Б.Обама Х.Карзай нарын уулзалт афганистаны ирээдүйг тодорхойлов

Афганистаны дайн 11 жил үргэл­жилсний эцэст төгсгөл рүүгээ ойр­тож байна. Өнгөрсөн хугацаанд  Америкийн мянга, мянган цэрэг тэнд очиж алба хаасан. Олон ч мөр­гөл­дөөн гарч, олон ч хүний амь эрсэдсэн. Тэгээд эцсийн бүлэгт ямар амжилтад хүрэв. Юуг дутуу орхив. Энэ талаар өнгөрсөн баасан гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Афганистаны Ерөнхийлөгч Хамид Карзай нар Вашингтонд уулзаж ярилцлаа. Тэд Афганистаны цаашдын ирээдүйн дүр зургийг гаргахыг оролдож, мөн энэ улс орны амьдралд америкчуудын оруулсан хувь нэмэр, нөлөөг дүгнэж цэгнэжээ.

Терроризм гэхээр үхтлээ айдаг америкчуудын сэтгэл зүй дээр тоглож Жорж Буш Иракийн дайныг эхлүүлж байсан. Террорист бүлэглэлүүд, талибанчууд гэх мэт Афганистанд бас америкчуудын “дайсан” олон байсан юм. Тиймээс зарим шинжээч Ойрхи Дорнодод явуулж буй Америкийн цэргийн ажиллагаа бүрийн цаад зорилго нь газрын тосны нөөцийг эзэмших явдал байдаг хэмээн таа­магладаг. Гэхдээ бүгдийн нүдэнд бол терроризмыг үгүй хийх зорилгыг тээсэн байдаг билээ. Энэ ёсоор АНУ-ын цэргүүд Афганистаны террорист бүлэглэл болох “Аль Кайда”-гийн тэргүүн Осама бин Ладен руу агаарын цохилт өгч, түүнийг устгасан. Алан хядагчаас тэс ондоо, соёлт ертөнцийн хүмүүс хэмээн өөрсдийгөө тодорхойлдог америкчууд энэ удаад “Аль Кайда”-гийн удирдагчийн үхлийг  баяр болгон тэмдэглэцгээсэн юм. Тэгэхээр Осама бин Ладенг устгасан явдал нь америкчуудын хувьд хамгийн том ололт байсан бололтой.

Гэхдээ Б.Обама үүнийг арай өөрөөр тайлбарласан юм. Тэрбээр Афга­нистанд хүүхэд, эмэгтэйчүүд өм­нөх­тэйгөө харьцуулахад илүү эрх чөлөөтэй болж, улс орон нь илүү ард­чилсан болсон тухай онцолж байлаа. АНУ-ын цэргүүд 2001 онд тус улс руу нэвтрэхээс өмнө тэнд эмэгтэйчүүд гадуур сул чөлөөтэй явах нь бүү хэл гэрээсээ ч гарч болдоггүй байж гэнэ. Тэгвэл одоо хоёр сая гаруй  охид сургуульд сурч, эмэгтэйчүүд илүү чөлөөтэй, нээлттэй болжээ. Афганистаны 300 мянга орчим хүүхэд “Facebook”-т бүртгүүлж, тогтмол хэрэглэдэг болсон нь эрх чөлөөг нь  хэмжих бас нэгэн хэмжүүр болж байгаа бололтой. Гэхдээ цэргийн албан хаагчид болон энгийн иргэд олноороо амь үрэгдэх явдал гарсаар байгаа билээ.

2001 оноос хойш Америкийн 2000 цэрэг Афганистанд амиа алдсан байна. Тэдний хамгийн их итгэж, сургаж байсан афганистанчууд нь эргээд өөрсдийнх нь аминд хүрэх тохиолдол олон байсан тухай “CNN” мэдээлсэн юм. Афганистаны Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч энэ талаар “Афганистаны Үндэсний аюулгүй байдлын албанд иймэрхүү халдлагын баримтууд олноороо ирдэг” хэмээн ярьж байв. Өнгөрсөн оны эхээр америк цэргүүд нас барсан афганистанчуудын дээрээс бие засч буй бичлэг олон нийтэд цацагдсан. Түүнчлэн Баграмын агаарын хүчний байранд афганчуудын шарилыг эгнүүлэн тавиад Коран судар шатааж байгаа зураг цахим ертөнцөд тархсан юм. Үүний дараа Афганистанд америкчуудыг эсэргүүцэх хөдөлгөөн маш хүчтэй өргөжин тэлж, ноцтой халдлагууд ойр ойрхон гарах болсон билээ.

Америк цэргүүдийн харгислалын талаарх мэдээлэл ингээд дууссангүй. АНУ-ын цэргийн баазын түрүүч Роберт Бейлсийг Афганистаны нэгэн тосгоны 17 хүнийг буудан хороосонд буруутгасан юм. Амиа алдсан хүмүүсийн дунд хүүхэд, эмэгтэйчүүд ч байжээ. Чухамдаа хуулийн нэрийн дор хүн буудах боломжийг олж авахын тулд Афганистан руу дайнд явж уу гэмээр л. Ямартай ч энэ бүхний дараа америк цэргүүд рүү халдах оролдлого улам нэмэгдсэн юм. Тийм учраас 2014 он гэхэд цэргүүдээ Афганистанаас бүгдийг нь гаргана хэмээн амлаж байгаа Б.Обама Х.Карзайгаас тэдний аюулгүй байдлыг хамгаалахыг хүссэн билээ.

Энэ хавраас Афганистаны цэр­гүүд эх орныхоо батлан хамгаалах салбарыг хяналтдаа авч эхлэх юм. Уг нь өмнө нь энэ оны дунд үеэс гэж тооцож байсан боловч одоо бол энэ ажлыг улам яаравчлуулах болжээ. Гэхдээ америк цэргүүд явсны дараа Афганистаны батлан хамгаалах салбарыг яг хэн хариуцах нь төдийлөн тодорхой биш. Тухайлбал, 2014 онд Афганистанд Ерөнхийлөгчийн сонгууль болно. Тэр үед одоогийн Ерөнхийлөгч Х.Карзай нэр дэвших боломжгүй юм. Тэгэхээр түүний оронд хэн гарч ирэх вэ гэдэг асуулт хэвээр байна. Х.Карзайг ажлаа өгсний дараа ч гэсэн Б.Обама Афганистаны Засгийн газрыг дэмжиж ажиллана гэдгээ саяын уулзалтын үеэр амласан. Гэхдээ байдал яаж өөрчлөгдөхийг таах бололцоогүй юм.

АНУ-ын албаны төлөөлөгчдийн мэдээлж буйгаар 2014 он гэхэд Афганистанд 9000-аас олон биш боловч яг хэд гэдэг нь тодорхойгүй тооны америк цэрэг үлдэх аж. Тэд яг юу хийх нь тодорхойгүй. Магадгүй байгаль орчныг хөгжүүлэх ажилд анхаарах, эсвэл Афганистаны цэргийн бэлтгэлийг хангаж ажиллаж болох юм.

Х.Карзай өнгөрсөн баасан гарагт Б.Обаматай уулзах үеэрээ Пентагоноос нисдэг тэрэг гэх мэт техник хэрэгслийн тусламж хүсчээ. Түүнд террористуудтай тэмцэх хүч хэрэгтэй байгаа юм байх. Гэхдээ Б.Обама ямар ч амлалт өгсөнгүй. АНУ-ын хувьд зөвхөн Афганистан дахь цэргийн ажиллагаанд зориулж жилд 1-10 тэрбум ам.долларын зардал гаргадаг гэх албан бус мэдээлэл бий. Харин цаашид хэрхэх нь тодорхойгүй. Ямар ч гэсэн Б.Обамагийн засаг захиргаа шийдвэрээ гаргасныхаа дараа Конгрессоор батлуулах юм. Афганистанд АНУ-ын Элчин сай­даар ажиллаж байсан Роналд Нюманн “CNN”-д өгсөн ярилцлагадаа “Тэн­дэхийн цэргийн зардалд зориулж дор хаяж таван тэрбум ам.доллар төсөвлөнө” хэмээжээ.

Өнгөрсөн оны тавдугаар сард Б.Обама Афганистанд гэнэтийн айлчлал хийх үеэрээ дайн дууссаныг албан  ёсоор зарласан юм. Тэрбээр талибанчуудтай энхийн хэлэлцээр хийхийг оролдож байгаагаа мэдэгдсэн. Тэр үеэс Афганистан дахь цэргийн ажиллагаанд дахиж мөнгө зарцуулахгүй болох нь гэцгээж байв. Эдийн засаг нь хямралтай, гадаад, дотоод өр нь өндөр байгаа АНУ-ын хувьд төсвөө арвилан хэмнэх шаардлага зайлшгүй бий болж байгаа юм. Гэхдээ одоо ингээд харахад энэ зардал  хэвээрээ байгаа бололтой.

Нөгөөтэйгүүр тухайн үед Б.Обама талибанчуудыг онцолж байсан. Гэтэл Осама бин Ладены үүсгэн байгуулсан “Аль Кайда” бүлэглэлийг дэмждэг цэргийн хүчнийг талибанчууд гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл, энэ хоёр нь тусдаа ойлголт. Тэгэхээр зөв­хөн талибанчууд биш, бас “Аль Кайда”-гийнхантай учир зүйгээ олох нь америкчуудын хийх нэг ажил бололтой.

Ямартай ч Америкийн жирийн иргэд дайнаас залхаж байгааг олон судалгаа харуулдаг. Тэд эцэс төгс-гөлгүй тулаанд оролцож, эн­хийн цагт хүртэл хайртай дот­ны хүмүүсээ алдсаар байхыг хүсэх­гүй байна. Тиймээс ард түмнийхээ энэ шийдвэрийг хүндэт­гэж гаргасан Б.Обамагийн бодло­го афганис­тан­чуудын хувьд өнгөр­сөн бүхнээ дүгнэх, тэр хэрээрээ тодор­хойгүй цоо шинэ ирээдүйг бий болгож байгаа юм. Хэдийгээр АНУ тэндэх нөлөөгөө тодорхой хэмжээнд хадгалж үлдэхийг эрмэлзэж байгаа боловч цаашид яах, хэрхэхээ афганистанчууд өөрсдөө л шийдэх цаг иржээ.

 

Т.Элиса


URL:

Сэтгэгдэл бичих