Осгож нас барах тохиолдол нэмэгджээ
Албан байгууллагууд шинэ оноо угтаж баярын цэнгүүн зохион байгуулах болсон. Үүнээс болж архидан согтуурч улмаар хөлдөж эрүүл мэндээрээ хохирох цаашлаад амиа алдах нь ихэсчээ. Өнгөрсөн хоногт хөлдож нас барсан иргэн цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.
Тодруулбал, Сүхбаатар дүүргийн XVIII хороо Бэлхэд хүн нас барсан мэдээллийн дагуу шалгахад, 58 настай У гэгч хашаандаа осгосон байдалтай нас барсныг тогтоов. Мөн Сонгинохайрхан дүүргийн XXVI хорооны нутаг дэвсгэр Мандал Овоонд 49 настай иргэн М хашаандаа хөлдөж нас баржээ.
Тэрбээр осгосон байсныг цагдаагийнхан тогтоожээ. Эдгээр хэргүүдийг харьяаллын дагуу цагдаагийн хэлтсүүдэд шалгаж эхэлсэн аж. Үүнтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас ард иргэдэд сэрэмжлүүлэг хүргүүллээ.
Шинэ жилээ тэмдэглэж буй албан байгууллагууд архи дарсыг хэтрүүлэхгүй байх, согтуу хүмүүсийг гэрт нь хүргэж өгөхийг анхааруулав.
Эх сурвалж: “Нийгмийн Толь”
URL:




