HSBC БАНК 1,9 ТЭРБУМ ДОЛЛАРЫГ АНУ-Д ТӨЛӨХИЙГ ЗӨВШӨӨРЛӨӨ

Санхүүгийн хууль бус үйл ажиллагаа явуулсан хэмээгдэн буруутгагдаж байгаа Их Британийн HSBC банк Америк улсад 1,9 тэрбум доллар төлөхийг хүлээн зөвшөөрлөө хэмээн “The Wall Street” сэтгүүлээс иш татан “France-Presse” агентлаг мэдээлж байна.
HSBC банк болон АНУ-ын эрх баригчдын байгуулсан гэрээ хэлцэлд ойр эх сурвалжийн өгүүлснээр тэдний хоорондоо тохиролцсон албан ёсны хэлцлийн талаар өнөөдөр зарлана. Нөхөн төлбөрт 1,3 тэрбумыг, торгуульд 650 саяыг төлөхийг тус банк хүлээн зөвшөөрчээ. Түүнээс гадна Банкны нууцын тухай хууль болон Дайсантайгаа худалдаа хийх хуулиудыг HSBC банк зөрчсөнөө олон нийтэд хүлээн зөвшөөрөхөөр мөн тохиролцсон аж.
Америкийн Сангийн яам болон Хууль зүйн яам тус банкийг АНУ-ын зүгээс хориг тавиад байсан Мексикийн хар тамхины наймаачид болон Ираны компаниас гадна АНУ-д террорист байгууллага хэмээн хүлээн зөвшөөрсөн байгууллагуудын мөнгийг угаасан хэрэгт сэжиглэж байжээ. Тухайлбал, өнгөрсөн долдугаар сард АНУ-ын Сенатын хороо үндэсний аюулгүй байдлын салбар дахь мөрдөн шалгалт явуулсан талаарх илтгэлдээ HSBC банкны үйл ажиллагааны талаар өгүүлсэн байдаг.
HSBC банкны удирдлага өөрийн бурууг зарим талаар хүлээн зөвшөөрөхийн хамт банкны үйл ажиллагаанд хяналт тавих үедээ хэд хэдэн алдаа гаргаснаа мэдэгдэж, цаашид АНУ-ын эрх баригчидтай идэвхтэй хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.
Түүнчлэн Британийн өөр нэгэн банк болох “Standard Chartered” Америкийн эрх баригчдад нөхөн төлбөр төлөхөө зөвшөөрсөн болох нь өчигдөр тодорхой болов. Тус банкийг Иран, Мьянма, Ливи, Суданд тавьсан хоригийг зөрчсөн хэрэгт АНУ буруутгаж байгаа юм. Өмнө нь 340 сая доллароор торгуулж асан тус банк энэ удаад нөхөн төлбөрт 327 саяыг төлөхийг зөвшөөрчээ.
С.Амар


URL:

Сэтгэгдэл бичих