Баартай парламент

Парламент долдугаар сарын 6-нд тангараг өргөн албан ёсоор үйл ажиллагаагаа эхэлсэн ч өнөөг хүртэл жигдрээгүй л байна. Жигдрэх нь битгий хэл элэг бүтэн ч болсонгүй. Ойрын үед ч бүрдэж бүрэлдэх шинж алга. Анхны хуралдаанаараа л спикерээ сонгохоосоо эхлэн хазгай гишгэсэн энэ парламентыг өнөөдөр хууль ёсны даргатай, эсэхэд эргэлзэх хүн цөөнгүй бий. Учир нь Үндсэн хуулийн дагуу хамгийн ахмад нь спикер сонгох хуралдааныг удирдах ёстой байдаг ч МАН-ын бүлгээс З.Энхболд дэмжлэг авахгүй байх магадлалтайг мэдэнгүүтээ удаах ахмад Л.Цогоор алх цохиулснаар хүслээ биелүүлцгээсэн. Энэ ч утгаараа өнөөгийн парламент түүхэнд хамгийн их хэл ам, хэрүүл тэмцэлтэйгээр тодрон үлдэж мэдэхээр байгаа юм.

Уг нь хамгийн ахмад Д.Дэмбэрэл Н.Алтанхуягтай уулзан хуралдааныг зарлан хуралдуулах өдрөө тохироод байсан З.Энхболд ийнхүү адын хүсэлдээ хөтлөгдөн яаравчилсан гэдэг юм билээ.

МАН-ЫН НУЛИМС
Ямар ч байсан ийнхүү даргаа сонгохоосоо бүтэлгүйтсэн парламентад МАН хэмээх айлын 26 гишүүн “эзэнгүй”-дээд өнөөг хүрэв. З.Энхболд өөрийг нь батламжлах хуралдаанд суухгүй хурал хаяж байсных нь төлөө эл намын бүлгийг байгуулахад хойрго хандаж байгаа бол УИХ-ын дэгийн тухай хуулийн 24 цагийн наана цаана гэх заалт эвтэйхэн өгөөш болчихоод байгаа. Уг нь сонгогчид сонголтоо хийхдээ улс орныхоо хийгээд ард түмнийхээ амьдралын бүхий л асуудлыг шийдээрэй гэсэн даалгавар өгдөг. Гэхдээ хуулийнхаа дагуу 26 суудалтай МАН сөрөг хүчний үүргээ биелүүлж чадахгүй өнөөдрийг хүрээд байгаа. Бүлэггүй л бол намын энэ 26 гишүүн зүгээр л суудлын тоо бөглөгчид болчихоод байгаа нь үнэн. УИХ-ын дэгийн тухай хуулийн цоорхойг, элдэв янзаар мушгиж болох гаргалгаануудыг тодорхой болгож өглөө. Бүлэггүй 26 гишүүн байнгын хороонд харьяалагдахгүй. Ингэхээр парламентаас гарч байгаа бүхий л асуудалд тэд оролцох эрхгүй болчихож байгаа юм.

Өөрөөр хэлбэл өнгөрсөн хугацаанд батлагдсан улсын төсөв, Засгийн газрын мөрийн хөтөлбөр, үндсэн чиглэл, мөнгөний бодлого, өртэй мөнгө босгох бонд, халамжийн хуулиуд гэх мэт амин чухал асуудлуудад МАН ганц ч санал оруулж оролцоогүй гэсэн үг. Ерөнхийлөгчөөсөө эхлээд МАН-ыг бүлэгтэй болгоход анхаарал хандуулаад байгаа ч эл асуудал шийдэгдчихэж чадахгүй торсоор байгаа. Үүнийг цаад утгаараа спикертэй холбон тайлбарлах хэсэг ч байдаг. Уг нь спикер бүр л өөрийнхөө удирдан буй түүхэн үед ангиа анги шиг аваад явчихыг, асуудлуудаа чамбайхан боловсруулж байхыг хүсдэг байх. Гэхдээ энэ удаагийн спикерт түүний талаар түүхэнд үлдэх дүгнэлт тийм ч чухал биш бололтой. Иймээс МАН-ын 26 гишүүн нулимсаа арчсан шигээ л харж суухаас өөр аргагүй болоод байна.

ДАЛЬ ЖИГҮҮРГҮЙ ПАРЛАМЕНТ
Бүтэн дөрвөн жилийн туршид тусгаар тогтносон улс орныг удирдах парламент 76- уулаа байх ёстой. Гэхдээ энэ удаагийн парламент он дамжин тэмцэлдээд ч ам бүлээрээ цуглаж чадахгүй нь. Уржигдар С.Сарангэрэл, Д.Арвин, Г.Батхүү гурав тангараг өргөлөө. Гэхдээ МАХН-ын дотоод асуудлаас болоод Ц.Оюунбаатар, С.Чинзориг Д.Зоригтын шантаажаас болоод тангаргаа өргөж чадсангүй. Намууд хоорондоо зөвшилцөж чадвал С.Чинзориг энэ долоо хоногт тангараг өргөчихөж магадгүй байгаа юм. Үүний дараа УИХ-ын 26 дугаар тойрогт нэр дэвшсэн Д.Сумъяабазар, Л.Эрхэмбаяр хоёрын асуудал бий. Сураг сонсох нь ээ.Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Эрхэмбаяр ирэх зургадугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуультай хамт дахин санал хураалтыг явуулахаар бүхий л арга залиа хэрэглэж байгаа гэх юм билээ. Ингэвэл гишүүдийнхээ тоог гүйцээж элэг бүтэн болоход ахиад зургаан сарын зай байж мэдэх нь. Улс орныхоо төлөө гэх нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэх учиртай 76 ийнхүү сонгуулиас сонгуулийн хооронд даль жигүүрээ гүйцэхийг хүлээсээр л суух нь.

ОГЦРУУЛАХ БИЧГЭЭР ОРОЙЛСОН ПАРЛАМЕНТ
Энэ парламентыг бүрдүүлж байгаа гишүүдийн тархины багтаамж, зангараг, улстөрчдийн карьераар нь дүгнэвэл хамгийн “сул, усан” гэх ангиллыг авч байна хэмээн улс төр судлаачид дүгнээд байгаа. Үнэхээр ч “Арай ч дээ” гэж уулга алдахаар нөхөд чуулганы танхимд сууж байгаа нь үнэн. Олны элэг доог болж байгаа нь ч гашуун үнэн. Ямар сайндаа л шүүх эрх мэдлийн эсрэг энэ парламентын гишүүдээс хорон гаргалгаатай бойкот явж байх вэ дээ. МАХН- ын З.Баянсэлэнгэ, О.Баасанхүү гэх мэтийн нөхөд Н.Энхбаярыг суллахгүй бол манай сайд нар засгаас гарна гэж улаан цайм дайрсан мэдэгдэл хийж байхад Д.Тэрбишдагва, Ч.Улаан, Д.Удвал гурав сайдын суудлаасаа хөл гараараа орооцолдон зүүгдэж онигоо болов.

Дайны хажуугаар дажин гэгчээр Ж.Батзандан, Д.Тэрбишдагвыг огцруулах бичиг барьж гүйлээ гэв. Наймхан сартай үрээ тэвэрсэн эхийг өнөө хүртэл ололгүй cap шахам болчихоод байхад эл асуудлыг эрхэм гишүүн л мэдэж бичиг барьж гүйхдээ тулж гэнэ. Асуудал нь зөв ч ард түмнийхээ амьдралыг оройтож хардаг гишүүдтэй эл парламентын дүлийг энэ бичиг ингэж илтгэв. Иймэрхүү янз байдалтай парламент улс орныг маань удирдаж, үлдэж байгаа гурван жилийг энэ янзаараа үдэх нь тодорхой. Сөрөг хүчингүй, сөрөх хүнгүй дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэсэн ал байдал хэр удаан үргэлжлэх вэ, спикер ээ.

М.Мөнхчимэг

Өдрийн шуудан


URL:

Сэтгэгдэл бичих