Он цагийн тооллоор учран золгож байгаа шинэ оноо, орчлонгийн сайн сайхан бүхнийг бэлгэдэн хамтдаа угтацгаая
-Танан цагаан цас бударсан тансаг сайхан баяр хаяанд ирлээ-
Мөрөөдөл биелэх мөч ойртож мөнгөн шөнөөр шинэ он айсуй. Тиймээ шинэ он айсуй. Нөгөөтэйгүүр урсан одох цаг мөч бүрийн үнэ цэнийг мэдэрсэн мэдрэмж, магадгүй гомдол бухимдал мэдээж монголчуудынхаа ололт амжилт бүрийг өөрийнхөөрөө шүүж, эгэл олон уншигч та бүхэнтэйгээ хуваалцдаг эрхэм мэргэжил сэтгүүлзүйд талархнам. Шинэ оны бостон дээрээс та бүхэнтэй аминчхан хөөрөлдөх шивнээ үгүйсэн бол баахан гунигтай байхсан. Тэр ч утгаараа тусгай дугаараа, улиран одож буй 2012 оныхоо ололт амжилтын амт шимтийг та бүхэнтэйгээ хуваалцах нь зүйтэй гэж бодлоо. Энэ бол манай сонины хамт олны, уншигчдын маань, бүхэлдээ монголчуудын маань түүх билээ. Түүхийн хуудсыг бид хамтдаа эргүүлдэг. Эргэж сөхөх бүрт танил дурсамж хөврүүлдэг сонины шарласан хуудаснаас, өдөр болгон утасдаж бичсэн нийтлэлийн маань талаар санал бодлоо хуваалцдаг уншигч та бүхэндээ талархдаг.
Тийм ээ… Амьдрал зогсолтгүй үргэлжилдгээрээ сайхан. Эрхэм уншигч та бүхэндээ манай хамт олны зүгээс бэлтгэн нийлүүлсэн мэдээ, мэдээлэл сонирхолтой, яг л чихэр шиг амттай ярилцлага, улс төрийн өрнөл, мэдээж тэмцэл, хөнжлийн завсар дахь нууц шивнээ ч мөн адил таалагдсан гэж найднам. Өөрөөр хэлбэл, өнгөрч буй 2012 он та бидний хувьд хамтын арвин их ажлын талбар байлаа. Уншигчгүй сонин гэж байдаггүй. Тэр ч утгаараа үргэлж бидэнтэй хамт байж нийслэлийн түүхийг 83 жил бичилцэхэд үнэнч зөвлөх байсан та бүхэндээ баярлалаа.
Монголын уутан хэвлэлийн нэг “Улаанбаатар таймс” сонин маань оны сүүлийн тусгай дугаараа та бүхэндээ хүргэж байна. Ирэх онд илүү, илүү ихийг хийж эрхэм уншигч таны ширээн дээр тавих болно гэдгээ энэ дашрамд амлая. Мэдээж эрхэм уншигч та бүхэн ч үзэл бодлоо бидэнтэй хуваалцан нийслэл хотоо дэлхийн жишиг хот болгох их аянд хамтдаа зүтгэх нь гарцаагүй. Шинэхэн бүхний эхлэл шинэ оноо хамтдаа угтацгаая. Тийм ээ… Цаг хугацааны түүх болон үлдсэн хуучин оноо, цаглашгүй их амжилт үйлсээр үдье. Он цагийн тооллоор учран золгож байгаа шинэ жилээ, од хийморь, орчлонгийн сайн сайхан бүхнийг бэлгэдэн хамтдаа угтацгаая, манайхаан…
“Улаанбаатар таймс” сонины хамт олон…
URL:





