Олимпийн циклд эрч хүчтэй баг бүрдэж ажиллана гэдэгт итгэлтэй байгаа
Удтал хүлээлгэсэн үндэсний шигшээ багийн сонгон шалгаруулалтын дүн мөдхөн гарах гэж буй. Энэ талаар Спортын бэлтгэлийн төвийн Эрдэм шинжилгээ судалгааны албаны дарга Ганзоригтой ярилцлаа.
-Энэ удаагийн шигшээ багийн сонгон шалгаруулалтыг ардчилсан системээр бүрдүүлж байгааг зөв зүйтэй хэмээн үзэж байна?
-Бид шигшээ багийн сонгон шалгаруулалтыг ардчилсан байдлаар нээлттэй явуулъя гэдэг бодлого баримталсан. Бодлогын хүрээнд сайдын гаргасан тушаал батлагдсаны дагуу сонгон шалгаруулалтаа явууллаа. Өмнө нь холбоодын саналыг харгалзаж үздэг байсан бол үүнээс гадна багш дасгалжуулагчид бие дааж нээлттэй оролцсоноороо ардчилсан шийдвэр болсон гэдэг дүгнэлтэд хүрч байгаа.
-Англи хэл, компьютер гэхээсээ илүү тамирчнаа сайн мэддэг хүн л дасгалжуулагч болох ёстой. Шалгалтын явцад дасгалжуулагчийн онолын мэдлэг, арга барил, туршлага ямар түвшинд байна вэ гэдэг нь харагдаж байгаа биз?
-Спортын түвшинд дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын түвшинд очихын тулд шинжлэх ухааны онолын мэдлэгтэй багш дасгалжуулагч нар байж тамирчдаа сайн бэлтгэж, өндөр түвшинд хүргэх ёстой гэж бодож байгаа. Тийм учраас шалгаруулалтад мэргэжлийн талаасаа өндөр зэрэглэлтэй тамирчид дээр яаж ажиллахав, тэдний боломж бололцоог яаж хангахав гэдэг дээр голчилж шалгалт явагдсан.
Үүн дээр бас нэг онцлог зүйл манай эрдэм шинжилгээ судалгааны албаны зүгээс шалгалт зохион байгуулж аваад, давхар судалгааны ажил хийсэн. Эндээс сонгон шалгаруулалтад орсон багш нар хэр түвшинд байна вэ, энэ түвшингээс шалтгаалж шат дараалсан сургалт зохион байгуулах гээд бэлтгэж байна. Одоогоор эхний гарч ирсэн дүндээ анализ дүгнэлт гаргачихаад байж байна.
Дасгалжуулагчид хэл, компьютерийн хувьд сайн гэсэн үнэлгээ гарч байна лээ. Ардчилсан системээр явагдсан учраас хүн өөрийнхөө мэдлэгийн түвшин хэр байгааг олж харсан байх гэж бодож байна. Эхний ээлжинд нийт 31 дасгалжуулагч шалгаж авах ёстой. Гэхдээ спортын зарим нэгэн төрлөөс дасгалжуулагчийн тоог хязгаарладаг нормативтай.
-Залуу дасгалжуулагчид хөдөлмөр, ур чадвараараа биш, дасгалжуулагчийн суудалд хурдан сууж, тамирчны гавьяагаар үнэлүүлж, өөрсдөө дараа нь алдар гавьяанд хүрэх сонирхол тун их болж?
-Тийм тал байгаа байх. Гэхдээ сонгон шалгаруулалт нь онолын мэдлэгийг тест болгон ярилцлагын хэлбэрээр авсны дараа энэ дүн болон дасгалжуулагчдын материалтай танилцан ажлын хэсэг хуралдан эцсийн шийдвэр гаргахаараа онцлог болж байгаа юм. Тиймээс нэлээн нухацтай, ирээдүйтэй сайн багш дасгалжуулагчдыг сонгон шалгаруулна гэдэгтээ итгэлтэй байна.
-Одоо ажлын хэсэг хуралдаж байна. Эцсийн дүн мөдхөн гарах гэж байна?
-Мэдээж шалгалтын дүнг гаргана. Тэгээд ажлын хэсгээр өмнө нь ямар туршлагатай байсан юм, одоо хичээллүүлж бэлтгэж байгаа тамирчид нь цаашдаа амжилт гаргах ирээдүй нь ямар байна, олон улсын тавцанд нас, биенийх нь онцлог хэр түвшинд бэлтгэгдсэн байна гэдгийг бүх талаас нь ярилцаж үзээд багш дасгалжуулагчаа сонгон шалгаруулах гэж байна. Цалин хангамжийн хувьд 330-350 мянган төгрөгөөр төсөвлөгдсөн байгаа.
-Тухайн дасгалжуулагчийн бэлтгэж байсан тамирчин дэлхий, Олимпоос медаль хүртвэл ямар хангамж эдлэх вэ?
-Өмнө нь эдэлж байсан хангамжуудыг эдэлнэ. Харин энэ жил яамтай болсон. Мөн спортын бэлтгэлийн удирдлагууд солигдсонтой холбоотойгоор тамирчдынхаа бэлтгэл сургуулилтыг алдагдалгүйгээр үр өгөөжтэй, зөв зохистой явуулахаас гадна сургалтад олноор хамруулахаар төлөвлөөд байгаа. Сайн баг бүрдээд цаашдаа Олимпийн циклд эрч хүчтэй баг болж ажиллана гэсэн итгэлтэй байгаа.
Эх сурвалж: “Нийслэл таймс”
URL:




