Төрсөн өдрийн төгсөлийн үг

Ар гөрөөчний Эрка

Утас хүлээсэнгүй ээ. Ухаантай нь утасдана, ухамсаргүй нь болино биз гэж бодлоо. Төрсөн өдрөө тэмдэглэнэ гэж урилга зарлага явуулаагүй болохоор гэр бүлтэйгээ хамт “сэмхэн булагнасан” төрсөн өдрийн баяр минь өрөөлийн нүдэнд харагдаж чихэнд дуулдаагүй ч миний хувьд сэтгэл өөдрөг өнгөрсөн.

Бодоод бодоод бодын шийр дөрөв гэгчээр арай бусдыг бодоход ахмадын хувьд амьтан хүн урьж, архи дарс зөгнөн, засаг төрөө харааж, замбараагүй үг урсгаж, нам гүм буйдхан цэцэрлэгийг Навсайдамба болтол нь бохирлож хаяагүйдээ харамсаагүй юм. Үргүй зарлага, үндэсгүй архидалт эцсийн эцэст хэнд хэрэгтэй юм бэ? Хорвоод би ганцаараа төрсөн юм шиг хол ойрын амьтныг цуглуулан хорт идээгээр дайлж, ходоод гэдсийг нь хордуулж хоногийн тоогий нь цөөрүүлэхийг энэ удаа хүсээгүй билээ.

Урд өмнө нь бол ууя гэвэл хундагаа, идье гэвэл хутгаа гэж олон хүнийг уриалан дуудаж, зохион байгуулалттайгаар архидахыг олон удаа удирдсан. Хэдэн жилийн өмнө огт архи амсдаггүй, эсвэл ганц нэг хундага татчихдаг байсан нөхдүүд сүүлийн үед архитай нөхөрлөж, ааш зан нь хувирч, авгай хүүхдээ айлгаж ичээх болсон тул өөрийн охидууд шиг эхнэр хүүхдийг нь бодсондоо энэ нэг зөв баяр биш гэж ойлгох болсоноос үүдсэн.

Сархад савнаасаа бусдыг дийлдэг болохоор амралтын хоёр өдөр ар араасаа цуварсан төрсөн өдрийн баяр гэдэг даруухан нэртэй ч даврахаараа давгын орон руу явдаг энэхүү өргөн хэмжээний олон нийтийг хамарсан архидалтаас аль болохоор зайлсхийхийн тулд өөрийнхөө төрсөн өдрийг найз нөхдийн хүрээнд тэмдэглэхийг таслан зогсоосон нь энэ.

Төрсөн өдрийн баяр тэмдэглэж байна гэж уургын морь шиг ууж идсэн нөхөд аажим аажмаар архиндаа урхидуулж, зав гарвал цэцэрлэг жардинд хүний нүднээс далд цугларан нийлж архидах болсон нь даанч харамсалтай. Норм хэтрүүлж, ногоон толгойлоод сүүлдээ бүр ажилгүй үедээ цаг нөхцөөх ганц ажил нь болж байх шиг болсон юм.

Архинд толгойгоо мэдүүлсэн хүн ааш зан хувирч, хүн чанар, хүнлэг сэтгэлийг уландаа гишгидэг. Шилэн лонхон доторхи шингэн чөтгөр хэний хүүг ч хэн биш болгож, хэний охиныг ч өөрийгөө танихгүй болгоно. Босоо ороолон чөтгөр шулам шүглэсэнтэй агаар нэгэн буй. Архитай ханилсан хүн хэзээ ч зөв шийдвэр гаргаж, зөв амьдарч чадахгүй болдог. Хулгайч худалч, хуурамч, хулхидагч бүхий л муу бүхнийг өөртөө шингээнэ. Архи хамт уухгүй бол найз нөхөддөө өширхөж хорсоно. Уулгахыг хориглосон гэр бүл, ойр дотныхонтойгоо дайсагнана.

Архинд орсон эрчүүд хамгийн адгийн улс байдаг. Эм хүнээс дутахгүй хов ярьж, хоорондоо хэрэлдэж муудалцан, аль муугаа үздэг. Согтохоороо солиорно, солиорохоороо сармагчин шиг аашилна. Ийм хүний оронцогуудтай хамт архий нь хороож суусандаа ухаантай хүн бол дараа нь харамсдаг юм. Архи ууж чадахгүй байж уух дуртайг яана.

Олон жил “уусан” гарууд өөрийгөө ч “уучихдаг” юм. Хоёр лааз шар айрганд манараад чааваас ойчлоо ойчлоо… Ийм сүг байж уух дуртай. Сүүлийн үеийн залуучууд архи даах чадвар гэж үнэндээ байхгүй болсон. Хоёр хундага татвал хор идсэн шаазгай шиг хошуугаа унжуулаад, хулхи нь буусан амьтан шиг хоёр нүд нь нойт оргиод ирнэ. Завьжаараа цагаан хөөс цахруулж, нусаа сороод гарна. Ийм амьтдыг согтсон хойно харахаас ой гутна. За яах вэ, архи даадаггүй арчаагүй юм гээд орхичихъё, эргэж тааралдахаараа бөөн бөөн нулимс гоожуулаад, халамцуу согтуудаа агсан тавина.

Тэгэхээр төрсөн бие ганцаараа байж төрөөгүй олон хүнийг уруу татан, төрсөн өдрийн баяр тэмдэглэнэ гэдэг бол архичин ангийн боловсон хүчнийг нэмэх сайн дурын “цэрэг татлага” билээ. Архиар “тэжээл” авдаг хүн “амиа хорлосон”-той адилхан. Уйлж унжсан, нүд ам, уруул ам нь хөхөрч сэтэрсэн авгай хүүхнүүд нь сайн эрчүүдтэй “саад”-адсаны дараа сураг сонсоод над руу утастдаж, хэдэн оймс илүү элээсэн болохоор надад хандаж та л уруу татлаа гэх шиг гомдол гаргацгаадаг билээ. Нөгөө архичин баагийнууд цагаа болохоор ачааны хүндийг над руу түлхдэг. Нэрийг минь ашиглана, худалдана, зарна.

Бүгдээрээ миний дүү нар гэж би боддог. Эр нь ч тэр эм нь ч тэр. Тэгэхээр надад эрийг эр гэж, эмийг эм гэж алаг үзэх эрх байхгүй. Аль болохоор охид бүсгүйчүүдийг нь өмөөрнө л дөө… Тэгээд л төгсгөлгүй хэрүүл зарга өдөр шөнөгүй үргэжилнэ. Хүний газар явж байгаа улс биеэ зөв авч явахгүй бол нэг л өдөр “ачигдаад” гэртээ очно… Залуу насандаа хийе бүтэээе гэсэн үүрэг зорилгоо алдаж, ганц лонх архинд толгойгоо мэдүүлж амьдралаа үрнэ гэдэг бол залуу хүний явах зам биш.

Эр хүний хувьд миний залуучуудаас хүсэж явдаг нэг юм байдаг. Тэр бол хүн чанар, эр хүний жудаг. Манай архинд бүхнээ өгсөн бацаан нарт энэ нь даанч байхгүй шүү. Хүнээс юм салгаж, хүний мөнгөөр идэж ууж явбал хүсэл нь ханадаг. Өөрсдөө бол хүнд тамхи аваад татаарай гээд таван цаас ч сарвайж чадахгүй хоншооргүй нусгайнууд. Тэгсэн атлаа дусал архи амсчихаараа ам гэж атаман, ажил гэж саятан, мэдэхгүй чадахгүй юмгүй мэргэн түргэн болдог. Архичин хүнд өөдтэй юм өчүүхэн байдаггүйн үнэн энэ.

Архийг хүн уухгүй байна гэж байхгүй. Амсах үе зөндөө гарна. Харин зөв тааруулж ууж, соёлтой хэрэглэх хэрэгтэй. Архи бол хэрэглээ болохоос жимсний шүүс биш. Өдөр бүр уудаг цай биш. Архи уусан ч бусдад гай болохгүй, гэр бүлээ түйвээхгүй, амьдрал ахуйгаа алдахгүй, нэр төрөө сэвтүүлэхгүй явах нь чухал. Амслаа гээд алийгаа алдвал амьдрал чамд муу дүн тавина. Иймийн тулд тохируулга гэдэг юмыг чухалчилж яв…

Ууж дарвихаараа нэг л сайхан салахгүй найз нөхөд. Нэгнийх нь гэрт хоолны мах байхгүй, нөгөөгийнх нь эцэг эх өвдсөн өнгөрсөн тэдэнд падлий байхгүй. Хүний төлөө төрсөн юм шиг, хүний төлөө амьдарч байгаа мэт, хүний төлөө архи уусан юм шиг, хүний төлөө шартсан мэт гуйлга гуйсан хөгийн амьтад даа. Архинд орсон хүн яаж өөрчлөгдөж, хувирч “адгуус” хэмээх ангал нүх рүү тэмүүлдэгийг мянга гаруй Монголчууд амьдардаг баруун европын энэ жижигхэн улсын ээлтэй нэгэн хотод он жилүүдийг үдэхдээ би сайн ойлгосон юм. Тэд хэзээ ч хүнд тус болохгүй. Гай л болно. Худлаа инээж, хуурч мэхэлж, хулхины нар мандуулахаас ядарсан нэгэндээ тусалъя гэж яасан ч сэтгэл төвдөхгүй дээ…

Тэгээд тэдгээр архичдын дотор миний хамгийн итгэж явдаг дүү нар байдаг болохоор архичдыг архидуулахгүйн учир энэ удаа төрсөн өдрийн баяраа олныг бужигнуулж, од түгтэл хйигээгүйдээ би баяртай байна. Нэг газар удахаар нохой хүртэл бие биенээ таньдаг шиг олон жилийг нэг газар үдэж яваа болохоор архичин ч гэсэн бас бусдаас өөр дотно харагдана гэж байгаа. Цагаан сараар бол муусайн лүднүүд өглөө босоогүй байхад шуугилдаад ороод ирнэ л дээ.

Архи уусан хүн сайн нэртэй байх биш авгай хүүхэд, ар гэрийнхнээс нь нууж хаацайлах тусам даварна. Зүгээр мөрөөрөө архиа уухгүй охид хүүхнүүд эргүүлж уур хүргэнэ. Үхсэн буурийн толгойноос амьд ат айна гэж битүүхэндээ надаас гөлөлзөнө. Заримдаа ч олон юм яриад байвал духан дээр нь нясалчихдаг юм. Бас зальтай, хэд ч хамаагүй няслуулж байгаад хэдэн цаас салгахаа мэднэ. Заримдаа өрөвдөнө. Өөрөө тэдэнд архи аваачиж өгнө. Үнсэж үлгээд долоочих шахахад заримдаа гадны хүнээс ичнэ. Тэгэхэд тэд “юунд нь ичдэг юм бэ? Эд нар чинь бүгдээрээ гомо ч тээ” гэж инээлдэнэ.

Царай зүс нь өнгө алдаж, зан ааш нь ихэд өөрчлөгдсөн дөө. Анх уулзахад ямар хөөрхөн цэвэрхэн тос даасан гялалзсан залуучууд байлаа. Одоо хар… эрүүл охидууд яасан ч тоохгүй дээ. Эхнэрүүд нь яаж шөнө согтуу салгалаад очихоор нь нэг оронд хамт унтдаг байнаа. Угаалгын машинд жаран минут дэвтээхгүй бол архи тамхины үнэр нь арилахгүй биз дээ. Тэгж байгаад монгол бүсгүйчүүд дэндүү энэрэнгүй юм даа… Нөгөө согтуу толгой нь юу гэж зандарч байгаа бол?… Пида гэж хэлүүлчихээд шөнө бөөлжихөд нуруугий нь дарж өгдөг эхнэр монголоос өөр олдох уу… Хүний наад захын харьцааны соёл, найзалж үерхэхийн ариун нандин холбоос, хүний сэтгэлийн гал халуун хайрыг эс ойлгох тэд миний хувьд үл мартагдах хүмүүс л дээ. Сэтгэлийн угт нэг л зөөлөн хамрын самсаа шархируулах авч согтуу толгойнуудад нүүр өгөөд хэрэггүй биз дээ.

