Огцруулах захиалга авна, Ж.Батзандан
УИХ-ын гишүүн Ж.Батзандан Д.Тэрбишдагвыг ямар ч хамаагүй үнээр бас ямар ч хамаагүй аргаар албан тушаалаас нь огцруулахаар сэтгэл шулуудаад байна. Эх, хүү хоёрыг эрж хайх ажилд хариуцлагагүй хандсан гэх үндэслэл гаргаж байсан тэрбээр хүн “хулгайлсан” хэргийг ч сөхөж тавилаа. Ж.Батзандан “Ер нь Д.Тэрбишдагва сайдын хариуцлагагүй байдал ганцхан энэ биш.
Германаас Энхбат гэдэг хүнийг хулгай хийж авчрахад гар бие оролцсон. Мөн амь насыг нь егүүтгэхэд ч оролцсон гэж би үздэг” хэмээн хэвлэлд ярилцлага өгчээ. Харин Д.Тэрбишдагва албан тушаалаасаа татгалзаж, ажлаа өгөхөөс огтхон ч айхгүй байгаагаа өчигдөр хэвлэлийнхэнд мэдэгдсэн юм. Тэрбээр “Ж.Батзандан шаардлага тавьсан нь УИХ-ын гишүүний бүрэн эрхийн асуудал, үүнд миний бие айж эмээгээд байх зүйл алга.
Би өөрийн ажлыг хариуцлагатай хийж байгаа. Хэрэв би ажлаа муу хийсэн бол ажлаа өгөхөөс айх зүйлгүй. Огцруулах асуудал УИХ-д орж ирээд олонхиороо огцруулах нь зүйтэй гэж үзвэл ажлаа өгнө” гэв. Гол нь Ж.Батзандан улс төрийн захиалгатай зүйл хийж, өөрийгөө баатар болгох зорилгоор утсан хүүхэлдэйн үүргээ л биелүүлж буй төдий болохыг тэрбээр тодотгосон юм.
Ямартай ч, эрхэм нөхдүүдийн хэл ам багагүй хугацааг туулах бололтой. Гэхдээ Ж.Батзандан юуны учир Шадар сайдын сэнтийг Д.Тэрбишдагваас салгаж авахыг санаархах болов гэдэг нь олон асуултыг дагуулж эхэллээ. Нөгөөтэйгүүр, түүний шалтаг, шалтгаан болгоод байгаа үндэслэлүүд хэр бодитой вэ. Ж.Батзандан бусдаас хүний амь нас нэхэх эрхтэй нэгэн мөн үү гэхчлэн улс төрийн хүрээнийхэн дор бүрнээ таамаглал дэвшүүлж, дүгнэлт хийж эхлээд байгаа юм.
2008 оны сонгуулиар таван хүн амиа алдаж, олон хүн бэртэж гэмтсэн. Хүн бүрийн сэтгэлд хар толбо үлдээсэн энэ өдрийн гол баатруудын нэг нь Ж.Батзандан. Тухайн үеийн “гудамж”-ны улстөрчдийн зүй ёсны төлөөлөл ч гэж түүнийг тодотгож болно. Галдан шатсан, хүний амь эрсэдсэн тухайн түүхэн цаг үеийг ч түүнээс салгаж ойлгомгүй мэт. Ийн атал бусдаас хүний амь нэхээд явах нэгэн мөн эсэхэд ард түмэн ч гайхшрах болж.
АН-д аврал нэхэж очиж байсан дүр зураг нь ч сонгогчдын нүдэнд тодхон байхад бусдыг албан тушаалаа өг гэж шаардах нь Л.Гүндалайгийн хэлдгээр ариун явдал мөн. Магадгүй Д.Тэрбишдагвын хэлдгээр энэ бол улс төрийн явуулга. Н.Энхбаярын асуудлаас болж, хариуцлагагүй мэдэгдэл хийж, харцаа буруулах болсон түүнийг “дарамталж” байгаа нь цаанаа шалтгаантай.
Зарим нэг жиргээг аживал өширхсөндөө хэмээх аж. Учир нь УИХ-ын гишүүн Ж.Батзандан Д.Тэрбишдагвад хандан Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргаар АН-аас хүн томилуулах хүсэлтийг тавьсан аж. Гэтэл өнөөх нь хүлээж аваагүй юм байх. Ингээд л мань хүнд хонзогнож явдаг болсон юм даг уу даа. Гэхдээ эр хүн байж, ийм шалтгаанаар халхавчлаагүй байлгүй дээ.
Юутай ч, Ж.Батзандан ард түмний захиалгаар Д.Тэрбишдагвыг албан тушаалаас нь огцруулахаар шаардлага хүргүүлсэн гэнэ. Өөрөөр хэлбэл, албан тушаалаас нь огцруулах захиалга авч байгаа юм байна, Ж.Батзандан. Иймээс хэн нэгэн албан тушаалтныг “арчиж хаямаар” байвал шууд л эрхэм түшээд хандаарай.
Л.Нинж
Эх сурвалж: “Нийгмийн Толь”
URL:













