Дэлхий сөнөх тухай мэдээлэл хяналтаас гарлаа шүү, цаана чинь
Хэд хоногийн өмнө хөдөөнөөс хамаатны эгч маань сандарсан байдалтай утасдлаа. Учрыг лавлавал “Хөөе, дүү минь цаана чинь дэлхий сөнөнө гээд энэ хавиар нэг юм болж байна. Сумын төвийн айлууд нүүрс асахгүй гээд аргал, хөрзөн, мод түлээгээ айхавтар сайн бэлдээд, засаг дарга хүртэл хотод сурдаг оюутан охиноо дуудаад ирүүлсэн. Хотод байгаа хоёр дүүдээ санаа зовоод байна.
Та хоёр ажлаасаа чөлөө аваад 21-нээс өмнө ир л дээ” гэх нь тэр. Би ч эгчийгээ тайвшруулж, юу гэж тийм балай юм болох вэ дээ. Хүмүүс дэмийрч байгаа юм аа гэтэл миний үгийг тоосон шинж алга. Дүү минь олны үг ортой гэж юу ч болох юм билээ гээд халгаадаггүй шүү. Тэгээд, за дүү нь даргадаа хэлээд чөлөө аваад очихыг бодъё гэлээ.
Ийнхүү хөдөөгийнхөн 21-нд дэлхий сөнөнө гээд үймэлдэж байгаа бололтой. Тэд хотын биднийг бодвол мэдээллээс арай л хол байгаа л даа. Нэг үеэ бодвол хөдөөгийн малчдад ганц Монголын радио сонсох чих, харах нүд байсныг эс тооцвол одоо ч тоон антеннаар олон суваг үзээд гараад өгсөн л дөө. Гэтэл энэ олон мэдээлэл дундаас хэрэгтэйгээ авч чадаж байна уу гэдэгт цаад хөдөөгийнхөнд чинь учир байгаа хэрэг.
Гэхдээ эгчийгээ өмөөрөх нэг зүйл байна. Тэр нь сумын дарга нь охиноо дуудсаныг бодоход буруу гэх аргагүй юм. Цаадуул чинь дарга юу гэнэ тэрүүгээр яваад сурчихсан нэг ёсондоо коммунист үзэлтэй улс л даа. Угаасаа тэр үеийн хүмүүжил тийм байж. Одоогоос нэлээд хэдэн жилийн өмнө бас нэг иймэрхүү балай яриа гарч монголчууд баахан бужигналдсан юм гэнэ билээ.
Эл үйл явдлын талаар өвөө, эмээ нар бараг онигоо болгоод ярьж суухтай ч таарсан шүү. Тэгтэл дэлхий сөнөөгүй аж. Шинжлэх ухаан хэдэн ч жилээр юм бэ дээ алдсан гэдэг юм билээ. Одоо түүнээс доргүй юм болох нь ээ. Майачуудын зөгнөснөөр энэ оны 12 дугаар сарын 21-нд дэлхий сөнөнө гэсэн мессеж хүн төрөлхтөн дотор ихэд тархжээ.
Хэдэн жилийн өмнө таамаг төдий байсан зүйл өнөөдөр биелэхдээ тулчихсан явна. Тэгээд олны яриагаар бол “Дор хаяж долоон хоногийн хоол, ундны нөөцтэй байх хэрэгтэй. Гэрэл цахилгаан үгүй болох тул түлээ түлшээ сайн бэлдэж ав. Лааг хангалттай нөөцлөхөө мартав. Орон сууцанд байх хэрэггүй. Тэс хөлдүүс болох гэнэ лээ. Хотын захад гэрт байвал зүгээр биз.
Ядаж нураад дараад алчихгүй байх. Мод, нүүрс, шүдэнз, лаа байхад хангалттай” гэх албан мэдээлэл гэхээсээ илүү аман яриа газар авчээ. Бүр зарим нэг хүмүүс телевизийн төлбөртэй нэвтрүүлэгт орчихсон элий балай юм яриад ард түмний толгойг эргүүлж суух юм. Дэл сул ярианаас илүүтэй мэргэжлийн эрдэмтэд юу гэснийг иш болговол зүгээр санагдлаа.
Эрдэмтэд шинжлэх ухааны үндэслэлгүй цуурхлаар хүмүүсийг үймүүлж байгааг шүүмжилж, ийм юм ярьсан хүмүүсийг холбогдох байгууллага нь анхааралдаа авахыг ч сануулаад авсан. Одон орон Геофизикийн судалгааны төвийн эрдэмтэд “Бидний амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилнэ. Тэгээд ч дэлхий сөнөх тухай яриа таамаг ч биш цуу үг.
Маяачуудын тооллын тухай ярьж байна. Он тооллын бичиг цаг хугацааг хэмжиж буй хэмжигдэхүүн болохоос байгалийн зүй тогтлыг зогсоодог бичиг биш. Том гаригийн хэлтэрхий эсвэл сүүлт од дэлхийг мөргөөд устгачихна гэж нэг хэсэг шуугьсан. Шинжлэх ухаан хөгжиж дэлхийд ойртож байгаа том биетүүд, аюул учруулж болох биетүүдийг нэг бүрчлэн ажигладаг болсон.
Хурд, хүч гээд бүх зүйлийг нь нарийвчлан тооцоолдог болсон шүү. Бас наран дээр том тэсрэлт болж дэлхийг сөнөөнө гэж баахан шуугьсан. Дэлхий бол ганц хатуу бөмбөрцөг биш. Гадна талаар нь агаар мандал, түүний цаагуур цэнэгт мандал байгаа. Бүр 7000 км- ийн цаагуур соронзон мандал бий. Энэ бүгд нарнаас ирж байгаа энергитэй бөөмсийг ялгаад хойд, өмнөд хоёр туйл руугаа аваачдаг.
Тэнд бөөмс энергиэ алдаж туйлын туяа хүчдэл үүсгэдэг. Наран дээр их хүчтэй дэлбэрэлт болбол тэр бөөмс дэлхий рүү шууд орж ирж чадахгүй” гэсэн албан ёсны тайлбараа хэлсэн. Гэтэл арванхоёрдугаар сарын 21 ойртох тусам энэ цуу үг олон хүнийг нэг юм бодуулахад хүргээд байна. Монголчууд бид нэг юманд хэт туйлшрамтгай юм.
Ямартаа л cap шинийг хүртэл хоёр өөр тэмдэглэж байхав дээ. Тэгэхээр хүн төрөлхтнийг аалзны тор шиг хэрсэн энэ олон мэдээлэл дундаас өөрийн итгэл үнэмшлээрээ хандах нь чухал. Түүнээс нэг хэсгийг дагаж сатаарах юу л бол доо.
П.Дөлгөөн
Эх сурвалж: “Нийслэл Таймс”
URL:




