Ардчиллынханд бэлдсэн ах намынхны бэлэг

Олонх ирцээ бүрдүүлбэл цөөнх хуралдаанд орно. Энэ бол ах намынхны баримталж байгаа байр суурь. Тэд завсарлага авч, асуудлыг гацаасангүй. Учир нь бүлгээ баталгаажуулахын тулд АН-ынханд амлалт өгсөн юм. Иймээс гагцхүү олонх нь олуулаа парламентад орж ирсэн үед цөөнх баруун жигүүрийг эзэнтэй байлгах юм гэнэ. Таван сарын турш сул гишүүд байсан ах намынхан Ардчилсан хүчнийхнээс хариугаа авч байна гэж хардах хүн цөөнгүй.

 

Юутай ч тэд дээрх байр суурийг 2016 он болтол баримталж ажиллах бололтой. Өнгөрсөн долоо хоногийн чуулган ирц хүрээгүй шалтгаанаар цуцлагдаж, хуралдаан долоо хоногоор хойшилсон. Гэхдээ энэ бол анхны бөгөөд эцсийнх нь биш байлаа. Өмнө нь иймэрхүү шалтгаанаар олон удаагийн хурал хойшилж байсан удаатай. Ганц жишээ татахад, гишүүдийн тангараг өргөх асуудлаас болж, МАН болоод эвслийнхэн хуралдаанд оролцоогүй.

 

Үүнээс болж тэр өдрийн хуралдаанд цуцлагдаж байсан билээ. Харин энэ удаад ах намын гишүүд тодорхойгүй шалтгаанаар хуралдааны танхимд орж ирээгүй юм. Мэдээж, буруутныг дор бүрнээ эрэлхийлж, УИХ-ын дарга З.Энхболд тэргүүтэй танхимд байсан АН-ын цөөхөн гишүүн МАН-ынханд шүүмжлэлтэй хандав. Буйдангаар хаалга хааж, суулт зарладаг байсан бол асуудлаа шийдвэрлэж, бүлгээ баталгаажуулчихаад хуралдаан тасалж, парламентыг гацаанд орууллаа хэмээн зэмлэсэн.

Харин энэ талаар МАН-ын бүлгийн ахлагч Н.Энхболд эсрэг байр суурьтай байсан юм. Тэрбээр “Бид УИХ-ын үйл ажиллагааг ёс журам, хуулийн дагуу явуулъя гэж  хичээж байна. Өнөө өглөө манай бүлгийн хурал хуралдаад чуулганы хуралдаанд өндөр ирцтэй оролцох, хуулийн дагуу санал хурааж байх талаар ярилцсан. Тиймээс энэ ажлыг бид өөрсдөөсөө эхлүүлэх ёстой  гэж үзэж байна.

 

Зарим нэгэн хуралдаан дээр ирц хүрэхгүй,  үүний улмаас ирээгүй байгаа гишүүдийн өмнөөс кнопыг нь дарж санал өгдөг үзэгдэл байнга гарч байгаа.  Гэтэл төрийн ажлыг ингэж авч явж болохгүй, хуульд ч ийм заалт байхгүй” гэв. Мөн тэрбээр байхгүй байгаа гишүүний оронд кноп дарж санал өгөх нь хууль зөрчсөн үйлдэл болохыг мэдэгдлээ.

Ирцийг ирсэн хүн нь бүртгүүлээд чуулганаа явуулах нь хамгийн зөв гарц. МАН-ын бүлгийн гишүүд хуралдаанд оролцоход бэлэн байгаа бөгөөд олонх л ирцээ бүрдүүлчихвэл асуудалгүй гэв. Гэхдээ гадаадад явсан М.Батчимэг, С.Баярцогт хоёр гишүүнийг ирсэн гэж бүртгэсэн шигээ асуудалд хандахгүй байхыг анхааруулсан.

 

Энэ өдрийн хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Шүүгчийн орон тоо батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг үргэлжлүүлэн хэлэлцэхээр төлөвлөсөн байв. Түүнчлэн  хууль, тогтоолын төслүүд  буцаах тухай, УИХ-ын даргын ажлын хэсгийн орон тоог батлах тухай, УИХ-ын тогтоол хүчингүй болсонд тооцох тухай тогтоолын төслүүд, Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх байв.

 

Эдгээр асуудлаас болж ах намынхан танхимд орж ирээгүй байх гэх хардлага ч зарим гишүүний амнаас цухалзаж байсан. Учир нь дээрх хуулийн төслүүд дээр МАН-ынхан эсрэг байр суурь баримталж байгаа гэх яриа ч чих дэлссэн юм.

Түүнчлэн олон сарын турш тэсч, тэсвэрлэж ирсэн МАН-ынхан тэсрэлт хийж, АН-ынхныг хүнд нөхцөлд оруулж байгаа тухай ч зарим нь жиргээд амжсан. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хугацаанд ах намынханд барьж байсан эрх баригчдад бэлдсэн сюрприз гэнэ. Ийнхүү шинэ оны ажлын эхний долоо хоног үр бүтээлгүй өнгөрлөө.

 Л.Нинжсэмжид

Эх сурвалж: “Нийгмийн толь”


URL:

Сэтгэгдэл бичих