Бөө, мэргэч, төлөгчдийн уршиг.

Дүр зураг: Нийгэмд болон иргэдийн эрх ашигт гэм хор учруулсан этгээд буруутай үйлдэлдээ хариуцлага хүлээх нь зүй ёсны хэрэг. Сүүлийн үед бусдын эд хөрөнгийг  амар хялбар аргаар ашиг хонжоо олох,  бусдыг залилан мэхлэх, итгэл олох замаар бусдын эд хөрөнгийг хууль бусаар өөрийн эзэмшилд шилжүүлэн авах, залилсан, болгоомжгүйгээр амь насыг хөнөөсөн бие махбодид нь шарж, түлэн гэмтэл учруулсан гэх мэт бөө удгантай холбоотой хэрэг тасрах янзгүй. Өнөөгийн уур амьсгалыг хараад байхад даамжирсан мунхруулсан гэмээр шинжтэй энэ үйлдэлд иргэд өөрдсөө хэдэн сая төгрөгөө үрэн барин алдар нэр устай найдвартай хэмээн шаагилдан, шуугилдан  гүйлдэнэ. Эхний ээлжинд бөө хэмээн тогтоогдсон онгодыг дуудна, одоо торгооно, дараа нь энд тэндхийн уулзалт үзлэгийн цайллагыг даа хэмээн үүрэгдэж залилан мэхлэж хармаа хотыг нь хоосолно. Түлэнхийн  төвөө оргүй болтол нь дүүргэж уйлалдан дуулалдан Эрүүл мэндийн сайдаараа мэдэгдэл хийлгүүлэх… Дүр зураг ердөө ийм.

Гэмт хэрэг: Түрүү жилийн эхээр Сонгино хайрхан дүүрэгт нэг нөхрийг мөн л энэ нэрийдлээр архи өгөн, эсгийнд боон халуун чулуугаар түлж алсан хэрэгтээ нэг нөхөр “аавын хаалга” татсанаар хүмүүс энэ асуудлыг анзаарч эхэлж байх шиг.

Бусдыг болгоомжгүй алах гэмт хэргийн улаам хэдэн хүн нас барж хэдэн хүн нас барсаныг хуулийн байгууллагаас тодруулахад тодорхой тоо мэдээ гаргаагүй байна. Харин  тодорхой тохиолдол бүрийн араас хөөцөлдөж байж олж авсан мэдээллээс үзэхэд энэ хэрэгт Баянзүрх, Сонгино Хайрхан, Чингэлтэй дүүргийн захын хороонуудад ийм гэмт хэрэг үйлдсэн хэмээн 4 хүн эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж 3-ийн зэрэг хүн 3-аас дээш жилийн хорих ял шийтгүүлсэн бол үзмэрч, зурхайч хэмээн бусдыг хохироон ял шийтгүүлсэн жишээг дурдвал дуусахгүй.

Баримт: Залилангийн хэрэгт шалгагдаж шйтгүүлсэн тодорхой жишээг үзэхэд компанид цэвэрлэгчээр ажиллаж байсан нэгэн бага ангийн багш байсан эмэгтэй тухайн компаний захирал эмэгтэйд өөрийгөө бөө хэмээн итгүүлж дөнгөсөн байна. Итгэл олж авах гэдэг бол залилангийн хэргийн гол шинж бөгөөд ийнхүү олж авсан итгэлд тулгуурлан тухайн эмэгтэйн тархийг угаасаар бүр дэд захирлын албан тушаалд хүрсэн байна. Энэ хугацаандаа захирал эмэгтэйн нөхрийг салахаас нь торгоож байна хэмээн итгүүлж дөнгөснөөр түүнээс 30 сая төгрөг, үнэт хөрөнгө, машин тэрэг гээд л бүхэл зүйлийг “гайтуул”-жээ. Түр салсан нөхөр нь эргэж ирэх үед бүх хөрөнгө нь зарагдаж, компани нь сайхь бөөгийнх болсон байсныг  байсныг мэдсэнээр асуудал босч иржээ. Улмаар өөрийгөө захирал болгож гарын зүсэг зурах эрхтэй болсон цэвэрлэгч авгай томорсоор банкнаас зээл аван арилж одсон байна. Одоо энэ хэрэгтээ залиллагч этгээд Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 2 дах хэсгээр буюу итгэл эвдэх замаар бусдыг залилан мэхэлж их хэмжээний хохирол учруулсан гэсэн зүйл ангиар шалгагдаж байгаа гэнэ.

Энэ хэргийг шалгасан нэг дүүрэгт л гэхэд бас нэгэн мэргэч эмэгтэйн тархийг угаасаар уван цуван 20 гаран сая төгрөгний хохирол учруулж үүндээ зохих ял шийтгүүлжээ. Энэ төрлийн хэргийг шалгахад гардаг нэг хүндрэл бол гайтуулсан буюу гарлагад гаргаж байгаа эд зүйлийг үнэлэхэд учрах бэрхшээл. Нэгэнт байгаа үнэ цэнэтэй зүйлээ шатаалгана, газар булуулна, хаяуулна гэх зэргээр өгчихсөн хойноо тэрнийхээ үнэ өртөгийг хичнээн нэхсэн ч устсан болохоор эргэн үнэлгээ хийхэд хүндрэлтэй байдаг гэнэ. Магадгүй та мухар сүсэгт автан, дарамтлуулан айн барин байж шөнө дөлөөр дуудагдаж аваачиж өгсөн хонины гулууз мах , шатаалгах гэж байгаа тавилга, машиныхаа патиарыг татуулаад, бичлэг хийгээд авчихсан байхад сүүлд шүүх дээр нэхэмжилж болох л юм. Гэвч хоёр чихнээсээ өөр юмгүй мэргэч төлөгч нар маань үрээд зараад эдлээд дуусчихсан болохоо хохирлоо барагдуулах нь өдрийн од мэт болов уу.   . .

Яагаад ? : Хавар болох үесээс буюу ичигсэд хөдлөх цаг, ханш нээх үеэр бөө болох гэсэн хүмүүсийг хотын зах голдуу хэсэгт байрлах боловсрол багатай  зальтай этгээдүүд бөө болгоно эсвэл өвчнийг нь эмчилж өгнө, аливаа нэгэн асуудлыг нь саатуулна гэх мэтчилэн олон амалж залилуулсан гэх өргөдөл хэзээ хойно цагдаагийн байгууллагад ирдэг. Хотын захын цагдаагийн хэлтэс тасагт ирдэг шалтгаан нь гол төлөв мэргэч, зурхайч,  бөө нар хотын хойд захаар байрладаг нь тэр хавиар тахилга бүхий олон овоо байх онцлогтой холбоотой.

Хорих ангид байхдаа л  өөрийгөө зурхайч хэмээн өвчигнөж байсан нэгэн суллагдсан хойноо дахиж залилан хийгээд шоронд орсон баримт  их байдаг. Эмэгтэйчүүдийн хориход хүртэл бөө байх төдийгүй хаанаас гаралтайгаасаа хамаараад хоорондоо таардаггүй гэж байгаа. Тэр ч байтугай шоронгоос гарч ирээд улсынхаа ерөнхийлөгчийг “90 саяын” гэх тодтголтойгоор залилаж байсан этгээд одоо Христийн шашин шүтчихсэн пастор болоод хүмүүсийг уйлуулаад явж байх, Алтанцөгц, гал гаргадаг Өнөрмаа нарын үед ч Ромбу гариг, далд ертөнцтэй холбогдоно хэмээн шуугиулж  алдар хүнд олж байсан гэх хүн “Зөн билгийн тулаан”-д гарамгүй сайн тулалдаж сайшаагдаж ч байх жишээтэй.

Э.Бат Үүл нэгэн хэлэлцүүлэгт “аливаа нийгэмд тодорхой хурц үйл явдал эсвэл хувьсгал болж өнгөрсний дараагаар гэв гэнэт шашин шүтлэг бөө мөргөлд итгэх явдал нийгэмд ихээр гардаг бөгөөд энэ нь нийт массыг хамарсан шинжтэй болж хувирдаг нь хамгийн аймшигтай”  гэж байсан нь ортой мэт.  Ер нь сүүлийн үед энэ төрлийн гэмт хэрэг өсөх хандлагатай байгаа төдийгүй иргэд өөрсдийнхөө өмч хөрөнгө, эд хөрөнгөөрөө хохироод л үлддэг. Залилагч гэх хэдэн нөхрүүд “дээлээ нөмрөө аавынх руугаа” зүглэн одсоноор  асуудал шийдэгдэх жишээний.

Аюул: Бөө энэ тэр гэж байгаад айлын хүүхэд үзэж дүвчигнэж байгаад шидээд алчихсан хүн бий  бол өөрийгөө бөө гэж дүвчигнэж бусдыг заналхийлж байгаад байгаад хүнд алуулсан хүн ч байдаг юм. Харин “бусдыг хараах, хараалгуулах” гэсэн гэмт хэрэг манай улсын хуулинд байхгүй учраас үүнтэй холбоотой маргааныг шийдвэрлэж чаддаггүй. Энэ нь өөрөө хийсвэр шинжтэй зүйл учраас нотолж, шалгах ямарч боломжгүй. Шашин бөө мөргөлөөс зайлсхийж аливаа бодит байдлаар хандах талаар зөвлөвөл Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний шашин шүтэх эс шүтэх эрхэд халдсан, саад хийсэн хэрэг болох биз.

Монгол хүний менталитэт болох аливаа зүйлд туйлширч ханддаг энэхүү эмгэг нь улайм цайм өөрсдөө зүтгэсээр байгаад гэмт хэргийн хохирогч болоход хүргэдэг боловч манайхан нэрэлхүү зангаасаа болохоор ч тэрүү ичсэн нэрэндээ ч тэрүү хуулийн байгууллагад ханддаггүй. Бөө, зурхайч лам нарт иртгээд мөнгөө өгсөн, залилуулсан, гал дээгүүр харайгаад салтаагаа түлсэн, хүүгээ бөө болгоно гээд, шашны бүлгэмийнхнээ гэртээ авчираад үнэт зүйл, мөнгөө алдсан, бариачид үзүүлээд тархиа бүр хөдөлгөсөн, хүчиндүүлсэн, амь насаа алдсан гэх эмгэнэлтэй байдалд хүрэхэд бидний өөрсдийн дэмжлэг хамгийн их байдаг.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих