Нууц хуйвалдаанаас нугалаа завхралд

ХХ зууны эхэн үеийн Монголын тагнуулын байгууллага, үйл ажиллагааны тухай. С.Баттогтох “Нууц хуйвалдаанаас нугалаа завхралд” номын гол агуулга нь Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэл нь Монгол үндэстнээ нэгтгэх, нэгдсэн Монгол улс байгуулах тухай төрийн бодлого, хэрэгжүүлэх үйл ажиллагаатай салшгүй холбоотойг дэлгэн харуулжээ. Номонд “Бодоогийн хэрэг”, “Данзангийн хэрэг” гэгчийг дэлгэрэнгүй нягталсан ба ялангуяа Буриад Монголын үндэсний хөдөлгөөн, Өвөрмонголын үндэсний хөдөлгөөний тухайд урьд нь эрдэм шинжилгээ, судалгааны эргэлтэд ороогүй баримт бичгүүдийг дурдаж үзүүлснээрээ онцлог юм.
Дэлгэрэнгүйг С.Баттогтох “Нууц хуйвалдаанаас нугалаа завхралд” номноос үзнэ үү.
С.Баттогтох ”Нууц хуйвалдаанаас нугалаа завхралд” Хоёр

1920-1930 ОНЫ МОНГОЛ ОРНЫ ГАДААД, ДОТООД НӨХЦӨЛ 

1920 онд Эрхүүгийн социал-демократууд, социал-хувьсгалчид (эсерүүд), нууц байдалд байсан большевикуудын нэгдсэн хүчээр Колчакийн засгийн газрын түлхэн унагаж, зүүн эсэрүүд Колчакийг баривчилжээ. Энэ ажиллагааг большевикуудын оролцоотойгоор байгуулсан “Улс төрийн төв” (Политцентр) удирдсан гэх ба үнэн чанартаа дан социал-демократууд, социал-хувьсгалчдаас бүрдэж байсан боловч сүүлдээ “хүчээр шахам” большевикжуулж, “Хувьсгалт хороо” (Ревком) болгосон гэж Элбэгдорж Ринчино өөрөө бичсэн байдаг.
Э. Ринчино Дээд Үдэд Я.Д. Янсонтай уулзаад, “Монголын тухай асуудлаа” дахин тавьсан учир ОК (б) Н-ын Сибирь мужийн товчоонд илтгэлийг нь сонсоод Эрхүү дэх гадаад хэргийн Сибирийн төлөөлөгчийн (Сибмиссия) газрын дэргэд тушаал байгуулсан “Азийн товчоо” хэмээх тусгай албанаа “хариуцлагатай ажилтан” болгожээ. Дарга нь Ф.Н.Гапон байв. Тэр үед Я.Д. Янсон “коммунист намд элсэхийг” Э.Ринчинод зөвлөсөн боловч “өөрийн бодолтой ажилладаг хүн” гээд татгалзсан нь хоёр талд нүүр алдахгүй байх, Богд хаан, түүний засгийн газрынханд санасан “хувьсгалт өшөө” заналаа хэрэгжүүлэхдээ намын зүгээс хариуцлага хүлээхгүй байх санаа агуулсан гэж үзүүштэй. Ийнхүү ОК (б)Н-ын Сибирь мужийн товчооноос эрхлэн Монголын зүгт явуулж байсан намын нууц ажил нь гадаад албанд шилжиж, “хувьсгалч” алан хядлагыг зөвшөөрдөг зүүн эсер намын гишүүн Элбэгдорж Ринчиногийн гарт оржээ.
Энэ үед Богдын засгийн газар “хоёр Хятад”, “хоёр Оросын” хоорондын зөрчлийг ашиглаж, цаг хожихоос өөр аргагүй байв. Богд хаантай Монголын тусгаар тогтнолын төлөө л бол, хэнтэй ч эвсэхээс буцахгүй байдалд оржээ. Хятадын хэрэг эрхлэх сайд Чен-И 1919 онд “Гадаад Монголын өөрөө засах эрхийг устгасны хойно Дундад Засгийн газраас гадаад Монголын хүндэтгэх ба жич сайжруулах хууль” буюу “64 зүйл”-ийг боловсруулж, Гадаад хэргийг бүгд захиран шийтгэх яамны сайд гүн Цэрэндорж, дэд сайд ван Гончигдамба, шадар сайд ван Ширнэндамдин, жун ван Доржпалам, Цэдэн хан Навааннэрин нараар дэмжүүлээд Ерөнхий сайд, Дотоод хэргийг бүгд захиран шийтгэх яамны сайд шанзав Бадамдоржтой эвсэж, Богд хаанаар зөвшөөрүүлэх гэж оролдсонд “Автономит засгаас илүү ямар эрх олгохыг дахин хэлэлцсүгэй” хэмээн буцаажээ. Шанзав Бадамдорж “Бээжин хүргүүлж, Засгийн газрын зөвшөөрлийг олж авбал зохино” гэснээр Чен-И-гийн нарийн бичгийн дарга Хуан Чен-Шү-г явуулах болсныг Богд хаан мэдээд гүн Гомбо, Жалханз хутагт Дамдинбазар нарыг удаа дараа явуулж, дээрх хэрэг явдлыг эсэргүүцсэн “нууц бичиг захидлыг” Их жунтанд илгээсээр түүнээс “автономит засгийн эрхээ хэвээр хадгалж болно” гэх үгийг гаргуулж авсан байна.
1919 оны 10 дугаар сард Хятадад японы талыг барьсан аньфу нам ялж, хэрэг эрхлэх сайдаар Сюй Шү Жан ирэв. Тэр “Монголын хойчийг сайжруулах найман зүйл” гэдгийг гаргаж, шанзав Бадамдорж, гүн Цэрэндорж нараар гарын үсэг зуруулаад цэрэг жагсаан сүр үзүүлж, шанзав Бадамдоржоор шахаж шавдуулсанд Богд хаан “энэ нэгэн удаа хятадын эрх мэдэлд оровч хоёр гурав жилээс өнгөрөхгүй дахин эрхээ олж авах цаг ирэх тул ёсоор болгогтун” гэжээ. 1919 оны 11 дүгээ сарын 17-нд Хятадад сайн дураар орох өргөх бичгийг үйлдэн ерөнхий шийтгэгч сайд, дотоод хэргийг бүгд захиран шийтгэх яамны тэргүүн сайд чин ван лам Бадамдорж, дэд сайд дархан чин ван Пунцагцэрэн, нягт билэгт да лам Пунцагдорж, гадаад хэргийг бүгд захиран шийтгэх яамны тэргүүн сайд хичээнгүй гүн Цэрэндорж, дэд сайд далай чойнхор ван Цэдэнсодном, ачит ван Гончигдамба, цэргийн хэргийг бүгд захиран шийтгэх яамны тэргүүн сайд чин ван Жамъяндорж, дэд сайд чин ван Сэлнэндожил, эрдэнэ ван Пунцагравдан, итгэмжит бэйс Цогт-Очир, сангийн хамаг хэргийг бүгд захиран шийтгэгч яамны тэргүүн сайд шадар бэйс лам Лувсанбалдан, дэд сайд бишрэлт ван Доржцэрэн, сүжигт бэйс Дэмчигванжил, шүүх таслах хэргийг бүгд захиран шийтгэх яамны тэргүүн сайд Махсамид далай цэцэн хан Навааннэрин, дээд сайд дайчин жонон ван Цогбадрах, чин зоригт чин ван лам нарыг 16 хүн гарын үсэг зурж, таван яамны тамга тэмдгийг дарж өгчээ. 1919 оны 11 дүгээрх сарын 22-нд Хятадын ерөнхийлөгч Ар Монголын өөртөө засан тогтнох эрхийг устгаснаа зарлав.
Автономитыг устгасны дараа ч Богд хаан Хятадын засгийн газраас өргөмжилсөн цолыг үл ойшоож, өөрийн үйл ажиллагааг хуучнаараа Монгол улсын нэрээр явуулж, он цолоо хэрэглэн зарлиг лүндэнгээ гаргасаар байсан тул Сюй Шү-Жан 1920 оны 6 дугаар сарын 23-нд олон аймгийн чуулган дарга, Хүрээний эрдэнэ Шанзавын яаманд буулгасан тушаалдаа: Байцааваас засгийн устгаснаас хойш Богд хаантнаас цол нэмж өргөмжилсан тул аливаа хамаг албан бичиг, үгэнд Богд хаантан оролцохдоо улс төрийн өргөмжилсөн цолыг хичээнгүйлэн дагаж хэрэглэтүгэй. Бүү Богд эзэн, дээд зарлиг хэмээх үгийг хэрэглэж, Богд хаантныг далдуур хэтэрхий унаагүйд хүргүүлтүгэй. Бас ч дахин Монгол улс гэдэг уг үсэг хэрэглэх ба жич олноо өргөгдсөний гэх он зэргийг хэрэглэж улсын цаазыг самууруулж үл болох тул үүнийг нэвтрүүлэн тушаан явуулан, журамлан дагатугай” гэжээ. Сюй Шү- Жан ийм аргаар хар, шар феодал ноёдыг “эрхтэй эрхгүй”, “мэдэлтэй, мэдэлгүй” засвар хаязгаарлагдмал байдалд оруулахыг үүсгэн оролдож байлаа…

 


URL:

Сэтгэгдэл бичих