Би хэнээс хэзээ ч архины мөнгө гуйж явахгүй гэж их эрт андгай тангарагласан хүн. Эр хүн мөнчгөрөөрөө амьдрах ёстой гэдэг үзлийг хатуу баримталдаг. Амьд хүн амьтнаас архины мөнгө гуйна гэдэг бол өөрийгөө үхсэн гэж хэлсэнтэй адил гэж би боддог. Тэднээс би лааз шар айраг гуйхгүй нь ойлгомжтой. Харин тэдэнд миний халаасанд байдаг түрийвчтэй мөнгө шар тайлах хүслийг нь төрүүлдэг. Би ч зөндөө л өгсөн. Шар тайлахад нь олонтой тусалсан. Тэглээ гээд тэд хүний тусыг мэдэхгүй улам ахина. Өгөхгүй бол өмөлзөнө. Хоолойгоо зангируулан гомдоллож байгаад хорин франк салгана шүү дээ… Ямар байна даа, олигтойхон хоёр шил архи ууж чадахгүй байж архичин царайлж, гудамжинд дэлхий онож гишгиж чадахгүй гуйвахыг нь яана. Уур хүрээд хэмх нүдчихсэн ч эд надад гомдохгүй л дээ.

Даанч тийм арчаагүй архины бөглөөнүүдэд гар хүрч нэрээ бузарлаад яах вэ. Ууж чадахгүй, зодолдож чадахгүй, ажил хийж чадахгүй, амьдарч чадахгүй амьтны үрийг хайрлаж чадахгүй новшнуудад хүн гэдэг нэр ахадна. Хэдий архичин ч гэсэн хүний мөстэй хүмүүс байдаг даа. Манай эндэхийн залууст харин үгүй юм билээ. Тэд зүгээр л нэг хүний арьс нөмөрсөн хортой аалзнууд. Тиймдээ ч би тэднээс юу ч гуйхгүй, юу ч горьдохгүй гэж бодно. Угаасаа олхиогүйгий мэднэ… Гэхдээ нэг юм хүлээсэн байж болох юм байна.

Тэр нь ердөө хүний сэтгэл. Жаахан ухаан гаргаад архины мөнгө гуйхаасаа өмнө амар мэндийг минь асуудаг бол болох байсан бүлгээ. Төрсөн өдөр гэж худлаа яриад яах вэ. Ухаан нь хүрэхгүй амьтдад… Өнөөдөр хэн нэг нь тэднээс утастсан бол баярласандаа шүүгээнд хадгалсан “Чингис”-ээсээ нэгийг өгөх байсан биз. Тэд хүн баярлуулах хүмүүс биш. Харж байгаа биз дээ, архины найзууд ямар байдагыг… Тэгэхээр миний шийдвэр зөв байсан юм аа… Байнга архи ууж балаг тарьж явдагт нь би гомдчихсон юм бол уу? Утас дуугарах чинь. Хэн юм бол? Хөөе нэг нь байна… Дотор чинь ямар байна гэж асууж байна. Цаана нь нөгөө хэд нь байгаа бололтой ам амандаа шуугилдана. “Эрка ах аа, дотрыг чинь засаж өгье. Ганц юм аваад очъё гэж хэлээч” гэж надтай утсаар ярьж байгаа нэгнээ тэнэг мангараар нь дуудана… Намайг шартсан гэхэд тэд зуун хувь итгэлтэй байх нь… Дунд нь шил Чингис гаргаж “өр”-өө цайруулъя даа. Би ч тэгж байгаад найз нөхдөддөө хатуурхаж чаддаггүй, үерхэлдээ үнэнч хүн юм аа… Хүрээд ир гэж хэлэхээс өөр яах вэ?… Сэтгэл минь “шартсан” бол “тайлаг” тэд… Чих нь бөглөрсөн бол миний үгийг сонс…


URL:

Сэтгэгдэл бичих