Д.Ганбат: Хятадаас хуурамч юанийн талаар анхааруулга өгч байгаа

Монголбанкны мөнгөн тэмдэгт, үнэт зүйлсийн газрын захирал Д.Ганбатаас хуурамч юань илэрсэнтэй холбоотойгоор зарим зүйлийг тодрууллаа.

-Цагдаагийн ерөнхий газраас уржигдар 6000 хуурамч юань илрүүлсэн талаар мэдээлсэн. Төв банкны зүгээс гадны мөнгөн дэвсгэрт дээр хэр хяналт тавьдаг вэ?

-Бид юань үйлдвэрлэдэггүй. Тиймээс гадны улсуудын мөнгөн дэвсгэрт дээр тийм ч сайн хяналт тавих­гүй шүү дээ. Арилжааны бан­кууд, хил, гааль, цагдаагийнхан өөрсдөө хуурамч дэвсгэртийг илрүүлэх боломжтой.Бидний хувьд зөв­хөн өөрсдийн төгрөгийн хуурамч эсэхийг сайтар хянаж чадна.Уржигд­раас эхлээд цагдаагийн байгуул­лагынхан хуурамч юань худалдаанд гарсан талаар мэдээлэл цацаад байгаа.Тэгэхээр практик талаас нь авч үзэхэд юанийг жинхэнэтэйг нь хамгийн ойролцоо хэвлэдэг гэдгийг Хятадын Ардын банкнаас анхааруулсан.Үнэндээ бараг шууд харахад ялгагдахгүй шахам юм билээ.Тус улсаас сүүлийн үед энэ талаар нэлээд анхааруулга өгч байгаа.

-Тэгэхээр төв банкнаас хянадаггүй юмаа гэхэд гаалиар орж ирж байгаа гадны мөнгөн дэвсгэр­тэд тодорхой тооны хязгаар тавьдаг байх. Хятадын юанийн хувьд хувь хүн, аж ахуйн нэгжүүд хэр хэмжээний мөнгөн дэвсгэрт оруулж ирвэл гаальд бүртгүүлдэг юм бол?

-Манай улсад хуулиараа бэлнээр 10 мянгаас дээш гадаад вальют хилээр нэвтрүүлбэл заавал гаалийн мэдүүлэг бүрдүүлэх ёстой гэдэг. Монгол Улсад арилжааны банкууд, наймаачид, иргэд, мөн Монголбанк өмнөд хөршөөс тодорхой тооны юанийг өөрийн орондоо нийлүүл­дэг.Гэхдээ хуурамч юанийг хэн оруулж ирдэг вэ гэхээр хувь иргэд, ченжүүдээр дамжиж арилжаанд орох боломжтой.Манай улсын банкуудын хувьд Хятадын арилжааны банкуудтай гэрээтэй учраас өөрийнхөө харилцдаг банкаас чекээр вальют авах боломжтой.Ер нь банк хоорондын шилжүүлж буй мөнгөн дэвсгэрт хоёр талаасаа хяналттай болохоор илүү найдвартай гэж болно.Түүнчлэн гурав дахь суваг нь БНХАУ-ын төв банк манай төв банк хоорондын арилжаа хийх гэрээний дагуу банкуудад зузаатгал хийх үүднээс юань авдаг.Тэгэхээр банк хооронд ямар нэгэн хуурамч мөнгөн дэвсгэрт орж ирэх боломж нь хязгаарлагдмал гэсэн үг. Харин хувь хүн, ченжүүдийн нууж, дарагдуулаад орж ирсэн юань дотор хуурамч дэвсгэртүүд байгаа.

-Ер нь гадны бусад улс орнуу­дад хуурамч мөнгөн дэвсгэрт хэр илэрдэг вэ. Бас Хятадад хууль хянал­тын байгууллага нь хуурамч мөнгөн дэвсгэртүүдээ нэлээд сайн илрүүлдэг гэсэн?

-Өнгөрсөн 2008 он гэхэд өмнөд хөршийн цагдаагийнхан хоёр тэр­бум хуурамч юань илрүүлсэн бай­даг.Түүнчлэн 2004, 2005 онд Кана­дад нэг сая ширхэг долларт 500 ширхэг хуурамч дэвсгэрт илэрсэн гэх тоо бий.Хуурамч дэвсгэртүүдээс урьдчилан сэргийлэхийн тулд тус улс мөнгөн дэвсгэрийнхээ загварыг өөрчилж хулдаасан болгосон.

-Түүнчлэн манай улсад үйл ажиллагаа явуулж буй Банк бус санхүүгийн байгууллагууд нэлээд хэмжээний вальют дамждаг. Тэдгээр байгуул­лагуу­даас хуурамч мөнгөн дэвсгэр­тийн тал дээр мэдээлэл хэр ирүүл­дэг вэ?

-Тэдний хувьд үнэндээ мэдээлэл арай муу ирүүлдэг гэж болно. Цаашид аль аль талын үүргийг нь чангатгах тал дээр цагдаагийн байгууллагатай илүү хамтарч ажиллана.Бидний хувьд сургалт явуулж болно шүү дээ.Үүнд бас нэг зүйл хэлэх хэрэгтэй.Учир нь хил, гаалиар орж гарч байгаа мөнгөн дэвсгэрт дээр илүү хяналт тавих нь зүйтэй болов уу.Мөн Хятадын Ардын банк манай мөнгөн тэмдэгт ийм ийм ялгах шинжтэй гэж олон нийтэд мэдээлэх талаар манайд мэдэгдвэл бид сургалт явуулж болно.

-Манай улсад үйл ажиллагаа явуулж буй арилжааны банкууд жилийн эцэст ч юмуу төдөн шир­хэг хуурамч вальют ирдэг талаар хэр мэдээлдэг вэ?

-Банкуудын хувьд хуурамч төг­рөгийн талаар мэдээлэл ирүүлдэг. Харин гадаадын хуурамч вальют хэр хэмжээний илрүүлсэн тухай багц мэдээлэл алга байна.

 

Л.Баатархүү


URL:

Сэтгэгдэл бичих