Монголыг ураны хаягдлын цэг болгох сонирхолтой байгаа бололтой
Өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлчээр www.globalsecuritynewswire.org сайтад Монгол Улсыг олон улсын цөмийн хаягдлын цэг болж магадгүй гэх утгатай нийтлэл тавигдсан. Тэнд өгүүлснээр энэ оны хоёрдугаар сард АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн ажлын хэсэг манай улсын төлөөлөгчдийг хүлээн авч Азийн улсуудын цөмийн хаягдлыг хадгалах улс болох асуудлыг хэлэлцсэн аж. Энэ талаарх яриа хэлэлцээр эхний шатандаа явж байгаа, тодорхой шийдэлд хүрээгүй гэнэ.
Дээрх сайтад бичсэнээр АНУ-ын Төрийн Департментын цөмийн эрчим хүчний аюулгүй байдлын албаны дарга Ричард Стратфорд цөмийн хаягдлыг хадгалах Монгол Улсын байр суурийн талаар өөрийн бодлоо дэлгэсэн байна.
Тэрбээр “Монгол Улс бусад улсын цөмийн хаягдлыг нутаг дэвсгэр дээрээ байршуулахыг зөвшөөрвөл цөмийн хаягдлыг хадгалах асуудлыг шийдвэрлэсэн томоохон үйл явдал болно. Энэ нь Тайвань, Өмнөд Солонгос шиг цөмийн хаягдлаа хааш нь зайлуулахаа мэдэхгүй байгаа улсад ашигтай боломж” гэжээ.
Харин Зүүн Азид цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх хөтөлбөрийг удирдагч Льюс “Монгол Улс цөмийн хог хаягдлыг агуулж хадгалах бизнест яагаад оролцох гээд байгаа нь ойлгомжгүй” гэжээ.
Монгол Улсын төлөөлөгчид энэ оны хоёр, гуравдугаар сард АНУ-д айлчлал хийсэн эсэх талаар Гадаад харилцааны яамын Олон нийттэй харилцах газрын дарга Б.Монхоогоос тодруулахад “Эдгээр сард ямар нэгэн албаны айлчлал хийгдээгүй. Ураныг хадгалах асуудал ч яригдаагүй” гэв.
Тус яамнаа өчигдөр мэдэгдэл хийхдээ “Монгол Улсад цөмийн хог хаягдал хаяхгүй. Энэ нь манай улсын хуулийг зөрчиж байна” хэмээсэн юм.
Тэгэхээр www.globalsecuritynewswire.org сайт худал мэдээлэл байрлуулсан гэсэн үг үү.
Дашрамд дуулгахад, энэ сайт 2006 онд онд АНУ-ын ерөнхийлөгч асан Жорж Бушийг Иракийн дайныг эхлүүлснийхээ төлөө их хэмжээний мөнгө авсан хэмээн бичиж байжээ. Гэвч энэ нь талаарх шүүхийн шийдвэр гарч сайт ялагдсан байдаг. Тэгэхээр энэ сайтад итгэхэд бэрх юм. Гэхдээ манай эрх баригчдын дунд цөмийн хог хаягдлаар хоолоо олж идэх сонирхолтой бүлэг байхыг үгүйсгэхгүй.
Үүний сацуу, АНУ-ын эрх баригчид цөмийн хаягдлаа Невада мужийн Юкиа ууланд хадгалах асуудлыг 2008 оноос хойш ярилцаж байгаа. Гэвч эл асуудал шийдвэрлэгдэх магадлал тун муу байгаа гэнэ. Иймээс тус улсын эрх баригчдад цөмийн хаягдлаа хаана хадгалах асуудал толгойны өвчин нь болсон аж.
Өөрөөр хэлбэл, АНУ цөмийн хаягдлыг хадгалах шинэ улс хайж байгаа. Тэгвэл дээрх сайтын бичсэнээр манай тал АНУ-тай тохиролцох сонирхолтой буйг үгүйсгэх аргагүй. Бүр цаашлаад Монгол Улсыг ураны хаягдлын цэг болгох сонирхол агуулагдаж байгаа гэхэд хилсдэхгүй.
Д.Түвшинтөр http://niigmiintoli.mn/
URL:











