Нэг нь шоронд, нөгөө нь гудамжинд явахад огт дуугарахгүй юм даа
Монгол Улсын парламентын түүхэнд анх удаа МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл хэмээх гуравдагч этгээд бий болсноор парламент гурван бүлэгтэй үйл ажиллагаа явуулж байна. Тэр ч бүү хэл олонхийн бүлгийг бүрдүүлж байгаа Ардчилсан намынхан гуравдагчдыг Засгийн газартаа урин ажиллуулж, улстөр гадарлах нэгний нүдийг орой дээр нь гаргасан билээ. Гэтэл хоёр хамтрагч МАХН-ын дарга Н.Энхбаярыг шоронд хорьж, МҮАН- ын дарга М.Энхсайханыг ажлаас нь халж орхилоо. Гуравдагчийн орон зайг хамтран арайхийж бүрдүүлсэн улстөрийн хүчний хоёр дарга ийнхүү нэг нь гудамжинд хөөгдөж, нөгөө нь шоронд хоригдож байхад тус эвслээс Засгийн газарт ажиллаж байгаа сайд нар болон УИХ-ын гишүүд ямар ч хөдөлгөөн хийхгүй байгаа нь хамгийн хачирхам зүйл болж байна. Намууд яах гэж эвсэл болж, хамтран зүтгэдэг талаар дурсах нь бүү хэл бодохын ч хэрэг алга. Хамгийн гол нь нам гэсэн сууриасаа эхлээд өөрсдийн гэсэн үзэл баримтлал, эв нэгдэл ч алга. Эдгээр гол үзүүлэлт байхгүй болохоор намын төлөвшил гэж яриад ч нэмэргүй. Хэрвээ улс орон, ард түмнийхээ төлөө, ядахад өөрсдийнхөө төлөө гэсэн сэтгэлээр нэгдсэн бол өнөөдөр нэгийг нь шоронд хорьж, нөгөөг нь гудамжинд хөөж гаргаж байхад ингэж суухгүй л байсан болов уу. Тэгэхээр шууд утгаараа энэ эвсэлд дарга, сайдын суудал горилогчид цугларсан нь илт харагдана. Нөгөө талаар гуравдагч хүчин гэж хэзээ ч байдаггүйг харуулсан хөгийн гэмээр түүхийн эхлэл ийн эхэлж байна. Гэхдээ энэ эвсэл эхэлсэн шигээ зурвасхан наслаад дуусна гэдэгт мөрий тавьсан ч алдахгүй болжээ.
Энэхүү гуравдагч хүчний богинохон намтрын эхлэлийг төрийн бүх өндөрлөгт заларч үзсэн Н.Энхбаяр, бас ч гэж төрийн өндөр дээд албан тушаалд ажиллаж байсан М.Энхсайхантай хүч хавсарснаар эхлүүлж байлаа. Парламентад 11 суудал авч, улмаар Засгийн газарт хамтран дөрвөн ч сайдын суудал авсан нь тус эвслийнхний хувьд ёстой л түүхэнд бичигдэх үйл явдал. Эл түүх бичигдэхэд нөлөөлсөн зүйл нь сонгууль анх удаа холимог системээр явагдсан, ард түмэнд өрөвдөх сэтгэлгээ төрүүлж чадсан явдал байв. Хамгийн гол нь АН эртнээс МАН-ын саналыг хуваах зорилгоор МАХН хэмээх нэрийг Н.Энхбаярт өгсөн нь гол хүчин зүйл болсон нь маргашгүй үнэн. Тэдний түүхийн эхлэл ердөө л энэ. Дуусах цэг нь ч ойрхон.
Гэтэл өнөөдөр гуравдагчдын орон зайд гарч ирээд улстөр хийж байгаа нөхөд намынхаа даргыг шоронд хоригдож байхад Засгийн газарт ажиллаж, бондын мөнгөний талаар том том дуугарч, юу ч болоогүй юм шиг явна. Тэдний нэг хэсэг нь намынхаа даргыг ажлаасаа хөөгдөж байхад суудалдаа шигдэж, санаа амар явж байна. Төлөвшил гэдэг зөвхөн намд ч бус хувь хүнд ч чухал шүү дээ. Тэгэхээр тус эвслийн олон мянган гишүүд ямар үзэл баримтлал дээр зогсч байгаагаа ч энэ өдрүүдэд ойлгож байгаа байх. Чухам ямар хүмүүсээр хүрээлүүлснээ ч хоёр дарга нь сайтар ойлгосон болов уу. Одоо даргагүй намын хэдэн нөхөд чухам ямар чиг баримжаа, үзэл баримтлалаар улстөр хийж явааг ч ойлгоход бэрх.
Сонгууль болохоос хэдхэн хоногийн өмнө квот горьдож очсон хэдэн сайд, гэнэтийн аз дайрч намын жагсаалтаар УИХ-ын гишүүн болсон баяр хөөрөө одоо ч дарж чадаагүй амьтад л сууна. Тэдний санаа зовниж байгаа зүйл гэвэл даргыг хорьчихлоо. Засгийн газраас гар гэх болов уу хэмээн бэмбэгнэж суугаа гэдэгт эргэлзэх хэрэг алга. Нөгөө хэсэг нь манай даргыг ажлаас нь халчихлаа, цаадах чинь зүгээр суухгүй дээ. Засгийн газраас гар гэвэл яана, нөхрөө ажилд оруулчихсан юм сан гэх мэт санаашрал л ордонд бүгэж байгаа байх. Ёстой л хөгийн түүхийг бичилцэж яваа энэ нөхөд хаанаас хаа хүрч шороодохоо мэдэхгүй ийм л зовлон эдэлж суугаа. Гудамжинд гарч, шоронд орсон хоёр даргыг нь эс тооцвол энэ нам эвсэлд ямар ч улстөрч алга, ямар ч эрүүл ухаантай хүн алга. Яагаад даргыгаа нарсанд тарчилж суухад, нөгөөг нь ажлаасаа хөөгдөж байхад юу ч дуугарахгүй байгаа хэрэг вэ.
Хоёрдугаар эмнэлэг, Зайсангийн дамжин өнгөрүүлэхэд намынхаа даргыг байхад улстөрийн нөхцөл байдал, элдэв тохироо хараад зүгээр сууж байлаа гэж бодъё. Гэтэл түүнд оноосон 2.6 жилийн ялыг биечлэн эдлүүлэхээр 441 дүгээр хорих анги уруу ачиж байхад юу ч дуугарсангүй. Харин улстөрч царайлсан хэдэн нөхдийн дэргэд өлсгөлөн зарлаж хэвтээ эхчүүд бол том улстөр хийж байгаа нь харагдана. Мэдээж хэрэг нийгэм даяар улстөрч царайлагчдыг энэ арга хэмжээг зохион байгуулж байна л гэж харж байгаа. Гэтэл тэдний үзэл бодол, төлөвшил лавтай Ч.Улаан, Д.Тэрбишдагва нараас хол давжээ. Нөгөө Г.Уянга, З.Баянсэлэнгэ, О.Баасанхүү энэ тэр бол яахав дээ, “үзээгүй юмаа үзэж, үхэр цамаа харайж” байгаа хүмүүс учраас өршөөхөөс өөр аргагүй. Улстөрийн тогоонд олон жил чанагдаж, сайдын суудалд хоёр, гурван удаа залраад байгаа нөхөд бол ичиж үхмээр юм.
URL:




