Улаан буудайн хомсдол нүүрлэх үү?

Өнгөрсөн онд Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас урд хөрш рүү 100 мянган тонн улаан буудай экспортлох тухай мэдээлж байсан. Гэвч Хятадын талаас дотоодод худалдаалах ханшаас харьцангуй хямд үнэ санал болгосон тул экспорт хийхээ больсон, улмаар энэ жилдээ зөвхөн дотоодын улаан буудайн хэрэгцээг бүрэн хангах зорилго тавин ажиллах тухай тус яамны холбогдох хүмүүсээс мэдээлэл авлаа.
Манай улс өнгөрсөн онд ургац арвин хурааж, улаан буудай болон төмсний хэрэгцээгээ бүрэн хангасан билээ. Харин ирэх онуудад таримлын сэлгээг нэмэгдүүлж, хүнсний ногооны төрлийг аривжуулан, улмаар дотоод зах зээлд нийлүүлэхийн зэрэгцээ хөршүүдэд экспортлох боломжийг бүрдүүлэхийг зорих аж.
Өнгөрсөн арванхоёрдугаар сард олон улсын мэдээллийн агентлагууд ОХУ ургац муутай байсны улмаас улаан буудайн хомсдолд орсон тухай мэдээлсэн. Үүнтэй холбогдуулан тус улсын Засгийн газраас дотоодын хэрэгцээгээ хангахын тулд хөрш орнуудаас импортлохоор зэхэж байгаа юм. 1960-аад оноос хойш үзэгдээгүй эл хомсдол дэлхийн зах зээл дээрх улаан буудайн үнийг сүүлийн дөрвөн жилд байгаагүйгээр хөөрөгдөн, улмаар хүсний бүтээгдэхүүний үнэ өсөхөд нөлөөлж буйг олон улсын шинжээчид онцолжээ. Гэвч энэ нь зөвхөн ОХУ-д нүүрлээд буй асуудал биш ажээ. Украйн, Австрали, АНУ зэрэг оронд ч улаан буудайн ургац огцом буурсныг цаг уурын таагүй байдалтай холбон тайлбарлаж байгаа юм. Ийнхүү 2013 оны улаан буудайн нийлүүлэлт 661 метрик тонн болон буурах төлөвтэй байна. Энэ нь дэлхийн дундаж хэрэглээ болох 688 метрик тонныг хангахгүй үзүүлэлт гэж Нэгдсэн үндэсний байгууллагын Хүнс, газар тариалангийн байгууллагаас гаргасан мэдээлэлд дурджээ. 2007-2008 оны хямралаас үүдэлтэй хүнсний хомсдолын үеэр уг таримлын жишиг үнэ 295 еврод хүрч байсан бол өнгөрсөн 12 дугаар сард Лондоны хөрөнгийн биржид тонн тутам нь 221.75 фунд стерлингэд хүрсэн байна.
Улаан буудайн томоохон нийлүүлэгчид болох хойд хөрш, Украйн өнгөрсөн онд 11.6 метрик тонн улаан буудай гадаад зэх зээлд нийлүүлсэн бол энэ оны зургадугаар сар хүртэл ердөө 1.7 метрик тонныг экспортлохоо мэдэгдээд байгаа юм. Энэ нь Европын, цаашлаад дэлхийн улаан буудайн үнийг хөөрөгдөх гол нөхцөл болж байгааг Financial Times нийтэлжээ.
Б.Үүрийнтуяа
mongolianeconomy

URL:

Сэтгэгдэл бичих