зургаан сарын нүүр үзлээ. Энэ хугацаанд бид нэлээд их ажил хийж хэрэгжүүлж байна. Гэр хорооллын 180 мянган өрхийн эхний 70 мянгынх нь зуух, гэрийн дулаалгыг солилоо. Энэ жил дахиад дээрх хэмжээний ажил хийхээр төлөвлөсөн. Боломж гарвал үлдэж буй хэсгийг ч солих санаа бий. Ер нь, энэ яриад байгаа 180 мянган өрх чинь нийт утааны 60 хувийг гаргаад байгаа юм. Иймд бохирдлоо бууруулж, цэвэр агаартай болохын тулд эхний ээлжинд зуух түлш хоёроо л анхаарах хэрэгтэй.
Өнөөдөр төр гэр хорооллын өрхүүдэд маш олон хөнгөлөлт эдлүүлж байгаа. Гэтэл утаагүй зуух худалдаад авчихгүй л байна шүү дээ. Үр хойчоо хордуулж, бусдын өмнө үүрэг, хариуцлага хүлээхгүй байна. Энэ байдлаа иргэд ухамсарлан засмаар байна шүү дээ.
Япон улсын Саппоро хотын дарга ҮЕДА ФҮМИО
-Улаанбаатар хотод би анх удаа ирж байна. Агаарын бохирдол хүнд байгаа нь харагдаж байна. Улаанбаатарын агаарын бохирдол, байгаль орчны хүндрэлтэй асуудлууд хот руу чиглэсэн тасралтгүй шилжилт хөдөлгөөнөөс хүн амын нягтшил хэт ихэссэнтэй холбоотой гэж бодож байна.
Өвөл болдог хот маш хүйтэн, цас их ордог. Энэ нь нэг талаар бэрхшээл боловч үүнийг байгалийн баялаг болгон ашиглаж бас болдог. Жишээ нь манай хотод цас ихээр хунгарлан ордог. Түүнийг арилгахад зардал их орно. Гэвч цас ордоггүй газрын хүмүүсийн сонирхлыг энэ нь ихэд татдаг. Саппоро хот энэ жил 63 дахь удаагаа цасны баяр зохион байгуулж байна. Энэ баяраар гадны жуулчдаас гадна Японы бусад хотоос олон хүн ирдэг. Тэгэхээр цас бол аялал жуулчлалын нэг бүтээгдэхүүн болж чадаж байна.
- Хоёрдугаарт бид цасыг эрчим хүчний эх үүсвэр болгон ашиглаж байгаа. Их хэмжээгээр хунгарлан орсон цасыг хадгалдаг. Хавар болоод хайлах явцад ялгарах эрчим хүчийг нь агааржуулалтын системд ашиглаж байна.
- Гуравдугаарт ургамал, хүнсний ногоо хадгалах зоорь болгон ашиглаж байгаа юм.
Энэ мэтчилэн цасыг баялаг болгон ашиглах боломж олон бий. Нүүрсээр дулаан, цахилгаанаа үйлдвэрлэж байх үед утаа асуудал болж байсан. Тиймээс Япон даяар эрчим хүчний хувьсал хийсэн. Бид нүүрс биш, нефть боловсруулж эрчим хүч, дулаан гаргадаг болсноор утааны асуудал бүрэн шийдэгдсэн. Түүнээс гадна нүүрс ашигласан ч агаар бохирдуулдаггүй яндангийн шүүлтүүрийн технологи маш өндөр түвшинд хөгжсөн.
Эстони улсын Вимши хотын дарга ХАЛДО ОРАВАС
Манай улсаас Монголд цөөхөн ирж байсан тул Монголын талаарх миний мэдлэг интернэтийнхээс хэтрэхгүй байсан. Харин ирээд харахад бахархах сэтгэл төрсөн. Ийм хөгжил дэвшлийг Улаанбаатараас харна гэж бодоогүй. Улаанбаатарт ирээд би нэг зүйлийг их гайхсан.
Манай хоёр хот цаг агаарын эрс тэс уур амьсгалтай ч танайд нэг давуу тал байгааг би олж харсан. Өчигдөр бид цанын баазад очиж гулгаж үзэхэд тэр өдөр маш сайхан нартай байсан. Тэгээд би хүмүүсээс асуухад өвөлдөө ихэвчлэн тийм нартай байдаг гэж хэлсэн. Тэр үед би Монгол Улс яагаад сэргээгдэх эрчим хүчийг ашиглахгүй байна вэ гэж үнэхээр гайхсан.
Манай хотод нартай өдөр ховор. Арваннэгдүгээр сараас эхлээд бүрхэг, нарны тусгал муутай өдрүүд үргэлжилдэг. Харин Монголд салхи, нар аль аль нь байна. Мэдээж хөрөнгө их шаардагдана л даа. Гэхдээ зоригтой алхам хийж, эрчим хүчний энэ чиглэл рүү явах нь хамгийн найдвартай гарц гэж бодож байна хэмээн ярилаа.
АНУ-ын Анкореж хотын захирагч ДИК СТАЛЛОНЕ
Агаарын бохирдол буюу утаанаас салахад олон жилийн хугацаанд тодорхой арга хэмжээ авсны үр дүнд гарч ирнэ. Манай орны хувьд ч гэсэн утаа байсан. Бид яг одоо Улаанбаатар шиг утаатай байсан. Гэхдээ манай улсыг бодвол илүү их агаарын бохирдолтой байна. Одоогийн танай хотын удирдлагуудын хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд буюу утаагүй түлш, утаа бага гаргадаг зуухыг бид ч гэсэн хэрэглэж байсан. Агаарын бохирдол гэр хорооллын утаанаас гадна автомашины утаа болон бусад олон төрлийн зүйлээс шалтгаалдаг. Танай улсын хувьд автомашины утаа бас их нөлөөлж байх шиг байна. Манай улс бол автомашины утааг бууруулах нэгэн арга хэмжээ авсан. Дэлхийн бусад хотууд ч гэсэн энэ арга хэмжээг авсан байдаг юм билээ. Анкореж хотод гурваас дээш жилийн насжилттай автомашин буюу агаарт утаа гаргаж, бохирдуулж байгаа автомашинд торгууль тавьж эхэлсэн. Гурваас дээш жил явсан бөгөөд агаар гаргаж байгаа бохирдлыг хэмжин түүнд нь өндөр татвар ноогдуулдаг байсан. Энэ автомашинаас ялгарах утааг багасгах хамгийн үр дүнтэй арга хэмжээ байсан. Олон жилийн хугацаанд шат дараатайгаар арга хэмжээ авсны үр дүнд бид агаарын бохирдлыг бууруулж чадсан юм.
БНСУ-ын Хвачонь хотын дарга ЧАЙ ИН СЕОК
Цаашид бид ус, салхи, нар , газрын дулааны эрчим хүчийг ашигладаг. Манай улс ой мод ихтэй, нийт нутгийн 86 хувь нь ой байдаг. Тиймээс бид агаарын бохирдол багатай биотүлшийг бий болгосон. Энэ нь модон бүтээгдэхүүний хаягдлыг тусгай хөрөөгөөр нунтаглаад өндөр градуст, өндөрг даралтаар шахаж, нэг хэмжээтэй хийдэг юм. Энэ нь байгальд олон эерэг талтай. Тухайлбал, агаарт маш их хортой хүлэмжийн хийг бууруулах, эдийн засгийн хувьд үр ашигтай, мод огтлохгүйгээр зөвхөн хог хаягдлыг ашиглаж байгаагаараа олон талын ашигтай.
С.Бэлэгмаа
Эх сурвалж:Globalnews.mn
URL:













