Дархан цаазат газрыг үл тоон ан хийдэг “зэрлэг” анчин, алуурчдад хариуцлага тооцьё
Ер нь Монголд ан гөрөө хийдэггүй эр гэж байхаа больжээ. “Эр хүний жаргал эзгүй хээр” гэцгээгээд л ангуучилцгааж гарна. Хөдөө, хээр явж хиймороо сэргээн чилээгээ гаргахаас илүү жаргал гэж юу байх билээ. Гэхдээ тэр олон анчин, гөрөөчид дунд байгаль дэлхийд хор хохирол тарихгүй загасчилж, гөрөөчилж байгаа нэгэн байхад энэ чинь анчин уу, эсвэл яргачин уу гэхээр нөхөд ч цөөнгүй байна. Тэгээд тэр их ан авыг (яргалалтыг) бид жигшиж хүлээж авахын оронд харин ч бахархах маягтай “тэр тэдэн чоно нухаж гэнэ, нухдаг гэнэ, нульдаг гэнэ” гэж хөөргөн ярих нь бүүр ч харамсмаар.
Нэн ялангуяа Монгол төрийг жолоодож буй манай улстөрчид ард түмэндээ үлгэр дууриалал болохын оронд том том буу агссан, агнасан зургаа энд тэнд авахуулж, гайхуулж явахыг яана. Зарим нь ч нуудаг л байх. Гэвч Монголд нууц юм гэж байдаггүй болохоор “зэрлэг” анчдыг монголчууд тэр дор нь л илчлээд өгөх юм даа.
Хачирхалтай нь төр жолоодож байсан болоод жолоодож байгаа эдгээр “зэрлэг” анчид осол, гарз тохиолдох үед олддоггүй улсын цөөхөн нисдэг тэрэг, онгоцыг яг л өөрийн эзэмшлийн юм шиг ан авдаа ашиглахыг яана. Зугаа цэнгэлдээ нисдэг тэргийг ашиглаж болдог хэрнээ хүн ардынхаа төлөө нисгэж чаддаггүй нь тун харамсалтай.
Хамгийн сүүлд л гэхэд Батлан хамгаалахын сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр УИХ-ын шинэхэн гишүүн Н.Номтойбаяр, Монгол Улсын заан, нутгийн дүү Б.Соронзонболдын хамт дархан цаазат газарт ан хийсэн нь илчлэгдэж, өдгөө хуулийн байгууллагад шалгагдаж байна. Тэртээ он цагийн өмнө “Симба” Батаа нисдэг тэрэгтэй үнэг хөөж байгаад унагаж л байлаа. Одоо Ж.Энхбаяр нар нисдэг тэрэгтэй ан хийлээ. Тиймээс увайгүй, алуурчин улстөрчдөд хариуцлага тооцох цаг нь болжээ хэмээн хуулийнханд сануулмаар байна. Юутай ч тусгай хамгаалалттай газар ан хийж, зугаагаа гаргаж байсан гэх улстөрчдийг энэ удаа онцлохоор шийдлээ.
№1: Улстөрчдөөс хамгийн анх Ардчилсан намын угшилтай “симба” хэмээх Батаа нисдэг тэргээр үнэг хөөж улсын үнэтэй, цайтай зүйлийг эвдэлж хэмхэлсэн нөхөр. Баар ажиллуулж, газар тариалангийн бизнес эрхэлж огцом баяжсан “Симба” Батаа улстөрч болж, УИХ-д сууж байхдаа Батлан хамгаалах яамны өмч хөрөнгө болох Ми-8-г хөлөглөн зугаацаж, Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэр дээр үнэг хөөж яваад нисдэг тэрэг унагааж байлаа. Хамгийн хачирхалтай нь улсын олон зуун сая төгрөгийн үнэтэй нисдэг тэргээр ан ав хийж, хувийн зугаа цэнгэл хөөцөлдөж яваад эвдэж гэмтээсэн энэ эр ямар ч хариуцлага хүлээлгүй өнгөрсөн юм. Хохирлыг төлүүлсэн эсэх нь бүрхэг, эвдэрсэн нисдэг тэрэг хаана байгаа нь бас бүү мэд.
№2: Жадамбаа генералын хүү, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр ч ангийн хорхойтой нэгэн. Саяхан Ж.Энхбаяр, Н.Номтойбаяр нар улсын заан Б.Соронзонболд болон найзуудтайгаа хамтаа ан хийсэн гэх мэдээллийг манай сонин өмнөх дугаартаа нийтэлж байсан бөгөөд түүнийг холбогдох газрынхан шалгаж байгаа аж.
№3: Шинэ цагийн баян, шинэхэн улстөрч Н.Номтойбаяр анд нугасгүй гэнэ. Түүний баавгай агнасан зураг ч facebook хуудсаар тараад удаж байна. Саяхан тэрээр дархан цаазтай газарт ой тайгыг самнаж чоно, бодон авласан гэнэ. Хувьдаа нисдэг тэрэгтэй компаниудын нэг бол МАК, Магнайтрейд компани гэдэг юм билээ. Тийм болохоор анд хоббитой Н.Номтойбаяр хүссэн үедээ л нисдэг тэрэг тэргээ хөлөглөн, зорьсон зүгтээ нисдэг байлгүй.
№4: Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ан авд бас л сонирхолтой нэгэн гэнэ. Загас барих, буу шагайх түүний хоббиг цэргийн сургууль төгссөнтэй нь зарим хүн холбон тайлбарладаг юм билээ.
Одоогоос олон жилийн өмнө Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Элбэгдорж Дундговь аймгийн Адаацаг сумын Бага газрын чулууны ууланд амрахаар явжээ. Тэрээр дөрвөн бие хамгаалагч дагуулан, хоёр жип машинтай хотоос гарсан гэдэг. Харин хоёр хоногийн дараа Адаацаг сумаас зүүн хойш 13 километрт УБЗ 00-16 дугаартай “Ниссан Патрол” маркийн автомашин нь онхолдсон юм. Зүүн хойд талын дугуй нь зад буудаж онхолдсон энэ машиныг бензин аваад буцаж яваад осолдсон гэдэг ч ан хөөж явсан гэх хардлага давамгайлдаг.
Хойд талын дугуй буудахад онхолдоно гэдэг нь машин хэт их хурдтай давхиж байсныг илтгэдэг гэх. Тухайн үед нутгийн иргэд “Ц.Элбэгдорж хар сүүлт хөөж байсан. Энэ ан авд оролцож байсан машин онхолдсон” гэж ярих нь ч бий. Энэ машинд сууж явсан сумын засаг дарга Г.Дашзэвэгийн давсаг нь хагарч, хэд хэдэн хавирга хугаран биед нь хүнд гэмтэл үүсч Улаанбаатар руу нисдэг тэргээр ирсэн ч дөрөв хоноод нас барсан харамсалтай хэрэг гарч байлаа.
Тэрээр ангийн хоббигоо одоог хүртэл орхиогүй бололтой. Сүүлийн үед хэвлэлүүдэд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Минжийн хангай руу нисдэг тэрэг хөлөглөн бас л ан ав хийж байгаад ирсэн гэх мэдээллийг нийтлэх болов. Минжийн хангай руу нисдэг тэрэг хөлөглөсөн энэ ан авд Хилийн цэргийн штабын дарга, бригадын генерал Ц.Сэргэлэн, Зэвсэгт хүчний АДХЦ-ийн командлагч, бригадын генерал Т.Дашдэлэг нар оролцсон гэх. Тэднийг ан ав хийхээс гадна Минжийн хангайд нисдэг тэргээр очоод Буур, Минжийн голд загасчилсан хэмээн учир мэдэх хүмүүс ярьцгааж байхыг бодоход үнэний ортой биз ээ.
№5: Мөн УИХ-ын гишүүн С.Бямбацогт ч нэлээд хэдэн жилийн өмнө тэх агнаж байсан гэх. Ийнхүү зарим улстөрчид анд хоббитой бол зарим нь амьтны хамраас цус ч гаргаж үзээгүй гэх юм билээ.
Эх сурвалж: http://mongolcomments.mn/index.php?pid=54&sec=view&id=7241
URL:












