Унасан бөхөд шалтаг мундахгүй
Унасан бөхөд шалтаг мундахгүй гэгчээр сүүлийн үед ямар нэгэн хэрэг, зөрчил гарах бүрт чөлөөт цагаа зөв, боловсон өнгөрүүлэх газар байхгүй юм чинь хэмээн ам таглах болов.
Үнэхээр ч Монголд хүүхэд, залуусын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газар ховор байгаа нь үнэн л дээ. Ялангуяа сургуулийн насны хүүхдүүдийн хувьд ядаж, гэрийнхээ гадаа тоглочих тоглоомын талбайгүй, эмээ, өвөөтэйгөө нарлачих газаргүй болсон нь үнэн. Тэр ч бүү хэл паркийнх нь алга дарам газраас хумсалсаар хумсалсаар, мэрсээр мэрсээр өнөөдөр хүүхэд, залууст ямар зай талбай үлдчихээд байгааг надаар хэлүүлэлтгүй бүгд мэднэ.
Гэхдээ л аливаа хэрэг зөрчлийн тайлбарт чөлөөт цагаа өнгөрүүлэх газаргүй гэх үгийг дагуулах нь тохиромжгүй мэт. Тухайлбал, сүүлийн үед гарсан гэмт хэргийн дийлэнхийг нь өсвөр насныхан буюу дунд сургуулийн сурагчид үйлдсэн тухай статистикт дурьджээ. Харин тэд хууль, хяналтын байгууллагынхан болон гэр бүлийнхээ өмнөөс чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжгүй гэдэг тайлбарыг л хэлсэн. Тэр ч бүү хэл РС тоглоомонд донтогсод ч мөн дээрх тайлбарыг хэлж, өөрийгөө өмгөөлсөн байх юм.
Оюутан залуусын хувьд ч ялгаагүй “Мобиком”-ын “Be…”, “Сонор” мэдээллийн төв зэргээс өөр очих газар байхгүй учраас бааранд ордог гэжээ. Харин дунд сургуулийн сурагчид баар, дэн буудлын оронд бидэнд номын сан хэрэгтэй гэсэн байх юм. Үнэндээ бол утасгүй интернет ашиглаад ном уншчих боломжтой, саруул уншлагын танхимтай номын сан байсан ч хүүхэд залуус баар, зочид буудлыг сонгож байгаа нь нууц биш.
Кино театрын оронд дэн буудлыг, номын сангийн оронд баар, караокег илүүд үзэж байгаа нь бодит үнэн. Хүүхэд, залуусын дийлэнх нь номын санд сууж, ном уншихын оронд зугаацаж, наргих хүсэлтэй. Кино театрт шинэ, содон уран бүтээл шимтэхийн оронд дэн буудлаар хэсч, РС тоглоомын газраар сэлгүүцэх сонирхолтой болчихсонд л хэргийн учир оршиж байгаа юм. Түүнээс биш чөлөөт цагаа өнгөрүүлэх газаргүй учраас хүүхдүүд буудалд орж, газ үнэртээд, дунд сургуулийн сурагч охин залуусыг дагаж, хүчиндүүлж байгаа хэрэг биш.
Мансуурч, зугаацаж, наргиж явахын оронд үгүй ядахдаа кино теарт очих хэрэгтэй. Мансуурагч нөхөрт уруу татагдаж, гэмт хэргийн золиос болсныхоо бурууг төр, засаг, гэр бүлдээ чихэх учиргүй. Үнэхээр очих газар, хийх ажил олдохгүй байгаа бол зүгээр гэртээ суугаад хичээлээ давт. Аль эсвэл дугуйлан, секцэнд хамрагдсан ч болно шүү дээ. Мансуурч, гэмт хэргийн золиос болохын оронд спортоор хичээллэж, дугуйланд хамрагдаж болох л байсан. Энэ бүхэнд чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжгүй гэх тайлбар үнэхээр зохимжгүй мэт.
Намайг хүүхэд байхад одоогийн “Соёмбо”, “Өргөө” зэрэг кино театр ч байхгүй л байсан шүү дээ. 1990-ээд оныхонд харин үнэхээр чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газар хомс байсан гэвэл үнэнд нийцэх биз. Учир нь тухайн үед улсын мэдэлд байсан бүхэн хувийн хэвшилд шилжиж, цаг үеийн ороо бусгаа үед кино театр ч үгүй байсан үе. Тэгснээрээ тухайн үеийн хүүхдүүд одоогийнх шиг хийж, хэлэхээ олж, ядан, буудалд орж мансуурсангүй. Эцэг, эхдээ тусалж, хичээл, номоо давтаад болдог л байсан. Харин ч тухайн үетэй харьцуулахад өнөөдөр цөөхөн ч гэсэн амралт, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжтой болсон нь сайшаалтай. Харин хар тамхи хэрэглэж, хөлчүүрхсэнийгээ чөлөөт цагаа өнгөрүүлэх газаргүй учраас гэж тайлбарлах нь нэг л биш сонстоод байгааг эрхэм залуус минь анхаарахад илүүдэхгүй биз ээ.
Х.Өнөржаргал

URL:




