“Зөрчил гаргасан хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагааг зогсооно”
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дэд дарга А.Ариунболдтой уулзаж Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хэвлэл мэдээллийн байгууллагуудад сонгуулийн үеэр тавих хяналтын талаар ярилцлаа.
-Сүүлийн үед ШӨХТГ-аас олон ажлуудыг хэрэгжүүлж байна. Үүний нэг нь Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсантай холбоотойгоор хэвлэл мэдээллийн байгууллагуудын сурталчилгааны үйл ажиллагаанд танай байгууллага хяналт тавихаар болсон?
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг оны өмнө баталсан. Энэ хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу Монгол Улсын иргэн төрийн дээд удирдлагаа сонгох үйл явц юм. Тэгэхээр Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн гол зорилго нь сонгууль явуулах үйл явцыг зохицуулахад оршино. Энэ хуулийн шинэ зүйл бол сонгуулийн сурталчилгааны үйл явцад ШӨХТГ-аас хяналт тавих, үйл ажиллагааг зохих журмын дагуу явуулахыг хянаж ажиллахаар болсон. Хэрэв энэ заалтуудыг зөрчсөн тохиолдолд ШӨХТГ-аас тухайн хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагааг таслан зогсоох хариуцлага тооцох ажлыг хийх юм.
Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 33, 39 дүгээр заалтуудад зааснаар сонгуулийн жил эхэлсэн мөн албан ёсоор сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө сурталчилгаа хийхийг хориглоно гэсэн заалт байгаа юм. Нөгөө талаас хэвлэл мэдээллийн байгууллагуудаар гарч байгаа мэдээ мэдээлэл бусдын нэр хүндэд халдахгүй байх гэсэн зохицуулалтыг хийж байгаа. Манай байгууллагын хувьд энэ бүгдэд хяналт тавьж ажиллах болно. Сонгуулийн сурталчилгааны үед хэвлэл мэдээллийн байгууллагуудын үйл ажиллагаанд анализ, мониторингийн үйл ажиллагаануудыг явуулна. Дээр нь сонгуулийн жил эхэлсэнтэй холбогдуулан манай байгууллага бэлтгэл ажлуудаа хийгээд эхэлсэн.
-Ямар чиг үүргүүдийг барьж ажиллах вэ. Ямар үндэслэлийг харгалзан ямар тохиолдолд хяналт шалгалтыг хийх вэ?
-ШӨХТГ нь захиргааны хэргийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажилладаг байгууллага юм. Манай байгууллагын хувьд өрсөлдөөний хууль, хэрэглэгчийн эрхийг хамгаалах хууль, зар сурталчилгааны тухай хууль, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн хэрэгжилтийг голлон ажилладаг байгууллага учраас энэ бүгдэд хяналт тавих учиртай. Эндээс Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн хүрээнд хувь хүн, нам эвсэлийн өөрсдийн санаачилгаар гаргасан гомдол гэсэн чиглэлийг баримталж сонгуулийн сурталчилгаанд хяналт тавьж ажиллана.
Тэгэхээр энэ бүх хяналтыг тавихын тулд нам эвсэлээс гарч байгаа гомдлыг хуулийн дагуу хянаж шалгах ажлыг хийх ёстой. Бидний гол зорилго хэвлэл мэдээллийн байгууллагуудаар гарч байгаа сонгуулийн сурталчилгааны материал нь Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд заасан хориглосон зүйлүүдийг агуулж байгаа эсэхийг шалгах юм. Мөн тухайн гарч байгаа мэдээлэл нь бусдын нэр хүндэд үндэслэлгүйгээр халдах, сонгуулийн сурталчилгаа эхлээгүй байхад улс төрийн чансаа тогтоосон судалгаа хийгээгүй байгаа эсэх зэрэгт хяналт тавьж ажиллахаар зорьж байна. Энэхүү ажлын эхний хүрээнд бид өнгөрсөн долоо хоногт хэвлэл мэдээллийн байгууллагуудын удирдлагуудтай уулзаж Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн заалтыг мөрдөж ажиллахыг уриалсан.
Мөн бидэнтэй хамтарч Сонгуулийн ерөнхий хороо хамтран ажиллана. Бидний хувьд тодорхой чиг үүрэгтэй ажиллаж байгаа учраас Сонгуулийн ерөнхий хороотой нягт уялдаа холбоотой хамтарч ажиллах ёстой. Сонгуулийн үйл ажиллагааны талаар сурталчилгаа зааврыг Сонгуулийн ерөнхий хороотой хамтран олон нийтэд хүргэхээр ажиллаж байна. Гэвч манай байгууллагын хувьд 40 орчим хүнтэй учраас энэ бүгдэд хяналт тавихад хүндрэлтэй талууд бий. Тийм учраас бид зохион байгуулалтын хувьд маш нарийн ажиллах хэрэгтэй.
-Хэрэв сонгуулийн сурталчилгааны үед ямар нэгэн хэвлэл мэдээллийн байгууллага Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн заалтуудыг зөрчсөн тохиолдолд тухайн байгууллагад ямар арга хэмжээ авах вэ?
-Хуульд заасны дагуу зүйл ангиудыг зөрчсөн тохиолдолд тухайн хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагааг таслан зогсоох арга хэмжээг авна. Мөн нөгөө талаар улс төрийн нам, эвсэл, сонгуулийн менежерээр ажиллаж байгаа албан тушаалтан энэ хуулийн заалтыг зөрчсөн тохиолдолд эрүүгийн болон захиргааны арга хэмжээ авах зохицуулалтууд байгаа юм. Гэхдээ тэр зөрчлийг бий болгосон хэн нэгэн Эрүүгийн хууль болон захиргааны хариуцлагыг бүрэн хүлээнэ гэсэн заалтыг тусгаж өгөөгүй ч гэмт хэргийн сэдэлтэй байвал Эрүүгийн хуулиар зохицуулна гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ нь нэг үгээр бусад хууль тогтоомжуудтай уялдаж зохицуулагдах ёстой үйл ажиллагаа юм.
-Зөрчил гаргасан тохиолдолд үйл ажиллагааг нь зогсоохоос өөр арга хэмжээ авна гэсэн ойлголт байхгүй юу?
-Одоогийн мөрдөж байгаа хуулиар хэрвээ зөрчил гаргасан нь тогтоогдсон бол үйл ажиллагааг нь зогсооно. Гэхдээ бидний зүгээс барьж байгаа нэг бодлого бол хэвлэл мэдээллийн зах зээл гэдэг үүднээс нь харна8 мэдээж энд бизнесийн өрсөлдөөн явагдаж байгаа учраас тэр. Гэхдээ зөрчил гарсан нь тогтоогдох юм бол бид хуулийн заалтыг хэрэгжүүлэх ёстой. Тиймээс бид хэвлэл мэдээллийн байгууллагуудад хуулиа зөрчихгүй байхыг уриалж байгаа юм. Хэрэв бид хэвлэл мэдээллийн хэрэгсэлийг хаагаад байх юм бол хэрэглэгчид буюу иргэд мэдээллийн хомстолд орох учраас бид анхаарч ажиллах ёстой гэдгийг эрхэм болгож байна. Мөн шударга сонгууль болох ганц үндэс суурь нь сонгуулийн сурталчилгаа учраас хэвлэл мэдээллийн байгууллагууд анхаарч ажиллах ёстой гэдгийг хэлмээр байна.
Э.Баясгалан

URL:




