Р.Нямдорж Х.Мөнхбаатарын шинжилгээний хариуг нуун дарагдуулсан гэнэ

Улсын арслан Х.Мөнхбаатар Монголын үндэс­ний бөхийн холбооны тэргүүн Р.Ням­доржийн бөхийн най­рааны “хор”-ыг дэлгэж, бөх­чүүдийн дунд “бөмбөг” тэсэлсэн билээ. Тэдний хооронд үүссэн энэ­хүү маргаанаас болж бөх сонир­хогчид төдийгүй бөхчүүд хоо­рондоо түнжин хагараад бай­гаа.
Р.Нямдоржийн хувьд Х.Мөнхбаатар арсланг “Чиний сэр­гээш хэрэглээгүй гэх нотолгоо хаана байна. Одоо хүртэл тэр хариу чинь ирээгүй байгаа биз дээ” хэмээн олны өмнө нүүрийг нь улалзуулж байсан цаг саяхан.
Тодруулбал, баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар улсын арслан Х.Мөнхбаатар саяхан Солонгос ул­сад болсон жүдо бөхийн дэлхийн цомын тэмцээнд хүрэл медаль хүр­тээд ирсэн. Тэрбээр тэмцээний үеэр нэр төрөө сэргээлгэхээр Солонгосын Допингийн төв лабора­торид хандаж, өөрийн биеэр давтан шинжилгээ өгч, хариугаа албан ёсоор авах хүсэлт гаргажээ.

 

Гэтэл тус төвийнхөн “Танай улсын Олимпийн үндэсний хороо, Үндэсний бөхийн холбооноос шинжилгээний хариуг нааш нь явуулах шаардлагагүй боллоо гэсэн албан бичиг явуулсан. Тийм учраас бид шинжилгээний хариуг явуулаагүй” гэсэн тайл­бар өгчээ. Энэ талаар тодруулахаар Х.Мөнх­баатарын 8888… дугаартай утсаар холбогдоход “Энэ тухай утсаар ярих нь зохимжгүй.

 

Би удахгүй допингийн шинжилгээний асуудлаар хэвлэлийн бага хурал хийж дэлгэрэнгүй мэдээлэл өгье” гэсэн юм. Үүнээс харахад МҮОХ-ныхон, МҮБХ-той үгсэж, улсын арслан Х.Мөнхбаатарыг сэргээш хэрэглэсэн гэдгээр нь зүтгүүлж, Р.Нямдоржийн нэрийг цэвэрлэхээр санаархсан бо­лолтой. Гэхдээ хамгийн сүүлд авсан мэдээллээр Солонгосын Допингийн төв МҮОХ-ноос явуулсан албан бичгийн хуулбарыг нь тус улсын ЭСЯ-аар дам­жуулж Х.Мөнхбаатар арсланд ирүүлэ­хээр болжээ.
Энэ тухай мэдээлэл үнэн эсэхийг тодруулахаар МҮБХ-ны тэргүүн Р.Нямдоржийн 9911…. дугаарт зал­га­сан боловч утсаа авсангүй.

Хамгийн гол нь улсын арслан Х.Мөнх­баатар сэргээшийн дуулианаар үндэсний бөхөд бугшсан олон “но”-той, ноцтой үйлдлийг илчилж, эцэст нь өөрөө муу хүн болж хувирлаа. Гэхдээ бөхийн найрааны асуудлыг ганц Х.Мөнхбаатар арслан илчилсэн юм биш. Үүнээс өмнө олон бөх ярьж байсан. Тухайлбал, даян аварга А.Сүхбат МҮБХ-ны энэ найрааг эсэргүүцэж, ид үедээ зодог тайлж, бөх сонирхогчдын сормуусыг норгож байсныг монголчууд мартаагүй.
Бөхийн найрааны асуудал яригд­саны дараа улсын арслан Х.Мөнхбаатар МҮБХ-ны тэргүүн Р.Нямдоржийг шүү­хэд өгнө гэж мэдэгдсэн боловч энэ асуу­дал тэгсхийгээд замхарсан. Үүнийг Р.Нямдоржийн ар өврийн хаалгатай холбон тайлбарлаж байсан нь ч бий. Харин Р.Нямдорж Х.Мөнхбаатар арс­лантай даваа наймаалцах гэж мөнгө санал болгосон гэдгийг олон бөх барин тавин хэлж байна.

 

Тухайлбал, Монгол Улсын харцага Г.Ганхуяг өөрийн “фэйсбүүк” хуудсандаа “Монголын үндэсний олимпийн хороо хэний талд ажиллаад байгаа юм бэ. Мөн 2007 онд Говь-Алтай аймгийн Баатар начин над дээр ирээд “Чи Мөнхбаатарыг Ганбаатарт хэлээд өгүүлчих л дээ. Мөнгө бэлэн байна” гэхээр нь би “Мөнхбаатарт юу ч амласан нэмэргүй ээ, ах аа” гэж хэлж байснаа сайн санаж байна” хэмээн бичжээ. Энэ бол Р.Нямдорж Х.Мөнхбаатарт мөнгө амласан гэдгийг батлах бас нэгэн баримт.
“Өөрийгөө үндэсний бөхийн хөгж­лийг дээд шатанд гаргаж ирсэн га­вь­яатай хэмээн өргөмжилдөг тэрбээр Х.Мөнхбаатар арслангаас ийм аргаар өс хонзонгоо авч байна” гэж монгол түмэн дургүйцэж байгаа билээ. Ямартай ч хэн нь худлаа ярьж, хэн нь үнэн ярьж буй нь удахгүй тодорхой болох нь.
Зүлэг ногоон дэвжээний ханагар сайхан эрчүүд хэмээн монголчууд бөхөө дээдэлж ирсэн. Гэтэл сүүлийн үед бөхчүүд төдийгүй МҮБХ ийм асуудалд холбогдож байгаа нь монгол түмэн үндэснийхээ бөхөд итгэх итгэлийг сулруулж байна.

Эх сурвалж: “Өглөөний сонин”


URL:

Сэтгэгдэл бичих