Таван мянган иргэн жагсаана гэв
“Монголын ард түмний хянан шалгах хороо”-ноос энэ сарын тавны өдөр Сүхбаатарын талбайд жагсаал хийх болсноо өчигдөр хэвлэлийнхэнд мэдэгдлээ. Хэвлэлийн хурал дээр тус хорооны дарга Д.Нинж ” Бид Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид ард түмний өмнө жүжиг тавьж буй хоёр намыг огцруулах мөн “Оюутолгой”, “Тавантолгой”-н гэрээг хүчингүй болгох, уул уурхайн компаниудын зөвшөөрлийг хүчингүй болго гэсэн шаардлага тавьж байгаа.
Тухайн үед Ерөнхийлөгч “Маргааш хариуг нь өгнө” гэсэн боловч “Энэ талаар бодож үзэх хэрэгтэй байна. Дөрөвдүгээр сарын таванд хариуг нь мэдэгдье” гэсэн юм. Хариугаа авахаар болзсон өдрөө бид Сүхбаатарын талбай дээр жагсаал хийхээр болсон. Энэ цуглаанд наад зах нь таван мянгаас зуун мянган иргэн ирнэ. Мөн бидний ажлыг дэмжиж байгаа олон газар байна. Тухайлбал, дөрвөн нам, 16 хөдөлгөөн дэмжиж байгаа. Одоогоор намуудын нэрийг хэлмээргүй байна” гэж ярьсан юм.
Мөн тэдний үзэж буйгаар хоёр намыг огцруулаад зогсохгүй зарим гэм буруутай этгээдүүдэд зохих ял шийтгэлийг эдлүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа аж. Түүнчлэн С.Баяр, Сү.Батболд нарыг заавал шүүхэд өгөх хэрэгтэй гэж бухимдуухан хэлж байсан юм. Тус хорооныхон гуравдугаар сарын 30-нд “Хамаг Монголын үндэсний эрх чөлөөний штаб” байгуулсан аж. Энэ штаб жагсаал хийх өдрөөс эхлэн Ерөнхийлөгчөөс хариугаа автлаа 24-н цагаар ажиллах гэнэ.
Түүнчлэн жагсаал хийх өдөр иргэний зориг гарган цуглаанд ирж оролцсон эхний таван мянган хүний амьдралын бүх асуудлыг шинээр үүсгэн байгуулах “Монголын төр” шийдвэрлэж өгөх гэнэ. Харин шаардлагын хариуг товлосон ёсоор өгөхгүй бол Улаанбаатар хот болон 21 аймаг, 330 суманд жагсаал цуглаан зохион байгуулах бөгөөд цаашид тэмцдийн хурц хэлбэрийг сонгохоо ч үгүйсгэсэнгүй.
Л.Алтанхишиг http://www.niigmiintoli.mn/
URL:













