Гацуур 3000-540.000 төгрөгийн үнэтэй байна
Айл өрх, албан байгууллагын хоймрыг чимэн сүндэрлэх гацуур мод, гоёл чимэглэл сэлтийг хэдийнэ томоохон зах, дэлгүүрээр худалдаалж эхэлжээ. Шинэ жилийн голлох гоёл гацуур мод, саа, гэрэл чимэглэлийн үнэ ханшийг сонирхсон юм.
“Баянзүрх” захад ширээний жижиг гацуур 3000-15000, суурьтай, чимэглэлгүй нь 15000-45000 төгрөгийн үнэтэй. Харин гэрэлтдэг, эргэдэг чимэглэлтэй гацуур мод 35000-120.000 төгрөгийн ханштай байлаа. Гацуур модны чимэглэл, тоглоомын ширхгийн үнэ 500- 4500 төгрөг.
Саа өнгө, хэмжээнээс шалтгаалан ширхэг нь 60-1500 төгрөгийн үнэтэй. “Баянзүрх” захын худалдаачдын хэлж буйгаар энэ жил гацуур, саа, чимэглэл, тоглоомын үнэ бага зэрэг өссөн гэнэ. Харин хамгийн үнэтэй гацуурыг “Цэцэг” худалдааны төв худалдаалж буй аж.
Уг худалдааны төвийн гацуур модны өнгө, хэмжээний сонголт ч “Баянзүрх” захаас өргөн байх юм. Харин үнийн хувьд ширээний жижиг гацуур 3990-25.000 бол эргэлддэг, гэрэлтдэг, чимэглэлтэй гацуур 160.000-540.000 төгрөг байв. Тус худалдааны төвийн гацуур модны чимэглэл зургаа болон түүнээс дээш ширхгээр багцлан хайрцагласан өнгө, төрөл зүйлийн хувьд сонголт ихтэй, нэг багц нь 12.000 төгрөгөөс дээш үнэтэй.
Түүнчлэн, гачуур модны том бөмбөлгөн тоглоом ширхэг нь 4800 төгрөг байсан бол цагаан сахалт, улаан дээлтэй өвлийн өвгөн буюу “Санта клаус” явдаг, дуулдаг, суудаг тэр бүү хэл гацуур модонд өлгөдөг гээд төрөл төрлөөрөө, 5000-25.000 төгрөгийн үнэтэй байлаа.
Г.Нямсүрэн
Эх сурвалж:
![]()
URL:







